Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас эх барих эмэгтэйчүүдийн болон гоо сайхны мэс заслын үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад шалгалт хийжээ. Шалгалтын дүнг өнөөдөр НМХГ-аас танилцууллаа.
Шалгалтад эмэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 84, арьс гоо сайхан, мэс ажилбарын чиглэлийн 15 нийт 99 хувийн хэвшлийн эмнэлэг хамрагджээ. Уг эмнэлгүүдийн 56 хувь буюу, 48 эмнэлгийн үйл ажиллагаанаас зөрчил илэрсэн байна.
Эмнэлгийн ажлын байрны эрүүл ахуйн шаардлага хангаагүй. Мөн хөтлөх ёстой баримт бичгийг зааврын дагуу хөтөлдөггүй, өвчтөнүүдэд заавал хийх шинжилгээнүүдийг бүрдүүлэхгүй хагалгаа хийсэн, өвчтөнд эмчилгээний хоолоор үйлчилдэггүй зэрэг зөрчил илэрснийг НМХГ-ын эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Ц.Цэнд-Аюуш хэллээ.
Илэрсэн зөрчлийг үндэслэн “Happy family”, “Арвин шүүдэр”, “Энх-Од”, “Ирээдүй”, “Өнөр бүл”, “Зээ”, “Бүсгүй” гэсэн зургаан эмнэлгийн үйл ажиллагааг улсын байцаагчын актаар түр зогсоожээ. Мөн 15 байгууллагад зургаан сая 612 мянган төгрөг, есөн албан тушаалтанд дөрвөн сая 920 мянган төгрөгийн торгууль ноогдуулсан байна. Нийт 11.5 сая төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ хүлээлгэжээ. НМХГ-аас эмчилгээний бус орчинтой байранд гоо заслын эмчилгээ хийж байгаа нь хавдар үүсэх, тархах эрсдэл өндөр байгааг ард иргэдэд санууллаа.