Categories
мэдээ улс-төр

Л.Пүрэвсүрэн: Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн ерөнхий зөвлөлд сонгогдсон нь манай орныг ямар нэр хүндтэй байгааг харууллаа

Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн ерөнхий зөвлөлийн сонгуульд ялж гишүүнээр нь сонгогдсон сайхан мэдээ энэ долоо хоногт биднийг баярлуулсан билээ. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өчигдөр Нью-Йоркоос ирсэн даруйдаа “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд хэвлэлийнхэнтэй уулзаж, энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Тэрээр “Энэ сарын 28-нд НҮБ-д Хүний эрхийн зөвлөлийн гишүүн орныг тодруулах сонгууль боллоо. Уг сонгуульд Монгол Улс амжилттай өрсөлдөж 192 орноос 172 санал авснаар Азийн бүлгээс хамгийн өндөр санал авч нэгээр гарч сонгогдлоо. Энэ бол олон талт дипломатын маш чухал сонгууль байдаг. Хүний эрхийн зөвлөл нь ач холбогдлоороо НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн дараа ордог. НҮБ-ын 192 гишүүн орны улс төрийн тоглолт явуулдаг тэмцэлдээний талбар гэж нэрлэгддэг. Энэ хороо 47 гишүүнтэй. Өнөө жил 18-ыг нь сольсон байгаа юм. Үүнээс Ази, Номхон далайн бүлэгт таван суудал оногдсон. Энэ таван суудалд долоон улс өрсөлдсөн. Манайх 2012 онд нэрээ дэвшүүлж, гурван жилийн турш сонгуулийн сурталчилгаа явуулсан гэж болно. Ингэж байж яллаа. Ялах ялахдаа нэр хүндтэйгээр нэгдүгээр байрт орж ялна гэдэг бол маш чухал. Пакистан улс манайтай өрсөлдөөд 105 орны санал аваад унасан. Лаос ч унасан. Манай дараа 159 санал авсан буюу 29 саналын зөрүүтэйгээр Арабын Эмират улс орно. Арабын Эмират ямар их мөнгөтэй улс билээ. Тэр улсын цаана бүхэл бүтэн Арабын ертөнц байгаа. Бид ийм улсын өмнө орлоо. Гуравдугаарт Киргизстан, дөрөвдүгээрт БНСУ орсон. Монгол Улс анх удаа энэ том сонгуульд нэрээ дэвшүүлээд ингэж өрсөлдсөн нь манай улсын нэр хүнд олон улсад ямар байгааг харууллаа. Ийм дүгнэлт хийж болно” гэлээ.

Сонгуульд ийн ялсан нь олон жил ажилласан дипломатчдын ажлын үр дүн гэж үзэж болох бөгөөд нөгөө талд өмнөх сайд Л.Болдын үед энэ асуудалд нэлээд анхаарал хандуулж нэрээ дэвшүүлсэн нь ийм амжилт гаргахад нөлөөлснийг Гадаад хэргийн сайд хэлж монголчууд эл сонгуульд зөв тактик хэрэглэсэн гэж тодорхойлж байлаа.

Хүний эрхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг сонгох сонгуулийн өмнө монголчууд тэнд хүлээн авалт зохион байгуулахад Нью-Йорк болон АНУ-ын өнцөг булан бүрт амьдран суугаа элэг нэгтнүүд маань цуглаж, уран бүтээлчид ая дуугаа өргөж дэмжиж буйгаа илэрхийлцгээсэн гэнэ. Улсынхаа уламжлалт болон сонгодог соёлоор олны анхаарлыг ингэж татсан нь сонгуульд ялахад, эерэг санал авахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэдгийг ч тэр нуусангүй.

Манай улс ийнхүү сонгогдсон болохоор 2016-2018 онд Женевт байрладаг НҮБ-ын Хүний эрхийн ерөнхий зөвлөлд ажиллана гэсэн үг. Залуу дипломатч, хуульч, хүний эрхийн чиглэлээр ажилладаг монголчууд маань олон улсын улс төрийн тоглолт, бодлогод оролцож, эх орныхоо нэрийг өргөх том боломж бүрдэж байгаа юм. Бас нэг чухал зүйл бол дэлхийн улс орнуудын хэмжээнд Монгол орныг сүүлийн 25 жил ардчилал, хүний эрхийг хангах талаар ардчилсан замаар явсан “Ардчилсан Монгол” гэдэг нэр гарч байгааг Гадаад хэргийн сайд онцолсон юм.

Хүний эрхийн ерөнхий зөвлөлийн 47 гишүүний нэгээр сонгогдсон нь манай улсад олон талын ашигтай. Маш олон улсын асуудлаар хуралд оролцож, байр сууриа илэрхийлж, асуудлаа хэлэлцүүлэх сонирхолтой улс орнууд манайд хандах гэх мэт боломжууд нээгдэх юм. Тийм болохоор манай улстай харьцах, уулзах, асуудлаа шийдэхэд дэмжлэг хүсч ойртох гэсэн орны тоо өсөх нь тодорхой.

Нөгөө талаар хүний эрхийн асуудлаар эмзэг асуудлууд орж ирдэг. Үүн дээр монголчууд дипломатын урлагийг гаргаж Монгол Улсын байр суурийг илэрхийлж оролцоно гэдэг үг юм. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Төвийг сахих статус гэх бодлого ч үүн дээр гарч ирнэ гэдгийг Л.Пүрэвсүрэн сайд дуулгаад “Гурван жилийн хугацаанд Хүний эрхийн ерөнхий зөвлөлд ажиллах явцдаа гадаад бодлогын шинэ зорилт болсон Төвийг сахих бодлогоо хэрэгжүүлж, бэхжүүлэхэд сайн боломж бололцоо олдлоо” гэсэн юм.

Монгол Улсыг гадны зарим байгууллагууд “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг зөрчдөг” хэмээн буруушааж, энэ талаар судалгаа гаргадаг. Саяын сонгуулийн үеэр ийм байр суурь илэрхийлж, дургүйцлээ илэрхийлсэн орон байсан уу гэхэд сайд Л.Пүрэвсүрэн “Ямар ч орон тийм байдал гаргаагүй. Эсэргүүцсэн орон байгаагүй” гэж хариуллаа.

Д.САРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *