Олон орны иргэдийн хувьд болгоомжтой хандах энэхүү асуултад монголчууд за ч гэсэнгүй, үгүй ч гэсэнгүй. Нэгэнт хүлээн зөвшөөрөөгүй учраас Монголд энэ төрлийн бүтээгдэхүүн орж ирээгүй гэсэн үг огт биш. Мэргэжлийн хүмүүс генетик инженерчлэлийн аргаар гаргасан хоол хүнсийг хортой гэдгийг батлаагүй бөгөөд улам бүр өсөн нэмэгдсээр байгаа дэлхийн хүн амыг хоол тэжээлийн дутагдлаас аврах гол арга зам гэх мэтээр тайлбарладаг. Хортой гэдэг нь хараахан батлагдаагүй болохоос биш огт хоргүй гэсэн үг биш. “Нутгийн шийдэл” сангийн санаачилгаар орчуулагдаж хэвлэгдсэн “Орчны эрүүл мэндийн тухай иргэний нөхөрлөлийн гарын авлага”-д энэ талаар сонирхолтой мэдээлэл дурдагдсан байна. “Ихэнх генийн инженерчлэлд орсон үрийг химийн хор, бордоо үйлдвэрлэдэг байсан үйлдвэрүүд хийж байгаа бөгөөд мөн тэр компаниуд зарж борлуулж байна. Энэтхэгийн Карнаката муж улсад амьдардаг хөвөн тариалагчид химийн хор илүү их хэрэглэдэг, хөрс муутгадаг гэсэн үндэслэлээр генийн инженерчлэлийн аргаар гаргаж авсан хөвөнгөөс татгалзаж тариалангийн талбайгаа шатаасан гэнэ.Эрдэмтэд ургамал амьтны генийг лабораторид өөрчилдөг. Хүссэн ургамлын шинж чанарыг гарган авахын тулд будаа, эрдэнэшиш гэх мэт тэс өөр хоёр ургамлын генийг хамтруулдаг. Амьтны генийг ч ургамлын гентэй хольдог аж. Цаас хийхэд зориулагдсан зөөлөн мод, мууддаггүй улаан лооль, хэвийн хэмжээнээс том загас, гахай зэрэг нь сонсоход мундаг ч байгалийн жамын эсрэг гэдэг утгаараа шүүмжлэл хүлээж байна. Генийн инженерчлэлд орсон хүнс нь харшил, химийн хордлого, хорт хавдар үүсгэх эрсдэлтэй гэсэн таамаглал явдаг ч ийм төрлийн бүтээгдэхүүнд онцгойлсон хаяг шошго тэр бүр байдаггүй, шинжилгээнд хамруулах арга байдаггүй нь бэрхшээл учруулдаг. Хоол хүнсийг генетикийн инженерчлэлд оруулсан эсэхийг мэдэхийн тулд генетикийн шинжилгээ хийлгэх учиртай. Одоохондоо манайхан гаднаас орж ирж байгаа бүтээгдэхүүнийг генийн өөрчлөлттэй эсэхийг шинжлэхийн тулд биш гадагшаа гаргаж байгаа будаагаа генийн өөрчлөлтөд оруулаагүй гэдгээ батлахын тулд шинжилгээ хийлгэдэг юм билээ. Хэрвээ хөршүүд маань генийн өөрчлөлтийг тоодоггүйсэн бол юунд шинжилгээ, баталгаа шаардах билээ. Харин монголчууд хэнэггүй хэвээрээ хэр хол явах бол?
Б.Янжмаа