Дэлхийн дуучин У.Уранцэцэгийн гургалдай хоолой ДБЭТ-ын тайзнаа эгшиглэж байна. Түүний эгч жүжигчин У.Уранчимэгийг хүмүүс мэднэ дээ. Эвлэгхэн дуулдаг, гурван эгч дүүсийн нэг өдгөө дэлхийн театруудаар уригдан дуулдаг дуурийн дуучин болжээ. Италийн нэрт хөгжмийн зохиолч Гаэтано Доницеттигийн “Лучиа ди Ламмермур” дуурь энэ сарын 17, 18-нд анх удаа Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглогдоно. Дуурийн найруулагчаар БНСУ-ын найруулагч Ан Ху Вон ажиллаж байна лээ. Уг дуурийн гол дүр болох Лучиад У.Уранцэцэг тоглохоор ДБЭТ-ын уран бүтээлчидтэй хамт бэлтгэл хийж байлаа. “Лучиа ди Ламмермур” нь сопрано хоолойтнуудын хүч, авьяасыг сорьдог дэлхийд алдартай бүтээл юм. Бэлтгэл завсарлах үеэр У.Уранцэцэгтэй ярилцлаа.
-Монголын ДБЭТ-ын тайзан дээр анх удаа дуулж байгаа гэсэн?
-16 жилийн дараа театрынхаа урилгаар ирж байгаадаа баяртай байна. Үнэнийг хэлэхэд өмнөх дуурийн театрын дарга нар намайг уриагүй. Энэ удаа Ч.Мөнхзул дарга намайг урьсанд баяртай байгаа.
-Таны тоглох дуурийн тухайд юу хэлмээр байна?
-Монголд энэ дуурь анх удаа тавигдаж байгаа юм. Түүнээс биш дэлхийд алдартай дуурь. Энэ дуурийг тэр бүр театрууд зориг гарган тавьдаггүй. Маш хүнд дуурь учраас. Монголын театр зориглон тавьж байгаад баярлаж байна. Том юм хийж байж л их юм сурна шүү дээ. Доницеттигийн дуурийг тавьснаар залуу уран бүтээлчид жаахан ч гэсэн юм сурч байгаад олзуурхаж байна. Энд бас миний хайртай хөгжмийн зохиолчийн, хайртай дуурь маань тавигдсанд бас дуртай байсан л даа. Яг энэ дүрдээ би дөрөвдүгээр сард Эстонид дуулна.
-Таныг Италид ажиллаж амьдардаг дуучин гэдэг?
-Намайг янз бүрээр ярьдаг л даа. Өөрийгөө дэлхийн дуучин гэж хэлнэ. Энд тэнд очоод дуулдаг учраас Италид ажиллаж амьдардаг гэж болохгүй. Амьдрахын хувьд би Итали улсын Милан хотод амьдраад 17-18 жил болж байна. Ажиллахын хувьд дэлхийгээр хэсээд явж байдаг хүн дээ.
-Дэлхийн театруудаар ихэнх цагаа өнгөрөөдөг болохоор жинхэнэ нүүдэлчин амьдралын хэв маягтай хүн шиг санагдлаа?
– Бидний амьдрал ерөөсөө тийм. Заримдаа долоо хоногт хоёр, гурван улсад очиж дуулах жишээтэй. Их ядардаг. Яахав ажил болгон өөрийн гэсэн онцлогтой шүү дээ. Онгоцны буудал, зочид буудал, таксинд ихэнх цагаа зарцуулдаг.
-Таны очих дуртай нутаг орон, театр аль нь вэ?
-Би Германд ажиллах дуртай. Асар их зохион байгуулалт сайтай хүмүүс. Аливаа улсуудын хотын төв театруудад ажиллах дуртай. Аль эртнээс хуваарь нь гараад ажил нь жигдэрчихсэн байдаг. Миний зүгээс ямар ч стрессгүй ажиллах боломж олддог болохоор аятайхан.
-Орчин үед дуурийн дуучид хамгийн их даяаршсан хүмүүс болжээ?
-Монголын систем өөр. ДБЭТ-т гоцлол дуучин гэсэн орон тоо байдаг. Дэлхийн ихэнх дуурийн театрыг орон тооны дуучин байдаггүй. Итали, Испани, Франц, Бельги, Нидерланд гээд ихэнх оронд өөрийн гэсэн орон тооны дуучин байдаггүй. Зөвхөн оркестр, хоорын дуучин гэж байдаг. Систем нь өөр. Тийм учраас нэг дуурь хийлээ гэхэд ертөнцийн өнцөг булан бүрээс дуучид цугларч дуурь босгодог. Хоёр сар шахам хугацаанд “нүдээд” дуурь босчихно.
-Олон орны хүмүүс хамт ажиллахад зохицох, ойлголцохоос авахуулаад бэрхшээл байдаг уу?
-Бүгд ажлаа мэддэг учраас хүмүүс зохицоод л явна.
-Та энд тэнд явж байхдаа Монголынхоо уран бүтээлчидтэй таарч байв уу?
-Болгарт ажиллаж амьдардаг монгол дуучин байдаг юм билээ. Германы театрт очиж дуулахад тэндхийн ажилтнууд “Энд бас нэг монгол дуучин ирнэ ш дээ” гэж байсан. Болгарт байдаг Баясгалан гээд дуучин байдаг юм билээ. Түүнээс биш өөр уран бүтээлчтэй таарч байгаагүй.
-Эгч дүү гурван Урнаа дуулдаг байсныг санаж байна. “Вансэмбэрүү” гээд л дуулдаг байлаа?
-Багаасаа л уран бүтээл хийгээд тайзан дээр дуулж байсан. Тэр үед өөр цаг үе байлаа. Тэгж дуулснаар их юм сурч авсан гэж боддог. Наад зах нь тайзан дээр биеэ авч явж сурсан.
-Багадаа дуучин болно гэж боддог байсан уу?
-Ерөөсөө л дуучин болно гэж боддог байсан.
-Эгч дүүс хэр холбоотой байдаг вэ?
-Холбоотой байлгүй яах вэ. Дөнгөж сая хүргэж өгчихөөд явлаа. Миний хамгийн чухал эрдэнэ эгч дүүс маань.
-Монголд ямар төлөвлөгөөтэй ирсэн бэ. Дуулах, бэлтгэл хийхээс гадна хаагуур юу амжуулах вэ?
-Одоогийн байдлаар надад амжуулж байгаа юм алга. Дуурийн театр дээр өглөөнөөс орой хүртэл бэлтгэл, сургуулилт хийж байна. Арванхоёрдугаар сард бас ирж магадгүй. Бас нэг тоглолт яригдаад байгаа. Би 18-нд дуулчихаад, маргааш нь буцна. 21-нд Италид тоглолттой болохоор энд удаан байх боломжгүй. Ээж аавдаа ч цаг гаргаж чадахгүй байна. Өглөөнөөс авахуулаад тайзан дээр дуулаад орой ядарсан амьтан усанд ороод унтаж байгаа.
-Алдарт Лучано Павароттитой хамтарч дуулсан гэсэн. Таныг яагаад сонгосон юм бол?
– Монголын дуучин гэхээр өөрт нь их сонирхолтой сонсогдсон гэсэн. Миний хийсэн ажилтай танилцаад, дуулж байгааг маань сонсоод таалагдсан юм билээ. Тэгээд өөрийнхөө зохион байгуулсан тоглолтод урьсан. 20 орноос дуучин ирсэн байлаа. Түүнд нь Монголоо төлөөлж дуулсан. Сайхан дурсамжтай мөч л дөө. Нас барахаас нь тав зургаан жилийн өмнө юм уу даа.
-Хүү чинь бас дуулдаг уу?
-Одоогоор авьяас өвлөсөн тухай ярихад эрт. Хүү маань жижигхэн. Дөрөвхөн настай. Монгол нэрийг нь Анар гэдэг юм. Нөхөр Андрей маань инженер мэргэжилтэй хүн байдаг.
-Нөхөр чинь таны шүтэн бишрэгч үү. Монголд танилцсан гэж сонссон?
-Нөхөр маань Монголд хоёр жил ажилласан. Би оюутан байхдаа орчуулагч, телевизэд нэвтрүүлэгч хийдэг байлаа. Хоёр ажил давхар хийдэг байсан. Итали хэлний орчуулагчийн ажлаа хийж явахдаа нөхөртэйгөө танилцаж байв. Маш зөөлөн сайн хүн. Би өөрөө ааштай, зарчимч. Манай хүн маш дөлгөөн.
-Олон хэлээр дуулах шаардлагатай болдог байх?
-Таван хэлээр ярьдаг. Хэлтэй бол хөлтэй гэдэг. Залуу дуучдад захиж хэлэхэд гадаад хэл маш сайн сурах хэрэгтэй. Залуу насыг алдаж болохгүй. Монголчууд маань залхуу байна. Өөртөө сэтгэл ханасан байдаг юм байна. Тэр нь харамсалтай санагдлаа.
-Монголын дуурийн дуучид ямар түвшинд байна вэ?
-Сайн дуучид байна. Надтай цуг дуулж байгаа Э.Амартүвшин гээд залуу байна. Үнэхээр чадварлаг дэлхийн стандартын түвшинд очиж дуулахаар Ч.Энхтайван гэж дуучин байгаа. Хоолой нь надад маш их таалагдаж байгаа. Ур чадварын хувьд дэлхийд гологдохгүй дуучид.
-Дуулахаас бусад үед эх орондоо ирдэг үү?
-Нөхөр хүүхэдтэйгээ зун ирээд буцдаг. Зуны амралтаар 20-21 хоногийн хугацаатай ирдэг. Миний аав ээж ная гарч байгаа хоёр хөгшин бий. Тэдэндээ өөрийгөө харуулах хэрэгтэй.
-Монголынхоо залуу уран бүтээлчдэд хандсан ажил хийх бодол байдаг уу?
-СУИС, ХБК-той хамтраад материалтай, авьяаслаг залууст юм хэлээд өгчихье гэж бодолгүй яахав. Давчуу хугацаатай, бэлтгэл ихтэй учраас цаг гаргаж чадахгүй байгаадаа харамсаж байна. Надтай хамтарч ажилладаг австри, герман, франц гурван агентлаг байдаг. Тэд миний бүтэн жилийн ажлын хөтөлбөрийг гаргачихдаг. Чемоданаа барьж очиж дуулчихаад, сар, сар хагас болоод ирдэг. Энэ удаа 11 хоногийн хугацаатай ирлээ.