Categories
мэдээ эдийн-засаг

“Оюу толгой” компани цахилгаан дамжуулах томоохон дэд бүтцийг төрийн өмчлөлд шилжүүллээ

“Оюу толгой” ХХК өөрийн санхүүжилтээр барьсан Өмнөговь аймаг дахь “Оюу толгой” уурхайн цогцолбороос Монгол улс болон БНХАУ-ын хил хүртэл 96 км үргэлжилсэн цахилгаан дамжуулах агаарын шугамыг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн өмчлөлд шилжүүлэх, ашиглалт засвар үйлчилгээг хариуцах хоёр гол гэрээнд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Занданхүү, “Оюу толгой” ХХК-ийн Санхүү хариуцсан захирал Стив Дугган нар өнөөдөр Эрчим хүчний яаман дээр гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зурах ёслолд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, “ “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, Рио Тинто группийн Монгол дахь суурин төлөөлөгч С.Мөнхсүх оролцлоо.

Өмнөговь аймгаас БНХАУ-ын хил хүртэлх өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам 96 км урттай, хоёр хэлхээт 220 кВ-ын өндөр хүчдэлийн шугамыг 2011 онд барьсан бөгөөд 2012 оны 7 дугаар сараас ашиглаж эхэлсэн. Өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд цахилгаан дамжуулах шугам 100 хувь бүрэн хүчин чадлаараа ажиллаж, найдвартай байдал нь 99.8 хувьд хүрчээ. Ингэснээр өмнийн бүсийн хэрэглэгчид найдвартай цахилгааны эх үүсвэрт холбогдож, ашиг тусыг нь хүртэх боломж нээгдэж байна. Цаашилбал Монгол улс, БНХАУ-ыг холбосон Монгол улсын эрчим хүчний найдвартай байдлыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой шугам болох юм.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийндарга Д.Дэлгэрцогт хэлэхдээ “Өнөөдөр Монгол Улсын эрчим хүчний салбарт чухал өдөр тохиож байна. Уг шугамыг шилжүүлэн авснаар манай улсын эрчим хүчний сүлжээ найдвартай, өндөр чанартай дэд бүтцээр хөрш хоёр орны эрчим хүчний сүлжээнд холбогдож, дотоодын эрчим хүчний найдвартай байдлыг хангахын сацуу урт хугацаанд цахилгаан эрчим хүч экспортлогч орон болох зорилтыг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Өнгөрсөн онд байгуулсан “Эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-ний дагуу цаашид бид “Оюу толгой” компанитай хамтран Өмнийн говийн хэрэглэгчдийг эрчим хүчний найдвартай сүлжээнд холбох стратеги бодит ажил хэрэг болох нөхцөл бүрдэж байна.” гэлээ.

Дараа нь “Оюу толгой” ХХК-ийн Санхүү хариуцсан захирал Стив Дугган “Бид Монгол улсын Засгийн газарт өндөр чанартай дэд бүтцийн байгууламжийг шилжүүлэн өгч, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж буйдаа баяртай байна. Нөгөөтэйгүүр өнөөдрийн үйл явдал нь үр ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх компанийн стратеги бодитоор хэрэгжиж буйн нотолгоо юм. Цахилгаан дамжуулах агаарын шугам нь зөвхөн Оюу толгой төдийгүй, бүс нутгийн хөгжлийн хурдасгуур юм.” хэмээн хэллээ.

Дашрамд тодруулахад Оюу толгой уурхайн үйл ажиллагааг цахилгаан эрчим хүчээр хангах зорилгоор дээрх шугамыг 2011 онд барьж байгуулсан юм. Өнөөдөр гарын үсэг зурсан гэрээгээр цахилгаан дамжуулах агаарын шугамыг Монгол Улсын Засгийн газрын өмчлөлд шилжүүлэх үүргээ бүрэн биелүүллээ. Үүнээс өмнө 2014 онд Монгол улсын Засгийн газар, “Оюу толгой” компани “Эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ” байгуулж, өмнөд бүсэд эрчим хүчний нийлүүлэлтийг бий болгох, Монголын эрчим хүчний сүлжээг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсон билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *