Categories
мэдээ нийгэм

Д.Ганбат: Ирэх долоо хоногоос ял эдэлж байгаа хүмүүс гэртээ харина

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, Өршөөлийн хуулийг зохион байгуулах комиссын дарга Д.Ганбатаас дараахь тодруулгыг авлаа.

-Өршөөл үзүүлэх хууль пүрэв гаригт батлагдсан. Ял эдэлж буй хичнээн хүнийг хэзээ суллах вэ?

-Ял эдэлж байгаа 1600 орчим хүн суллагдана гэж байсан бол батлагдсан хуулиар 2500 орчим хоригдол суллагдахаар байна. Өнөөдөр өршөөл үзүүлэх ажлын хэсгийн комисс хуралдсан. Ирэх долоо хоногоос ял эдэлж байгаа хүмүүс суллагдан гэртээ харина. Хөрөнгө мөнгийг нь шийдвэрлэсэн. Ер нь ирэх 10 хоногийн хугацаанд эдгээр хүмүүс гэртээ харина.

-Хуулийн хэрэгжилтэд улсын төсвөөс хэчнээн төгрөг зарцуулж байгаа бол?

-Ерөнхий сайдын нөөц хөрөнгөөс 130 сая төгрөг шийдүүлсэн.

-МАХН-ын дарга Н.Энхбаярт зориулж Өршөөлийн хууль баталж байна гэх хардлага байсан. Н.Энхбаярын хэрэг өршөөлд хамрагдах уу?

-Мэдэхгүй. Хуулийг хэлэлцэж байхад МАН найм, “Шударга ёс” эвсэл 13 хоног завсарлага авсан бол АН нэг ч удаа завсарлага аваагүй. Тэгэхээр хэн нь энэ хуулийг батлахын төлөө байсан нь тодорхой харагдана гэж бодож байна.

-Хоёр жилээр ялаа хасуулж байгаа хичнээн иргэн байгаа вэ?

-Манай улсад 7000 орчим хүн ял эдэлж, 1000 орчим хүн урьдчилан хорих төвд саатуулагдан шалгуулж байна. Түүнээс гадна 2-3 мянган хүний хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд явж байна. Эдгээр хүмүүсийн 50-60 хувь нь Өршөөл үзүүлэх тухай хуульд ямар нэг хэмжээгээр хамрагдаж байгаа гэж хэлж болно.

-Хар тамхины хэргээр ял эдэлж байгаа хүмүүсийг өршөөж байгаа юу?

-Хар тамхи хэрэглэсэн, ноцтой гэж хэлж болох гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг өршөөлд хамруулаагүй. Харин бага хэмжээгээр зөөвөрлөсөн гэх мэт хэрэгт холбогдсон хэсэгт тодорхой хэмжээгээр өршөөл үзүүлж байгаа.

Э.ЭНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *