Categories
мэдээ цаг-үе

Ардчилсан намын дарга З.ЭНХБОЛД: Ардчилсан нам хүүхдийн мөнгийг анх санаачилсан, одоо хүүхдүүд том болсон учраас хөдөлмөрлөх цаг нь болсон

-ТЭР НӨХЦӨЛИЙГ БИД БҮРДҮҮЛЭХ ЁСТОЙ-

Ардчилсан намын дарга, Улсын Их Хурлын дарга З.Энхболдоос дараахь тодруулгыг авлаа.

-Сүүлийн хэдэн жил уул уурхайн түүхий эдийн үнэ 30 хувиас 300 хувь хүртэл уналаа. Эдийн засгаа солонгоруулаагүйн улмаас эдийн засаг хямарч байна. Үүний хэрээр ажилгүйдлийн түвшин нэмэгдэж өнөөдөр 7,8 хувьтай байна. Бид энэ хямралыг ямар аргаар даван туулах шаардлагатай байна вэ.

-Яригдаад байгаа 7.8% бол ажил хайгаад олж чадахгүй байгаа хүний тоо. Харин ажил хайдаггүй, сургуульд сурдаггүй гэрийнхээ ажилд тусалдаг нэртэй 29 хүртэлх насны 180 мянган залуу байна. Тэдгээрийн тал нь эмэгтэйчүүд. Түүнчлэн их дээд сургууль төгсч дээд боловсролын диплом авсан ч ажил хайж байгаа олон мянган залуус байна. Бид эхний ээлжинд эдгээр залуусаа ажилтай орлоготой болгох нэн тэргүүний шаардлага гарч байгаа юм. Ингэхийн тулд нэг талаас бүтээн байгуулалтын томоохон төслүүд дээр ажилгүй байгаа иргэдээ татан оролцуулах нөгөө талаас бид дотоодын нөөц бололцоондоо тулгуурлаж эдийн засгийн томоохон төслүүдээ хэрэгжүүлэх бодит шаардлага үүсч байна. Тухайлбал төмөр зам, авто зам, барилга орон сууц гэх мэт.

-Хөгжиж буй орны хувьд хамгийн эхэнд дэд бүтцийн салбартаа анхаарлаа хандуулах шаардлагатай. Бид төмөр зам, авто зам, орон сууцны хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх гэхээр гаднаас ажиллах хүчин авах нь их байдаг. Үүнийг дотоодоосоо шийдэж ажилгүйдлийг багасгах боломж байгаа гэсэн үг үү?

-Байгаа, тухайлбал барилгын салбарт нийт 65 мянган мэргэжилтэн Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа нь хангалтгүй байгаа юм. Тэгэхээр бид дутагдаж байгаа боловсон хүчнээ гаднаас авах биш дотоодоосоо бэлтгэж, мэргэшүүлэх боломжтой юм. Зөвхөн нэг төсөл тухайлбал энэ хавар эхэлсэн “Шинэ-Яармаг” гэхэд өөрөө 2500 барилгачин, бэлтгэн нийлүүлэгч туслан гүйцэтгэгч 8000 монгол хүнийг ажилтай болголоо.

Дотоодын ажиллах хүчийг нэмэгдүүлэх нэг боломж нь цэргийн алба байж болох юм. Ажилгүй байгаа залуусаа цэргийн албанд татаж, мэргэшүүлснээр авто зам, төмөр зам, барилга гэх мэт салбаруудаа давхар боловсон хүчнээр хангах боломж байна. Халагдахдаа мэргэжлийн үнэмлэхтэй, ажил хийгээд сурсан байх юм.

-Тэгэхээр ажилгүй байгаа иргэдээ цэрэгт татаад, мэргэшүүлээд ажлын байраар хангаад зогсохгүй мэргэжилтэй бас цалинтай болгоно гэж ойлгох уу?

-Цэргийн албанд татагдсан залуусаа МСҮТ-д тодорхой хугацаанд мэргэшүүлээд ажлын байран дээр шууд гаргах боломжтой. Ингээд мэргэжилтэй болоод төмөр зам, авто зам, барилга, орон сууцаа мэргэшсэн цэргүүдээрээ бариулна. Хуучнаар бол Барилгын цэргийн ангийг дахин сэргээнэ гэсэн үг. Цэргүүд 2-3 сарын хугацаанд мэргэшсэний дараа ажлын байран дээр гарч, цалингаараа хуримтлал бий болгож, орон сууцтай болчих юм. Яг ийм механизмаар авто зам, төмөр замаа бид дотоодын боловсон хүчнээ ашиглан барих боломжтой. Тухайлбал, Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод тусгаснаар нийт 1800 км төмөр зам барих ёстой. Монгол Улсад ойролцоогоор 16 мянган мэргэжилтэн төмөр замд ажиллаж байгаа, үүн дээр таван мянган хугацаат цэргийн алба хаагчдыг мэргэшүүлснээр ажиллах хүчний тоогоо нэмэгдүүлэх боломжтой юм.

-Халагдсан цэргээ шууд ажлын байранд зуучлах боломж байгаа юу. Үүнд ямар аргаар зохицуулалт хийх вэ?

-Бүрэн боломж байгаа, авто зам, төмөр зам, орон сууцны төслүүдийг хэрэгжүүлэх компаниудад зөвхөн МСҮТ-д мэргэшсэн, цэрэгт алба хаасан хүнийг ажиллуулах гэсэн стандарт нөхцөл тавьж өгснөөрөө ажлын байр нь баталгаажих юм. Мэргэжилтэй, сахилга баттай, ажил хийж сурсан залуусыг компаниуд булаацалдаад авна. Түүнчлэн эдгээр салбаруудад зөвхөн монгол хүн ажиллуулахаас гадна дотоодын барилгын материал нийлүүлэх, мөн МСҮТ-д мэргэшүүлэх хугацаа болон төслүүд дээр ажиллах явцад ажилчдын хувцас хэрэглэл болон хоол хүнсийг дотоодоосоо нийлүүлэх стандартыг тавьж өгөх юм. Ингэснээрээ бид гадаадын хөрөнгө оруулалт, түүхий эдийн үнэд шүтэх биш дотоодын нөөцөд суурилсан эдийн засгийг хөгжүүлж, эдийн засгийн хямралыг давах боломж байгаа юм. Ер нь бусад улс орны жишгээс харахад дотоодын нөөцөө ашиглан эдийн засгийн хямралаа богино хугацаанд даван туулсан олон туршлага байна. Тухайлбал БНСУ, БНХАУ, Чили, Израил гэх мэт. Ерөнхийдөө дотоодын нөөцөд тулгуурлан, хөдөлмөр эрхлэлтийн зөв бодлогыг хэрэгжүүлснээр мөнгөний урсгалыг дотооддоо эргэлдүүлж эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд давах боломж бүрдэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *