Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гэр бүлийн хүчирхийлэл гэмт хэрэгт тооцогдоно

Гудамжинд
эхнэрээ, эсвэл хэн нэгний хүүхдийг алгадаал орхивол шууд гэмт хэрэг
болно. Тэгвэл гэртээ эхнэрээ зодох, мөн адил хүүхдээ балбахад ямар ч
хариуцлага хүлээлгүй өнгөрдөг. Айл хөрш нь дуудлага өгч, хорооны цагдаа
ирсэн болж нөхрийн тайвшруулаад, эхнэртэйгээ эвлэр гэж хэлээд л буцна.
Согтуу бол тэр өдөрт нь барьж эрүүлжүүлэхэд хийчихээд маргааш нь
буцаагаад явуулна. Зодуулсан эхнэр нь ч нөхрийгөө баривчлуулахгүйн тулд
бүх аргаа хэрэглэхгүй бол сүүлд ингээгүйнхээ төлөө дахин зодуур амсана.
Ихэнх хөршүүдийн хувьд гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг үйлдэгдэж
байна, түүнийг мэдээллэх ёстой гэж боддоггүй. Тэдний хувьд “Эр, эмийн
хооронд илжиг бүү жороол” гэх итгэл үнэмшил л байдаг. Үр дүнд нь, эцэг
эхдээ тамлуулсан хохирогчдын бие сэтгэлийн хохирол л нэмэгдэнэ.

Тэгвэл
энэ бүх сэтгэлгээ, хандлага, хуулийн хариуцлагыг өөрчлөх нэгэн хуулийн
төсөл УИХ-д хэлэлцүүлэгт орж ирсэн нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх
тухай хууль юм. Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Гэр
бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг
хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжлээ.

Монгол
Улс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай байсан уу гэвэл байгаа. Уг
хуулийг 2004 онд баталснаас хойш Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх,
урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөр, Улсын Дээд шүүхээс тус хуулийн
зарим зүйл заалтыг нэг мөр ойлгож, хэрэглэх тухай тайлбар, ХЗДХЯ, ЭМЯ,
НХХЯ-аас хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон зарим заавар, журмуудыг
батлан хэрэгжүүлж байгаа. Гэвч хүчирхийлэл буурахгүй, харин ч хүний амь
нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих
болжээ. Тухайлбал, зөвхөн сүүлийн гурва жил найман сарын хугацаанд гэр
бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 1505 бүртгэгдсэн бөгөөд 49 хүн амь насаа
алдаж, 1180 хүн гэмтсэн байна. Цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй
болон захиргааны зөрчилд тооцогдон арга хэмжээ авагдсан хүчирхийллийн
тоо үүнээс даруй 5 дахин их байгааг энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг
ТББ-уудын судалгаа харуулж байгаа аж. Мөн хууль хэрэгжиж эхэлснээс
хойших 8 жил гаран хугацаанд хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах 41
шийдвэрийг шүүх гаргасан ч тэдгээр шийдвэрийн нэг нь ч хэрэгжээгүй
байна. Хэрэгждэггүй шалтгаан нь хуулийн зохицуулалт оновчтой бус,
ялангуяа байгууллагуудын эрх хэмжээ, оролцоог хэт ерөнхий, салангид
байдлаар тусгаж, хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг
хамгаалах процедурыг орхигдуулсантай холбоотой гэнэ.

Иймд
шинэ хуулиар эрх зүйн зохицуулалтыг хохирогчийн аюулгүй байдлыг нэн
тэргүүнд хамгаалах, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх,
хариуцлага гарцаагүй байх зэрэг зарчмын зохицуулалт орсон аж.
Тодруулбал, Хуулийн төсөлд хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэсэн бүлэг
нэмэгдэж байгаа бөгөөд хүүхдүүд хүчирхийлэлд өртсөнөө төдийлөн мэддэггүй
тул тухайн хүүхдийг хүчирхийлэлд өртсөнийг хэн нэгэн мэдвэл уг асуудлыг
мэдээлэх нь иргэний үүрэг байхаар зааж. Хүүхэд хүчирхийлэлд өртөж байхыг харсан хүн холбогдох газарт мэдээлэх ёстой. Хэрвээ
иргэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцно. Эр, эмийн
хооронд жороолохгүй хэмээсэн нөхдөд хариуцлага ярина гэсэн үг аж.

Мөн
төсөлд хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээний зохицуулалтыг
цогц байдлаар томьёолж, үйлчилгээг мэргэшсэн төрийн бус байгууллагаар
гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх, тэдэнд үзүүлэх дэмжлэгийн
хэлбэрүүдийг шинээр оруулахаар мөн тусгасан байна. Уг хуулийн төсөл нь
улс төржилгүйгээр дэмжигдэх магадлал өндөр бөгөөд өмнө Монгол Улсын
Ерөнхийлөгч “Боолчлол гэр бүлийн хүрээнд үлдэж. Хүчирхийлэлд өртөгчдийн
80 гаруй хувь нь бага насны охид, бүсгүйчүүд, өсвөр насны охид,
эмэгтэйчүүд байна. Манай улсын 3 өрх тутмын нэг гэр бүлд хүчирхийллийн
ямар нэгэн хэлбэр оршиж байна. Охидоо хамгаалж чадахгүй бол Монголоо
хамгаалж чадахгүй, Хүнээ хамгаалж чадахгүй бол хүнлэг нийгмээ хамгаалж
чадахгүй” гэж онцолж байсан аж.

Ийнхүү Засгийн
газар, Ерөнхийлөгчийн институц, олон нийтийн зүгээс дэмжлэг хүлээгээд
байгаа хуулийн төсөл хууль тогтоогчдын ширээн дээр очлоо. Агуулгыг нь ч дэмжинэ гэдгээ УИХ-ын гишүүд илэрхийлчихлээ. Одоо хэлбэр, дүрс дээр л суух үлдэж байна. Ямартаа ч энэ хууль батлагдсанаар “гэрийн бугнууд”-ыг номонд нь оруулах биз.
Тэднийг хүчирхийлэл үйлдвэл хэлэх хүн, ногдуулах хариуцлага, сурган
хүмүүжүүлэх сургалт, архины хамаарлаас гаргах гаргах хөтөлбөр гээд
тодорхой зүйлс хүлээж байна шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *