Categories
мэдээ цаг-үе

Малчид 109 дугаарт залгаж бүх төрлийн мэдээллийг үнэгүй авах боломжтой боллоо

Хүнс, хөдөө аж ахуйн яамны дэргэд “Малчны лавлах 109” мэдээллийн төв нээгджээ. Ялангуяа малчид энэхүү төвийн 109 дугаарын лавлах утсанд холбогдож бүх төрлийн мэдээллийг авах боломж бүрджээ. Тус лавлахад очиход нэлээд ачаалалтай ажиллаж байлаа. Нийслэл болон хөдөө орон нутгаас малчид холбогдож ихэнхдээ алдагдсан малын зар өгдөг байна. Одоогийн байдлаар зургаан оператортой ажиллаж байгаа аж.

“Малчны лавлах 109” төвийн гүйцэтгэх захирал Б.Дэшигсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Лавлахынхаа үйл ажиллагааны онцлогоос танилцуулахгүй юу?

-Хүнс, хөдөө аж ахуйн яамны харьяа “Малчны лавлах 109” мэдээллийн төв нь малчдад зориулсан нэгдсэн мэдээ мэдээллийн сан бий болгож байгаагаараа онцлогтой. Малчдын тулгамдсан асуудлыг шийдэхэд манай лавлах бодитой хувь нэмэр оруулж, туслах зорилготой юм.

-Яг ямар төрлийн мэдээллийг ихэвчлэн хүргэж байна вэ?

-Цасан шуурга зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж малчид малаа хаана явааг ч мэдэж чадахгүй хяналтаас гардаг. Түүнчлэн хулгайд малаа алдаж, хэнд хандаж яаж олж авахаа тэр болгон мэддэггүй. Мэдээлэл хомс байдаг. Тиймээс алдсан болон олдсон малын мэдээллийг нэгтгэж малчдад хүргэх үүрэгтэй ажиллаж байна. Мөн малын гоц халдварт өвчний талаарх мэдээллийг авч холбогдох газруудад хүргэж, олон нийтийн мэдээллийн сүлжээгээр цацаж ард иргэдийг сэрэмжлүүлэх болно.

-Малын тэжээл, мах, арьс ширний үнэ зэргийг ч лавлаж болох нь ээ?

-Бололгүй яахав. Малчдын лавласан бүх асуултад хариулт өгөх болно. Ер нь бүх төрлийн хэрэгцээт мэдээллийг мэдээллийн сандаа оруулсан байгаа.

-Үнэхээр шуурхай ажиллаж чадвал малын хулгай буурахад бодитой хувь нэмэр оруулах байх?

-Мэдээж гол зорилго бол газар аваад байгаа малын хулгайг бууруулах шүү дээ. Малчдын хувьд малаа эзэнгүй орхиж, эсвэл хүн хүчний дутмагаас болж, эсвэл шөнө оройн цагаар малын хулгайд өртдөг гэсэн судалгаа бий. Малын хулгай ихэнхдээ анхнаасаа төлөвлөгдсөн байдаг. Тухайн айлаа судалчихсан гэсэн үг. Тиймээс энэ тал дээр малчдын оролцоо маш чухал. Малаа алдсан даруйдаа малчид манай лавлах руу утасдаж мэдээлэл өгөх хэрэгтэй. Бид мэдээллийг хүлээж авангуутаа холбогдох цагдаагийн байгууллагад мэдэгдэж, бусад хэвлэл мэдээллээр давхар зарлана. Энэ мэтчилэн зөвхөн манайх гэлтгүй олон талын хамтын хүчээр асуудлыг шийдэх юм. Товчхондоо хэлэхэд малчид алдсан нэг малынхаа араас цаг зав, бензин тос, мөнгө төгрөгөө гарздаж хий дэмий давхих шаардлагагүй боллоо гэсэн үг.

-109 дугаарын утсанд залгахад төлбөртэй юу?

-Манай 109 дугаарын утсанд залгасан хэрэглэгч танаас нэгж унахгүй. Аль ч үүрэн телефоны утаснаас залгасан үнэ төлбөргүй. Түүнчлэн 24 цагийн турш та мэдээлэл өгч, мэдээлэл авч болно гэдгийг хэлэхэд таатай байна.

Малчны лавлах өнгөрсөн зун туршилт хийсэн бөгөөд өдгөө үйл ажиллагаа нь жигдэрч байнгын үйлчлүүлэгчтэй хүртэл болжээ. Биднийг байх үеэр хэд хэдэн дуудлага ирэв. Мэдээллийн ажилтан буюу оператор тэмдэглэгч авч байна. “Дорноговь аймгийн Эрдэнэ сумаас 2015 оны аравдугаар сарын 21-нд хүрэн азаргатай унага, гүү нийлсэн 30-аад тооны адуу алдлаа” гэсэн зарыг хүлээж авав. Удсан ч үгүй дахин дуудлага ирлээ. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын малчин холбогдож “Өглөө адуундаа очтол зээрд гүү алга болчихож. Бие томтой гүү байгаа юм” гэсэн мэдээллийг өгөв. Ихэнхдээ хөдөө орон нутгийн малчид тийм, ийм зүсний мал алдчихлаа гэж зар өгдөг юм байна. Мөн тус төвд одоогоор олдсон малын дөрвөн зар байлаа. Тодруулбал, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 61-ийн гармын орчмоос сартай хүрэн морь, Төв аймгийн нутгаас 2015 оны тавдугаар сарын сүүлчээр гурван тооны адуу олдсон зар ирсэн байв. Мөн Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороо, Бичигтийн задгайгаас зүүн урд гуяндаа дээшээ харсан саран тамгатай 16 тооны адуу олдлоо гэсэн зар мэдээллийн санд байв. Тус 16 тооны адуу өнгөрсөн сарын 30-нд олдсон бөгөөд хонгор халзан, хээр зэрэг зүсмийн хэмээн нэг бүрчлэн тэмдэглэжээ. Төв аймгийн Баянцагаан сумаас хоёр тооны адуу олдсон гэсэн зар ирж байв. Учир нь цагдаагийн байгууллагатай хамтарч ажилладаг тул цагдаад тэмгдэглүүлсэн алдсан болон олдсон малын зар шууд тус төвд ирдэг юм байна. Урт хөлийн мал гэдэг утгаараа ихэвчлэн адуу алдагдсан зар ирдэг болохыг мэдээллийн ажилтнууд хэлсэн. Ингэхдээ хурдан удмын хүлэг алдагдсан дуудлага дийлэнх хувийг эзэлдэг байна. Харин олон тооны мал алдсан мэдээллийг малчид өгчихөөд олдсон тохиолдолд нь эргэж мэдэгдэхгүй явдаг байна. Хэрвээ лавлахад зарлаж тэмдэглүүлсэн бол олсон хугацаандаа ч мөн хэлж мэдээлж байх нь зүйтэй аж. ХХААЯ-ны малын мэдээллийн санд бүх зар бүртгэгддэг байна. Сүүлийн үед малчид эзэнгүй хээр яваа малыг өөрийн хот, мал сүрэгтээ нийлүүлчихээд харьяа орон нутгийнхаа цагдаагийн хэлтэст мэдэгддэг хэрнээ цааш мэдээллийг дамжуулдаг тохиолдол их болсон талаар Б.Дэшигсүрэн захирал анхааруулсан. Учир нь хуульдаа хэрвээ олсон малыг нэг жилийн хугацаанд эзэн нь ирж авахгүй бол тухайн малчинд болон орон нутгийн засаг захиргаанд тус малыг захиран зарцуулах эрх очдог байна. Үүнтэй холбоотойгоор малчид хүний малыг олсон ч цагдаад мэдэгдсэн нэрийдлээр цааш иргэдэд олсон талаарх мэдээллийг дамжуулахгүй, нууцаар маллах, мал хайж ирсэн хүнд худлаа ярьж улмаар өөрийн мал болгодог тохиолдол ихэсчээ. Тиймээс уг лавлах бий болсноор энэ байдал арилах гэнэ. Цагдаагийн ажилтанд өгсөн малтай холбоотой мэдээлэл уг лавлахад шууд ирэх юм байна. Тус мэдээллийг хүлээж аваад “Молор” телевиз, “Тодсураг.mn” сайтад зар өгч байршуулах аж. “Тодсураг.mn” сайтад байршсан мэдээлэл малынхаа зурагтай байх бөгөөд аль аймгийн аль суманд хичнээн тооны мал алдагдсан болохыг дэлгэрэнгүй тавьдаг байна. Одоогийн байдлаар тус лавлахад алдсан малын 100 гаруй зар, олдсон гэх таван зар ирээд байгаа юм байна.

Иргэд гал командын 101, цагдаагийн 102, түргэн тусламжийн 103 дугаарын утсанд үнэгүй хандаж мэдээлэл өгч, авдаг байсан. Яг үүнтэй адил 109 дугаарын утас руу залгаж өөрт хэрэгцээтэй мал аж ахуйтай холбоотой мэдээллийг авч болох юм байна. Лавлахад хандаж буй иргэдийн мэдээлэл тухайн улирал, цаг үеийн нөхцөл байдлаас шууд хамааралтай гэнэ. Тухайлбал, тэнгэр муухайрсан өдрүүдэд малчид холбогдож хэзээ, хаана цас орох, салхи хэр хүчтэй байх зэрэг мэдээллийг авдаг бол одоо өвс тэжээлтэй холбоотой мэдээллийг их залгаж асуух болжээ. Хивэг, өвс, сайн чанарын эм тариа хэдэн төгрөг, хаанаас авч болохыг асуудаг байна. Зарим нь бүр хонины бэлчээр дээрээсээ залгаж маргааш цаг агаар ямар төлөвтэй байхыг асуугаад “Махны үнэ ханш хэдэн төгрөг байна” гэсэн асуулт хүртэл тавив. Хариуд нь мэдээллийн ажилтан “Үхрийн мах 5500 төгрөг” хэмээн асуулт бүрт нь холбогдох мэдээллийг өгч байлаа. Лавлахад хандсан хэрэглэгчид ч малын тухай мэдээллийг нэг дороос авч байх болсондоо сэтгэл хангалуун байгаа бололтой. Зарим хэрэглэгчид бүр өглөө болгон залгаж цаг агаарын мэдээлэл авдаг тухай ч ярьсан. Үүнээс гадна малын гоц халдварт өвчин, тус өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд шууд зарлуулахыг анхааруулж байсан. Ингэснээр олон тооны малыг аюулаас гаргаад зогсохгүй цаг тухайд нь холбогдох арга хэмжээ авч болохыг онцолж байна. Мөн хөдөө аж ахуйн биржээр арилжаалагдаж байгаа малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнэ ханш, цаг агаарын мэдээ, гамшгаас урьдчилан сэргийлэх яаралтай арга хэмжээ авах болон бусад хэрэгцээт мэдээллийг хүргээд зогсохгүй мэргэжлийн зөвлөгөө хүртэл өгөх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *