Categories
мэдээ цаг-үе

Хувийн өмч vs Улсын өмч

АНУ-ыг үндэслэгчид. Европоос
гарч “Шинэ тив” буюу Америкт очихдоо далайн болон элдэв халдварт өвчин, өлсгөлөн
зэргээс болж замдаа хамт гарсан хүмүүсийн хагасыг үрэгдүүлсэн энэ хүмүүс “юу ч үгүй
тэр газар” очиж дэлхийн хамгийн хөгжилтэй гүрнийг бий болгосон юм.

АГУУЛГА: (Эдийн засгийн либертари онолын үргэлжлэл)
(Яагаад хувийн өмч гэж? Дутагдахуй нь хувийн өмч үүсэх шалтгаан мөн. Халамжгүй халамж.
“Үнэгүй хоол” хэмээх зохиомж, татвар хэмээх дээрэм, даатгал хэмээх хуурамбайн тухай.
Татвараас чөлөөлөгдөх өдөр. Улсын өмч, тэр нь яагаад үр ашгаа өгдөггүй вэ?)

ЯРИАНЫ СЭДЭВ:

Би
нэгэн байгууллагатай 10 сая төгрөгийн гэрээ хийж, ажлаа гүйцэтгэчихээд мөнгөө авах
гэтэл есөн сая төгрөг өгдөг юм байна. Нэг саяыг нь төр дундаас нь “туучихжээ”, тэр
мөнгө хэн нэг дарга юм уу, түүний эхнэр хүүхдийн машины бензинд явж байгаа даа.
Ажил, хөдөлмөр хийж арайхийж хэдэн төгрөг олсны маань 10 хувийг төр хүчээр авч,
өөрийнхөө хүмүүст өгөөд байдаг, үнэхээр харамсалтай. Тэр байгууллага 10 саяыг зарлагадсан
нь үнэн юм чинь 10 саяар хийлгэсэн гэж ярина, би есөн саяыг авсан нь үнэн юм чинь
есөн саяар хийсэн гэж ярина. Ингээд бид хоёрын хэн хэн нь хохирч, юу ч хийгээгүй
төрийн хүн дундаас нь хожоод л өнгөрч байгаа юм.

Энэ
бүхний талаар Х.Х-д хэлэв. Мань эр өлгөж аваад ярьж байна аа. Түүний хэлж байгаагаар,
саявтар телевизээр төрийн нэг зүтгэлтэн татварын ач холбогдлын тухай мөн ч их сургаал
айлдсан гэнэ. Монголын иргэд бид “татвар төлөгчдийн долоо хоног” гэгчийг тэмдэглэж
байгаа аж. Манай улсад тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн
долоо хоног” гэж үздэг юм байна. Тэгээд л тэр түшмэл татварын ач холбогдлын тухай
баахан юм ярьсан юм байх. Бидний төлсөн татварын мөнгө боловсрол, эрүүлийг хамгаалах,
цэрэг арми, цагдаад очдог тухай, гудамж талбай гэрэлтүүлэхэд зарцуулагддаг тухай
гээд нөгөөх улиг болсон сэдвүүдээ ярьсан бололтой. Ихэнх тохиолдолд энэ бүхэн худал
болохыг илчлэхэд бид хоёрын ээлжит яриа чиглэсэн юм.

Х.Х: -Дэлхийд хамгийн
чөлөөт эдийн засгийн системийг амжилттай байгуулсан орон АНУ мөн үү? Америкт Европын
цагаачид очоод, эдийн засгийн ямар тогтолцоог буй болгосон юм бэ гэсэн энгийн асуултаас
яриагаа эхлэх үү?

“Төр ядууст
халамж үзүүлэхдээ яг л ингэж харьцдаг.”

Б.Б: -Тухайн үеийн Америкийн колониудыг (Европын
цагаачдын очоод бий болгож байсан нэгдэл, хамтран аж төрөх хэлбэрийг ингэж нэрлэдэг.
Б.Б.) эдийн засгийн боолчлол, эрхтэн ямбатны дарлал, дундад зууны оюун санааны хүлээснээс
зугтаж очсон хүмүүс бий болгосон. Тэд Америкт ирээд урьд нь хэний ч өмч биш, зөвхөн
бурхны мэдэлд байсан газар-шороо, эд юмсад өөрийн хөдөлмөрийг “шингээсний” (Локкийн
хэлснээр) үндсэн дээр тухайн юмсыг өмчлөх эрхийг олж авсан юм. Тухайн зүйлд шингээсэн
хөдөлмөр нь уг зүйлийг эзэмших эрхийг нээж өгчээ. Тэдгээр цагаачид нэг л зүйлийг
яс махандаа хүртэл ухамсарладаг байв. Тэр нь юу вэ гэвэл, хэн нэгний цаг заваа барж,
хүч хөдөлмөрөөрөө бүтээсэн зүйлийг өөр нэгэн ирээд (жишээ нь, төр өөрийн цагдаа,
түшмэлийг явуулаад) авчихаж болохгүй гэсэн зарчим. Тухайн хүний бүтээсэн зүйлийг
хүн авч болохгүй юм бол тэр хүн ч бусдын хүч хөдөлмөр, цаг заваа заран байж бүтээсэн
зүйлийг авч болохгүй гэсэн үг.

Х.Х: -Америкт очсон Европын
цагаачид гэхээс либертариуд цагаачлалын асуудлыг эерэг талаас нь авч үздэг юм шиг
байна лээ, тийм үү?

Б.Б: -Хүмүүс улс төрийн дарлал, эдийн засгийн боолчлолоос
зугтаж, хаа нэг газар (улс-оронд) амьдрах эрхтэй. Энэ бол амьдрах, эрх чөлөөтэй
байх, өмчтэй байх гэсэн төрөлх эрхээс урган гардаг шаардлага. Чөлөөт цагаачлал байхгүйн
улмаас одоо олон оронд маш олон хүн зовж, тарчилж байна. Дашрамд хэлэхэд, АНУ анхнаасаа
л цагаачдын эх орон шүү дээ.

Х.Х: -Тэгэхээр өмч гэж
юу болохыг тодруулснаар яриагаа эхэлбэл яасан юм бэ?

Б.Б: -Амьдрал, эрх чөлөөгөөрөө бий болгосон бүх
зүйл тань таны өмч. Өмч гэдэг бол хөдөлмөрийн тань үр шим. Зарцуулсан цаг хугацаа,
хүч, авьяасын тань төлөөсөнд ирж буй зүйл.

Х.Х: -Тэгвэл Пьер Жозеф
Прудон 1840 онд бичсэн Өмч гэж юу вэ? хэмээх бүтээлдээ “Өмч бол хулгайч” гэсэн тодорхойлолт
өгч, шуугиан тарьж байсныг юу гэх вэ?

Б.Б: -Тийм ээ, энэ бол түүний цэвэр социалист байр
суурин дээр байх үедээ өгсөн тодорхойлолт. Прудон ч оюун санааны их хувьслыг дамжсан
хүн шүү дээ. Сүүлдээ анархист болсон.

Энэ
бүхэн яах вэ. Би хэллээ, Прудон социалист байран дээр байхдаа тэр үгийг хэлсэн гэж.
Социализм бол хэн илүү бүтээлч, илүү ухаалаг, илүү авьяаслаг байна, түүний хөдөлмөрийг
нөгөөдүүл нь мөлжиж байдаг нийгмийн байгууламж шүү дээ. Харин социализмын энэ шинжийг
зах зээлийн нийгэмд тод томруун харуулдаг ганц үзэгдэл бол төр юм.

Либертариуд
өмчийг бүтээлч хүч гэж үздэг. Өмчлөх эрх бол асуух ёсгүй гурван эрхийн нэг. “Чи
яагаад өмчтэй байгаа юм бэ?” гэж асуух нь “Чи яагаад амьдрах гээд байгаа юм бэ?”,
“Чи яагаад эрх чөлөөтэй байгаа юм бэ?” гэж асуухтай адил утгагүй сонсогддог.

Х.Х: -Би Прудон шиг “өмч
бол хулгайч” гэх гээгүй л дээ. Гэхдээ өмчтэй холбоотойгоор дандаа муу муухай зүйл
гараад байх шиг?

Б.Б: -Манайд л ийм байгаа юм. Энэ нь үндэстний
ёс суртахуун, соёл, уламжлалтай холбоотой. Тэгээд ч манайд жинхэнэ капитализм биш
хулгай, дээрэм, тонуул, залилангийн капитализм байна.

Х.Х: -Хувийн өмчид сайн
тал гэж байна уу? Хувийн өмчийг тэгш бус байдлын уг сурвалж гэдэг шүү дээ?

Б.Б: -Сүүлийн асуултаас чинь эхэлье. Тэгш байдал
гэдэг маань өөрөө асар шударга бус байдлын илэрхийлэл шүү дээ.

Х.Х: -Тийм гэж үү, яахаараа
тийм байдаг билээ?

Б.Б: -Энэ ертөнц дээр оюун ухаан, авьяас чадвар,
хөдөлмөрлөх хүч чадал, авхаалж самбаагаараа яг ижил хоёр хүн гэж хаана ч байхгүй.
Гэтэл дурдагдсан энэ бүх зүйлс бол баялаг бүтээх хүчин зүйлс. Баялаг бүтээх хүчин
зүйлс хүн бүрт өөр, өөр байдаг тул үр дүн нь ялгаатай байх нь зүй. Гэтэл хөдөлмөрийн
бүтээмж ихтэй хүний хөдөлмөрийн үр дүнг хөдөлмөрийн бүтээмж багатай хүнд тэгш хувааж
өгнө гэдэг бол шударга үйлдэл байж чадах уу? Ингээд байх юм бол залхуу нь хөдөлмөрч
хүмүүсээ мөлждөг нийгэм бий болно. Социализм гэдэг ердөө ийм л нийгэм байсан шүү
дээ. Хөдөлмөр, авьяас чадвар, оюун ухаанаа маш үр дүнтэй ашиглаж байж бий болгосон
зүйлээ юу ч хийдэггүй хэн нэгэнтэй хуваагаад байх юм бол бусдаас илүү хөдөлмөрлөж,
ухаан гаргаж, авьяасаа шавхаж байх хэрэг юу байна.

Х.Х: -Хувийн өмчийн сайн
тал гэж дээр асуусан?

Б.Б: -Хувийн өмчтэй хүн баялаг бүтээх тал дээр
улам бүтээлч, хөдөлмөрч болдог. Адам Смит хувийн өмч гэсэн урамшуулал байсан учраас
хүн бусдад (нийгэмд) хэрэгтэй зүйл бүтээж, түүнийхээ үндсэн дээр өмчөө арвижуулах
сэдэлтэй байдаг гэсэн. Улсын байгууллагад бол ийм сэдэл бараг байдаггүй.

Х.Х: -Яагаад?

Б.Б: -Хувийн өмчтөнүүд асуудалд хандахдаа танил
тал, арын хаалганы үүднээс биш нийгмийн агуулгаар ханддаг. Учир нь нийгмийн хүсэж
буй зүйлийг бүтээхгүй бол өмч нь арвижихгүй. Өмчийн эзэн өмчөө нийгэмд хамгийн хэрэгцээтэй
газар байршуулж, үр дүн өгөхүйцээр ашигладаг. Тиймээс хувийн өмч бол өмчийн эзний
төдийгүй нийгмийн хөгжлийн үндэс. Улсын байгууллагын дарга чадвар муутай танил тал,
хамаатан саднаа ажилд авлаа гэхэд өөрөө хохирдоггүй. Дарга ч тэр, танил нь ч үр
бүтээлтэй ажилласан ч, бүтээмж муутай ажилласан ч улсаас авдаг цалингаа л авна.
Ийм учраас ажил хийдүүлдэг, бүтээлч бус хүмүүс улсын байгууллагад ажилд орох дуртай
байдаг. Хувийн компанид ийм байх аваас бүтээмж буурч, орлого хомсодсоноор компани
дампуурах учир эзэн нь боловсон хүчний асуудал дээр шударга байж л компаниа өсгөж
өндийлгөдөг.

