Швейцар улсын Лозанна хотод ОУОХ-ны Төв
байранд тус байгууллагын ерөнхийлөгч Т.Бахын удирдлага дор болсон дээд
хэмжээний 4 дэх хуралдаанаар, Олимпийн хөдөлгөөнийг хөгжүүлэх стратегийн
“Agenda 2020” хөтөлбөрийн 15 дугаар зөвлөмжинд заасан сэргээш
хэрэглэдэггүй тамирчдыг хамгаалах зорилгыг ажил хэрэг болгох үүднээс
сэргээшийн шинжилгээг спортын холбоодоос хараат бус бүтцээр хийлгэж байх
тухай асуудлыг хэлэлцэн тодорхой шийдвэр гаргажээ.
Хуралдаанаас гаргасан мэдэгдэлд, “Agenda 2020” хөтөлбөрийн холбогдох
зөвлөмжийг биелүүлэх үүднээс сэргээшийн шинжилгээг спортын байгууллагаас
ангид, хараат бус бүтцээр хийлгэж байх шийдвэрийн гаргалаа. Иймд
сэргээшийн шинжилгээг олон улсын тавцанд явуулж байх хариуцлагыг өөртөө
авахыг Дээд хэмжээний хуралдаанаас WADA, Сэргээшийн эсрэг олон улсын
агентлагт хандан хүсэж байна. Иймд WADA, олимпийн хөдөлгөөний бүх
сонирхогч талууд, ОУОХ-ны гишүүн орнуудын төлөөлөгчдийг багтаасан Ажлын
хэсэг байгуулж дээрх асуудлыг хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ” гэж
онцлон дурдсан байна.
Өөрөөр хэлбэл, спортын холбоодод сэргээшийн шинжилгээ хийлгэхийг
хориглож байна. Өнгөрсөн оны арван хоёрдугаар сард болсон ОУОХ-ны Онц
чуулганаар олимпийн наадмын зардлыг багасгах, зохион байгуулагчдад
зардал, хотын дэд бүтцийг хөгжүүлэх зардлыг эн тэнцүү хариуцуулах,
олимпийн зурагтын суваг бий болгох, залуучуудын дотор спортыг хөгжүүлэх
стратегийг боловсруулах, ОУОХ-ны соёлыг бодлогыг тодорхой болгох,
ОУОХ-ны удирдлагыг боловсронгуй болгох, ивээн тэтгэх үйл ажиллагааны
стратегийг төгөлдөржүүлэх, гишүүн элсүүлэх журмыг шинэчлэх зэрэг 40
зөвлөмж бүхий Олимпийн хөдөлгөөнийг хөгжүүлэх стратегийн “Agenda 2020”
хөтөлбөрийг батлан гаргасан билээ.