Categories
мэдээ эдийн-засаг

Арилжааны банкаар дамжихгүй зээл авах боломж олдох нь

Арилжааны банкны өндөр шалгууртай зээлэнд хамрагдахгүйгээр байр авах боломж гэр хорооллынхонд байна. Эхний хоёр гурван жилдээ түрээсийн хэлбэрээр төлбөрөө төлөх нь. Тэгээд ипотекийн зээлд хамрагдах аж. Орон сууцны метр квадратын үнэ нь ч боломжийн. Сая нэг зуун мянган төгрөг гэсэн тооцоог төсөл хэрэгжүүлэх талууд хийжээ.

“Төлбөрийн чадварт нийцсэн орон сууц ба хотыг дахин шинэчлэх” гэсэн нэртэй төслийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар Сангийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Энэ төслийн хамрах хүрээ, санхүүгийн зохицуулалт, бэлтгэх үйл явцыг тохирсон санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаа хоёр өдрийн өмнө болсон юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Сангийн сайд Б.Болор, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шоелхаммер нар санамж бичигт гарын үсэг зуржээ. Урьдчилсан байдлаар төслийн нийт өртгийг 540 сая ам.доллар гэж тооцжээ. Гэр хорооллынхонд зориулсан хямд өртөгтэй орон сууцыг л барихад 70-100 мянган ажлын байр шинээр нэмэгдэнэ гэсэн судалгааг ч гаргасан байна. Хямд байрнуудыг хотын дэд төвүүдийг түшиглэн барих гэнэ. Нийтдээ 130 га газарт 10 мянган айлын орон сууц баригдах нь. Эхний ээлжинд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд ажил нь эхэлжээ.

Төслийн ТЭЗҮ-ийн судалгаа ирэх оны есдүгээр сард дуусах аж. Засгийн газар, Азийн хөгжлийн банкны захирлуудын зөвлөл 2017 оны эхээр ТЭЗҮ-ийг нь баталж, төсөл албан ёсоор хэрэгжиж эхлэх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *