“Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 гаруй ажилтан өнөөдөр 10.00 цагаас эхлэн төв байран дээрээ суулт зарлажээ. Ажилчдын мэдээлснээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүүн цанхид Австралийн компани гэрээтээр олборлолт явуулдаг байсан аж. Харин эдгээр суулт хийж буй ажилчдын хувьд Австралийн компанийн удирдлага дор ажилладаг байжээ. Хэдийгээр Австралийн компанийн удирдлагад ажилладаг ч “Эрдэнэс Тавантолгой” компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажил үүргээ гүйцэтгэдэг байсан гэв. Гэтэл өнгөрөгч даваа гаригт “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс ажилтнууддаа “Австралийн компани Монголоос гарч оронд нь Хятадын компани орсон. Тиймээс Хятадын компани руу та нарыг шилжүүлсэн” гэж мэдэгджээ.
“Эрдэнэс Тавантолгой”-н эдгээр ажилчдын зүгээс “Ажилчдаа худалдаж байгаагаас ялгаагүй асуудал” хэмээн үзэж ийнхүү өлсгөлөн зарлаж байгаа аж. Одоогоор 30 гаруй хүн өлсгөлөн зарласан, орон нутгаас нэмэгдэж 100 орчим ажилтан ирэх гэнэ.
Харин компанийн ТУЗ-өөс өнөөдөр эдгээр ажилтнуудын төлөөлөлтэй уулзалт хийхээр болжээ.