Жишээ
авч харьцуулах юм бол хувийн өмч, төр хоёр эрс өөр зан чанартай, хоорондоо таардаггүй
хүмүүс л гэсэн үг. Учир нь хувийн өмчийг шударга, чөлөөт, бүтээлч, өрсөлдөөнт, эрэлттэй
гэх мэт шинжүүд дагалддаг бол төрийг дагалдан хүчирхийлэгч, дангаар ноёрхсон, өрсөлдөөнгүй,
бусдын хөдөлмөрийг мөлжсөн, танил тал дээр тулгуурласан, авлигач гэх мэт шинж гарч
ирдэг. Иймээс энэ хоёр бие, биедээ харшилтай байхаас өөр арга байхгүй.

Хувийн
өмчийн нэлээд ач холбогдолтой үр дагавар бол төрөөс хараат бус байх бололцоо олгодог.
Уг чанараараа ийм байхаас аргагүй. Учир нь өмчтэй хүн төрөөс халамж, өглөг горьддоггүй.

Х.Х: -Төрөөс өгч буй халамж,
өглөгийн муу гэж юу байх вэ дээ?

Б.Б: -Муу тал бас байна аа. Төрөөс халамж авч буй
хүн өөрийн төлөө бусдыг дээрэмдэх бололцоог төрд олгож байдаг. Төр, халамжлуулагчид
мөнгө өгөхийн тулд өөр нэгнийг дээрэмдэх далимтай болж байна. Иймд төрийнхөн халамж
гуйж буй хүмүүст их тааламжтай ханддаг. Тэд халамж нэхэгсдийн хүсэлтийг сонсоод,
хөхин баясаж “За, та нар хар, нийгэмд халамж шаарддаг хүмүүс байдаг юм” гээд баялаг
бүтээгчдээс авах татвараа нэмэгдүүлнэ. Тэгээд дундаас нь асар их мөнгө зувчуулан,
төрөө данхайлгахад (ер нь, хувьдаа ашигладаг гээд хэлчихэд хол зөрөхгүй) зориулдаг.
Тийм учраас л Кэн Скүландын зохиолын баатар Жонатан “Хүн өөрийн төлөө төрийг бусдын
эсрэг турхирч болохгүй” хэмээсэн байдаг.

Халамжийн
өөр нэг муу тал нь хүнийг хариуцлагагүй, арчаагүй, бусдын гар харамтгай болгодог.
Халамж гэдэг бол өөрийгөө болон нэр төрөө боддог хүмүүсийн хувьд дорд үзсэн нэр
томъёо. Халамж авах гээд дараалалд зогсох, теллер хүүхний доромж харьцааг тэсвэрлэх
нь өөрийгөө ихээхэн хэмжээгээр доош хийж буй хэрэг мөн.

Харж
байхад мөн ч олон халамж байх юм. Хэзээ зах зээлийн нийгэм, капитализм ийм байсан
юм. Ердөө л социализм. Нэг хэсэг нь иргэд, залуучуудаа зах зээлийн мэдлэг, ухамсар,
дадал заншилтай болгох гэж ядаад байдаг. Гэтэл улстөрчид нь социализм руу “уруу”
татаад л. Ер нь Монголын ардчилагчид социализмаас сөөм хүрэхгүй зайд байдаг хүмүүс
шүү дээ. Энэ нь тэдний явуулж буй бодлого, хэлж ярьж буй зүйлс, улс төрийн нэгдэж
салах явцаас нь илт харагддаг.

Х.Х: -Монголын төр яагаад
халамжлах дуртай байдаг юм бэ. Манайх хөгжингүй орныг бодвол тийм баян биш, гэтэл
тэднээс дутуугүй халамжийн бодлого явуулах юм.

Б.Б: -Тэр ойлгомжтой, өөрийнх нь халааснаас мөнгө
гардаггүй болохоор халамжлах дуртай байдаг юм. Халамж гэдэг бол төрийн хувьд өөрийгөө
нийгэмд хэрэгтэй гэж үзүүлэх хамгийн том боломж (далим). Халамжаар далимдуулан,
өөртөө асар их мөнгө унагадаг. Ядууст халамж үзүүлэх нэрээр биднээс авсан 1000 төгрөг
тутмаас 600-гаадыг мөнгө цуглуулах, зохион байгуулах, гэрээ хэлцэл, халамжийн мөнгө
тараахад гаргасан зардал нэрээр өөртөө үлдээдэг.

Монгол
төрийн велфар бодлого (халамжийн бодлого) бол товчоор хэлэхэд, хуурамч хөөрхийлөл.
Халамжгүй халамж.

Х.Х: -Тэгээд ч манайхан
“үнэгүй хоолонд” нугасгүй дуртай болохоороо халамжийн бодлогыг их дэмждэг юм байх
аа даа.

Б.Б: -Дахин дахин хэлэхэд, халамжийн бодлого явуулахдаа
төр ихээхэн өгөөмөр сэтгэл гарган, “үнэгүй хоол” өгч буй мэт сэтгэгдэл төрүүлэхийг
хичээдэг. Гэтэл “Үнэгүй хоол” гэдэг бол эдийн засгийн утгаараа хамгийн утгагүй,
хаана ч байдаггүй зүйл. Ямар ч бараа таваар, үйлчилгээг хэн нэгэн цаг заваа баран,
хүч хөдөлмөрөө шингээн байж бий болгодог. Халамжаар тарааж буй тэр мөнгө, бараа
таваар тэнгэрээс бэлнээр буугаад ирдэг юм биш. “Үнэгүй хоол” гэдэг бол уг бараа
таваар, баялгийг бүтээсэн хүмүүсийн хүч хөдөлмөрийг үгүйсгэн, тэдгээрийн бий болгосон
гавьяаг өөртөө авах гэсэн төрийн оролдлого.

Үнэгүй
боловсрол, үнэгүй эрүүл мэндийн систем гэх мэт нь ямар нэг бараа таваар, үйлчилгээг
хүн хөдөлмөрлөхгүйгээр бий болгодог гэдэгтэй адил утгагүй зүйл. “Алтан загасны үлгэр”
болон арабын үлгэрт гардаг шидэт бөгжийг эзэмшсэн хүн л үнэгүй зүйлийг бий болгодог
байх. Харин эдийн засгийн бодит амьдралд үнэ өртөггүй зүйл гэж байдаггүй. Үнэгүй
хэрэглэж буй бараа таваар, үйлчилгээний төлбөрийг гарцаагүй хэн нэг нь хийсэн байдаг
(гэхдээ, төр хийдэггүй нь лавтай). Төрөөс халамж авч буй хэн ч, өөр нэгний бүтээсэн
зүйлийг “завшиж” буй хэрэг.

Х.Х: -Тэгээд ч төрийнхнийг
халамжаа буруу тараагаад байна гэсэн яриа байдаг байх шүү?

Б.Б: -Тийм ээ, төр халамжийн бодлогоороо иргэдийг
ангилан соортолж, ялгаварлан гадуурхдаг. Халамжийн мөнгийг бий болгож буй хүмүүс
төр, хэсэг хүнийг халамжлахын тулд нөгөө хэсгээс мөнгийг нь аваад байна, “төр биднээс
мөнгө авчихаад халамжлах ёстой хүмүүсээ халамжлахгүй, тэгшитгэн тараагаад байна,
бас дундаас нь өөрсдөө асар ихээр завшиж байна” гэдгийг мэддэг болжээ.

Х.Х: -Өмчийн тухай ярьж
байх үед чинь асуухаа мартчихаж. Ер нь өмч гэдэг зүйл хүн төрөлхтний түүхэнд хэрхэн
үүсчихэв ээ?

Б.Б: -Энэ тухай Жонатан Вольф Улс төрийн философийн
удиртгал номдоо маш ойлгомжтой өгүүлсэн байдаг. Хэрэв би андуураагүй бол Хоббсын
тухай хэсэгт байдаг шиг санагдаж байна.

Х.Х: -Тэр номыг чинь санаж байна. Хоёр дахь удаагийн монгол хэвлэл нь гарсан уу даа?

Б.Б: -Гарсан шүү, нийгэм, улс төрийн асуудлыг сонирхож,
ном уншдаг философичид бүгд л тэр номыг ашигладаг юм билээ.

Х.Х: -Тэгээд өмч хэрхэн
үүссэн юм бэ?

Б.Б: -Хатуу боловч гарцаагүй үнэн бол хүний хэрэгцээ
хязгааргүй бөгөөд тэр бүхнийг хангах нөөц бололцоо хүн төрөлхтөнд ямагт дутагдсаар
ирсэн. Дутагдахуй нь хувийн өмчтэй байх шалтгаан болно. Бүх юм бүгдэд хүрэлцээтэй
байсан бол хувийн өмч байх шалтгаан байхгүй гэж либертари үзэл үздэг. Эхлээд газар
бүх хүнд хүрэлцээтэй байсан, тэр үед “энэ газар минийх” гэх шаардлагагүй байв, хаа
сайгүй байгаа тэр зүйлийг өмчлөх нь утгагүй, харин яваандаа хүрэлцэхээ больж, дутагдаад
ирэх үед өмчлөх болсон хэмээн Хоббс өгүүлсэн байдаг.

Х.Х: -Хүрэлцэхээ больсон
юм бол хэн нь түүнийг авах ёстой гэж. Арай хүчтэй, түрэмгий, арга зальтай нь биш
биз дээ. Одоогийн манай бизнесмэнүүд шиг “Чадаж буй юманд арга байхгүй” гээд халааслаад
байгаагүй л байлтай?

Б.Б: -Мэдээж, тэгээгүй л дээ. Өмчийг шударгаар
олж авах нь хувь хүний төдийгүй нийгмийн зүй ёсны (justice) илрэл. Түрүүнд би хэлсэн,
хувь хүн урьд нь хэн ч эзэмшиж байгаагүй зүйлд “хөдөлмөрөө шингээснээр” түүнийг
өмчлөх эрхтэй гэж. Эсвэл хэн нэгнээс хууль ёсоор өвлөх замаар өмчтэй болж болно.
Робэрт Нозик ингэж үзэж байсан (Анархи ёс, төр, утопи үзэл зохиол). Энэ хоёр арга
зам бол яах аргагүй зүй ёсонд нийцэж байгаа юм. Ер нь, Нозик энэ бүтээлдээ Локкийн
өмчлөх эрхийг маш хүчтэй хамгаалсан. Өмчлөх эрх гэдэг бол хүний төрөлх эрх, түүнд
хэн ч халдах ёсгүй, тэр ч бүү хэл, төр ч халдах ёсгүй гэдгийг маш үндэслэлтэй гаргасан
юм.

Х.Х: -Өмчлөх эрхийг хүний
төрөлх гурван эрхийн нэг гэж дахин дахин хэлээд байгаа биз дээ?

Б.Б: -Тийм ээ, өмчлөх эрхийг хүний гол эрх гэж
үзнэ. Хувь хүн өмчөө хэрхэн захиран зарцуулахаа өөрөө мэддэг байх ёстой. Энд хөндлөнгийн
төлөвлөлт, журамлалт, зохицуулалт байх ёсгүй. Өмчийн эзэн өөрөө л төлөвлөж, журамлаж,
зохицуулна. Тэгж байж гэмээнэ, тухайн өмчийн эзэн болох нь батлагдана. Өөрийнхөө
өмчөөр юу хийхийг төрөөс төлөвлөж, журамлаж, зохицуулаад байх юм бол өмчийн эзэн
нь тэр хүн биш төр болж таарна биз дээ.

Өмчлөлийн
асуудал дээр иргэдийн захирагдах ёстой нэгэн зүйл байх бөгөөд тэр нь талууд хоорондоо
сайн дураараа хийсэн гэрээ хэлцэл юм. Сайн дураар!!! Сайн дураар хийсэн гэрээгээ
зөрчих нь хулгай, дээрэм хийхтэй адил. Гэрээ бол тохиролцоо гэсэн үг. Энэ бол либертариудын
хувьд маш чухал зүйл. Хэн нэгэн нь эрх мэдэл, хөрөнгө мөнгөөр хүч түрж давамгайлахгүй,
хоорондоо сайн дурын үндсэн дээр хэлцэнэ гэсэн үг. Энд заавал хуулийн гэрээ хэлэлцээрийн
тухай ярьж байгаа юм биш. Хоёр хүн хоорондоо ямар нэг зүйлийн талаар тохирно (жишээ
нь, цаг болзоод уулзах) гэдэг нь гэрээ хийж байна гэсэн үг. Либертариуд гэрээгээ
биелүүлэх, өөрөөр хэлбэл, хэлсэн амандаа хүрэх явдлыг нэр төрийн хэрэг гэж үздэг.
Либертари үзлийн үүднээс гэрээ гэдэг бол итгэлцэл.

Энэ
бүхэн бидний хувьд жаахан хийсвэр сонстож байж магадгүй. Учир нь монголчууд бид
хэлсэн амандаа хэзээ ч хүрдэггүй. Манай орчин бол угаасаа либертари бус орчин шүү
дээ. Хувь хүн, төр-засаг аль нь ч гэрээгээ биелүүлэхгүй байх нь хэвийн үзэгдэл.

Х.Х: -Локк яагаад өмчлөх
эрхийг амьд явах, эрх чөлөөтэй байх эрхүүдтэй эн тэнцүү төрөлх зүйл гэж үзэж байсан
юм бол. Үндэслэлийг нь сонсмоор байна. Амьдрах, эрх чөлөөтэй байх гэдэг нь өмчлөх
эрхээсээ хамаагүй чухал юм шиг санагдаад л ингэж асууж байна л даа.

Б.Б: -Учир нь өмч гэдэг бол эрх чөлөөтэй байсны
үр дүн, амьд явах баталгаа. Тэгэхээр өмчлөх эрхийг нь үгүйсгэснээр нөгөө хоёрыг
нь (эрх чөлөө, амьд явах хоёрыг) бас үгүйсгэж байна гэсэн үг.

Хувь
хүний зарцуулсан хөдөлмөр, цаг хугацаа, авьяас чадварын үр дүн болох өмчид хэн ч
халдаж болохгүй. Татвар бол өмчлөх эрхэд халдаж буй нэг хэлбэр гэдгийг дахин тодруулъя.
Учир нь татварын талаарх либертари сэдэв хүмүүст тун хачин сонсогддог бололтой юм
билээ. Татвар. Өгч байгаа хүний хувьд хулгайд алдах, дээрэмдүүлэх, татварлуулахын
аль нь ч адилхан, өөрийн хөдөлмөрлөж байж олсон эд хөрөнгө, мөнгөө эргэж ирэхгүйгээр
алдаж байгаа хэрэг. Костюмтай хүн цагдаа дагуулж ирээд авч байна уу, эсвэл түүнээс
арай муухан хувцастай хүн ганцаараа байна уу гэдэг нь түүний хувьд огт ялгаагүй.
Аль нь ч байлаа гэсэн мөнгөө өгч буй хүн л хохирч байна. Тиймээс татвар нь зөөлөн
хэлэх юм бол хулгай, хатуухан хэлэх юм бол хөдөлмөрийнх нь үр шимээс авахын тулд
ажиллуулж байгаа утгаараа боолчлол мөн.

Философийн
ухааны доктор Б.Батчулуун

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *