Categories
мэдээ цаг-үе

Д.Золбоо: Си Жиньпиний айлчлалыг Хятад, Британийн харилцаанд алтан үе эхэллээ гэж тодорхойлсон

БНХАУ-ын дарга Си Жиньпин өнгөрсөн долоо хоногт Британид дээд хэмжээний айлчлал хийсэн билээ. Түүний айлчлалын эргэн тойрон дахь сэдвээр ШУА-ийн ОУХХ-гийн Бүс нутаг, олон улсын байгууллагын салбарын эрхлэгч Д.Золбоотой ярилцлаа.

БНХАУ-ын дарга Си Жиньпин Их Британид айлчилсан үйл явдал дэлхий нийтийн анхаарлыг татсан. Ямар зорилготой айлчлал болов?

-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улс болон БНХАУ-ын харилцаа түүхэн судар бичгүүдэд анх 1596 онд суурь тавигдсан гэж тэмдэглэгдэн үлдсэн нь бий. Энэ хоёр улсын харилцааны түүх олон арван амжилт, сорилтыг туулж ирсээр өнөөдөртэй золгосон. Хятадын өрнөдийн улс орнуудтай харилцахад хүний эрх, Тайвань, Хонгконг, Түвдийн асуудал зэрэг эмзэг сэдвээс гадна 2012 онд Британийн Ерөнхий сайд Далай ламыг хүлээн авч уулзсан нь хоёр талын харилцаанд зарим талаар үл ойлголцлыг бий болгоод байсан билээ. Энэ бүх байдлыг даван туулж өндөр дээд хэмжээний айлчлалыг амжилттай зохион байгуулсны гол учир холбогдол нь эдийн засгийн асуудал гэж дүгнэж болохоор байна. Учир нь 2005 онд тухайн үеийн Хятадын удирдагч Ху Жинтаог Британид айлчилснаас хойш Хятадын эдийн засаг ихээхэн хурдацтай өссөн. Тухайлбал, гадаад валютын нөөц нь 3.5 триллионд хүрч, өнгөрсөн арван жилийн хугацаанд зөвхөн Британид л гэхэд нийтдээ 30 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.

Си Жиньпин Их Британид нэлээд олон хоногоор айлчиллаа. Энэ хугацаанд юу юу амжуулав?

-БНХАУ-ын дарга Си Жиньпин 2012 онд төрийн өндөр дээд албан тушаалд сонгогдсоноос хойш анх удаагаа Британи улсад айлчлахдаа дөрөв хонолоо. Тэрбээр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Британид айлчилж буй анхны Хятадын дарга болж байна. Дэлхийн улс орнуудын төрийн дээд хэмжээний айлчлалын цар хүрээ, ач холбогдлыг хэд хоног үргэлжлэхээс нь гадна зөвхөн тухайн улсдаа зорьж очоод, өөр улс орноор дамжилгүй шууд эх орондоо буцаж байгаагаас нь харж болдог. Энэ практикаас хоёр тал хэр хэмжээний ач холбогдол өгч байсныг нь харж болно.

Дээд хэмжээний зочид тухалдаг Букингемийн ордон дахь Белгийн харшид Хятадын удирдагч тэргүүн хатагтайн хамтаар буудалласан. Британийн хэвлэлүүд энэ тухай бичихдээ ханхүү Уильям болон гүнж Кейт нар тэдний буудалласан өрөөнд хуримынхаа шөнийг өнгөрүүлсэн хэмээн тодотгосон байгаа юм. Мөн тэрээр Манчестер хотын Etihad Stadium цэнгэлдэх хүрээлэнгээр зочилсон байна. Си Жиньпин Хятад улсын дарга болохоосоо өмнө дэвшүүлж байсан үндсэн гурван зорилгын нэг хөлбөмбөгийн ДАШТ-ийг өөрийн эх орондоо зохион байгуулах бөгөөд хэзээ нэгэн цагт Хятадын баг аваргын титэм хүртэх болно гэдэгт итгэж явдаг нэгэн гэдэг. Түүнийг Хятадын удирдагч болсноос хойш хөлбөмбөгийн хичээл дунд сургуулийн сурагчдын заавал үзэж суралцах хичээлийн хөтөлбөрт багтсан.

Хятадын өнөөгийн тэргүүн хатагтай нөхрөө олонд танигдаж нэрд гарахаас өмнө алдартай болсон нийтийн дууны томоохон од юм. Одоо бол нөхрийнхөө албан ёсны дээд хэмжээний айлчлалд оролцож, хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд байж, чимдэг болсныг та бүхэн харсан байх. Сонирхуулахад удирдагчийн анхны эхнэр нь өнөөг хүртэл Британид амьдардаг бөгөөд 1980-аад оны үед Хятадаас Лондонд сууж байсан элчин сайдын охин.

Айлчлалын эхний өдөр Си Жиньпин Букингемийн ордонд болох дайллагад оролцож, Вэстминстерт парламентын гишүүдэд хандаж үг хэлсэн. Энэ үеэр тэрээр Их Британи болон БНХАУ-ын харилцааг стратегийн иж бүрэн түншлэлийн түвшинд аваачих “алтан үе”-д хоёр тал хамтдаа шилжинэ гэж найдаж байгаагаа онцолсон юм. “Хятад, Их Британи улсууд Евразийн эх газрын хоёр талд оршдог хэдий ч хамтын ажиллагааны өргөн боломжууд байгаа нь энэ удаагийн айлчлалын эхний өдрөөс харагдаж байна” гэсэн.

Их Британийн зүгээс Си Жиньпиний айлчлалын үр дүнг хэрхэн тодорхойлж байгаа вэ. Энэ үеэр талууд ямар тохироонд хүрч чадсан бол?

-Британийн Ерөнхий сайд Дэвид Камерун “Хятадын даргын айлчлалыг хоёр орны хооронд хийгдэж буй томоохон алхам боллоо” гэж онцолсон бөгөөд хоёр орны хувьд “алтан үе” эхэллээ гэж тодорхойлжээ. Цөмийн энерги, гангийн үйлдвэрлэл, хүний эрх, цахим довтолгоон гээд цөөнгүй сэдвээр төрийн тэргүүнүүд ярилцсан байна.

Британи нь Хятадын баруун дахь хамгийн дотно түнш байхыг эрхэмлэж буй хэмээн Британийн Сангийн сайд Жорж Озборн өнгөрсөн сард Хятадад айлчлахдаа мэдэгдэж байсан юм.

Си Жиньпин гэргий Пэн Лиюангийн хамт Лондонгийн Букингемийн ордонд болсон хүлээн авалтад саатсан. Хүлээн авалтын үеэр хатан хаан II Элизабет болон Си Жиньпин дарга нар үг хэлсэн л дээ. Хятад Их Британийн харилцаа тасралтгүй хөгжиж буй нь хоёр орон түүнчлэн дэлхий нийтэд үр өгөөж хүртээж байхыг өндрөөр үнэлжээ. Мөн хоёр орны бүх талын стратегийн түншлэлийн харилцааг цаашид хөгжүүлэхийг хоёр төрийн тэргүүн санал нэгтэй онцолжээ. Тухайлбал, Си Жиньпин “Энэ онд Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон фашизмын эсрэг дэлхийн ард түмний дайны ялалтын 70 жилийн ой, мөн түүнчлэн НҮБ байгуулагдсаны 70 жилийн ой тохиолоо. Манай хоёр орон дэлхийн хоёрдугаар дайны талбарт хамт байлдаж явахдаа үхэж сэхэхээ хамтатгаж явсан чин журам, нөхөрлөл мөнхрөх ёстой. НҮБ-ыг үндэслэгч гишүүн орон ба Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орны хувьд манай хоёр орны мөрөн дээр дэлхийн энх тайван хөгжлийн ариун үүрэг тавиастай байна. Тиймээс Хятад, Британийн харилцаа урагшлан хөгжих нь тухайн хоёр оронд ашигтай бөгөөд дэлхий нийтэд өгөөжтэй юм” хэмээн хэлснийг Хятадын Олон улсын радио, телевизийн хуудсанд онцолсон байна.

Хятад, Британийн худалдаа, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал ямархуу үзүүлэлттэй байгаа вэ?

-Сүүлийн жилүүдэд Хятад, Британийн худалдаа эдийн засгийн харилцаа эрчимтэй хөгжиж байна. Британи бол Хятад улсын хувьд Европын холбоон дахь хоёрдогч том худалдааны түнш. Мөн хоёрдогч том бодит хөрөнгө оруулалтын эх үүсвэр болон хөрөнгө оруулалтын зорилтод орон юм. Хятад улс бол Британийн дөрөвдөгч том худалдааны түнш бөгөөд 2014 онд Хятад, Британийн хоёр талт худалдааны хэмжээ 80.87 тэрбум ам. доллар болж, өмнөх оныхоос 15.3 хувиар нэмэгдсэн. Энэ үзүүлэлт нь Хятад болон Европын холбооны голлох худалдааны түншүүдийн дотор хамгийн түрүүнд бичигдэж байна. Хоёр талт хөрөнгө оруулалтын талаар, энэ оны наймдугаар сарын сүүлч хүртэлх байдлаар Британиас Хятадад хөрөнгө оруулалт хийсэн төсөл 7992 байгаа бөгөөд нийт 19.61 тэрбум ам.долларын бодит хөрөнгө оруулалт хийгдсэн дүнтэй байгаа. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятадын хөрөнгө оруулалтыг хамгийн их хүртсэн орон нь АНУ байсан бол 2012 оноос Британи, Австрали энэ байр суурийг эзлэх болоод байна. Өнгөрсөн жилийн эхний хагасын байдлаар Их Британид 24 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан нь Европын бусад оронтой харьцуулбал тухайлбал, Францаас хоёр дахин их байгаа юм. Одоогийн байдлаар Их Британид Хятадын 500 компани хөрөнгө оруулалт хийгээд байгаа.

Хятад улс нь хэдийгээр Британийн хамтын нөхөрлөлийн гишүүн улсад багтдаггүй боловч Британид суралцаж буй гадаад оюутны тоогоор Хятад улс 90 мянга гаруй залуус төрөл бүрийн мэргэжил, түвшинд суралцаж байгаагаараа тэргүүлдэг юм. Харин 2001 оны Британийн хүн амын тооллогоор 247 мянган хятад гаралтай иргэн амьдардаг хэмээн бүртгэгдсэн байдаг нь нийт хүн амынх нь 0.4 хувийг бүрдүүлдэг байна.

Англичууд хятад иргэдэд олгодог визний журамдаа өөрчлөлт оруулахаа мэдэгдлээ. Өмнө ямар нөхцөлөөр виз олгодог байв?

-Айлчлалын үеэр Британийн Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Хятадын жуулчдад олгодог визнийхээ нөхцөлийг хөнгөвчлөхөө мэдэгдсэн нь Хятадын дунд давхаргынхны жуулчлалын урсгалыг өөртөө татах, аялал жуулчлалын салбарт томоохон хөрөнгө оруулалт болно гэж найдаж байна. Тухайлбал, өнөөдөр Хятад иргэдэд 130 ам.долларын үнэтэй зургаан сарын виз олгодог байсныгаа үнийн ижил нөхцөлөөр хоёр жилийн хугацаатай олон удаа орж гарах виз олгохоор болж байх шиг байна. Энэ хугацааг нь цаашдаа 10 жил хүртэл олгодог болгох төлөвлөгөөтэй гэж бичиж байна. Өнгөрсөн 2014 оны байдлаар ойролцоогоор 185 мянга орчим жуулчин Британид зочилж, 500 сая орчим фунт стерлингийн орлого оруулсан нь нэг жуулчин ойролцоогоор 2700 орчим фунт стерлингийг зарцуулсан гэдэг тооцоог “Ройтерс” агентлаг дурдсан байгаа юм.

Си Жиньпиний энэхүү айлчлалын хүрээнд эдийн засаг, санхүүгийн үр дүн ямар байв?

-Айлчлалын үеэр Хятадын гадаадтай гэрээт төслөөр харилцах худалдааны нийгэмлэг, Британийн худалдаа, хөрөнгө оруулалтын ерөнхий газар хамтран “Дөрөв дэх удаагийн Хятад, Британийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт болон хамтын ажиллагааны чуулга уулзалт” зэрэг багц арга хэмжээ зохион байгуулагджээ. Си Жиньпиний албан ёсны айлчлалд Хятадын 100 гаруй бизнес төлөөлөгч дагалдаж байгаа юм. Төрийн болон бизнес уулзалтуудын үеэр талууд 46 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүхий эрчим хүч, санхүү, үл хөдлөх хөрөнгө, эрүүл мэнд автомашин тоног төхөөрөмжийн салбарын 150 гаруй гэрээ, хэлцэлд гарын үсэг зурсан байна.

Бээжинд ирэх 10 жилийн хугацаанд Лондонд 105 тэрбум фунт стерлинг (ойролцоогоор 163 тэрбум ам.доллар) хөрөнгө оруулалт хийнэ гэж шинжээчид таамаглаж байна. Хоёр улс цөмийн эрчим хүч, өндөр хурдны төмөр зам зэрэг томоохон төслүүд дээрх хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр зорьж байгаа. Иймээс ч энэ удаагийн айлчлалаар хийгдэх хамгийн том гэрээ нь Британид цөмийн эрчим хүчний станц барих төсөлд хөрөнгө оруулалт хийх, мөн хуучин цөмийн цахилгаан станцын тоног төхөөрөмжийг шинэчлэх гэрээ. Британийн хүрээлэн буй байгаль орчинг хамгаалагчид энэхүү гэрээний эсрэг байгаа ч Засгийн газрын эрх баригчид олон тэрбум фунт стерлингийн гэрээг хийх болсон тухайгаа мэдэгдсэн.

Хятадын удирдагч Британийн хамгийн том дэд бүтцийн төслүүдийн нэг болох Лондон-Манчестер өндөр хурдны замын төсөлд хөрөнгө оруулалт хийхээр хүлээгдэж байна. Британийн эрчим хүч, эрүүл мэнд, технологи, санхүү, агаарын тээвэр, боловсролын салбарт хийсэн хөрөнгө оруулалтын үр дүнд нийтдээ 3900 ажлын байр бий болохоор төлөвлөсөн байна лээ.

Хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр бүхэлдээ энэхүү айлчлалыг “Алтан үе” гэж тодотгосон. Тэгвэл Түвдийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид эсэргүүцэн тайван жагсаал, цуглаан зохион байгуулсан үйл явдал боллоо. Үүнийг талууд хэрхэн хүлээж авсан бэ?

-Хятадын удирдагчийн төрийн дээд хэмжээний албан ёсны айлчлалыг дээр дурдсан цөмийн цахилгаан станц барихыг эсэргүүцсэн байгаль хамгаалагчдаас гадна хүний эрхийн төлөө тэмцэгчид болон Түвдийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид эсэргүүцэн тайван жагсаал, цуглаан зохион байгуулсан. Тухайлбал, хүндэт зочдыг төрийн ёслолын хүндэтгэлийн сүйх тэргээр хааны ордонд хүрэлцэн ирэх замд Түвдийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид үзэл бодлоо илэрхийлэн эсэргүүцэж байгааг телевизүүдийн гэхдээ ихэнхдээ барууны телевизүүдийн дэлгэцнээс харсан байх. Эдгээрээс гадна сар гаруйн өмнө Британийн гадаад хэргийн сайд Хятадад хийсэн аяллынхаа үеэр Шинжаан Уйгарын бүс нутгаар очиж, нөхцөл байдалтай нь танилцаж байгаа талаар мэдээлсэн нь исламын шашинт зарим нэгэн улс орнуудаас Британийн байр суурийн талаар эргэлзсэн байр суурь илэрхийлж байсныг дурдах хэрэгтэй болов уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *