Хүн төрөлхтөн ирээдүйд устаж үгүй болох олон хувилбарыг эрдэмтэд дэвшүүлж байна. Энэ дунд хамгийн эрсдэлтэй нь өөрсдийн гараар бүтээж буй техникийн дэвшил. Гар утас гэх харилцаа холбооны хэрэгсэлгүй байсан үе саяхан. Гэтэл өнөөдөр таны хэрэглэж буй гар утас хийх гэж буй үйлдлийг тань урьдаас мэдэрч, хариу урвал үзүүлдэг болтлоо асар хурдацтай хөгжсөн байна. Товчхондоо техник, технологийн хөгжил хүний оюун ухаанаас бусдыг өөртөө аль хэдийнэ шингээчихээд байна. Хүн оюун ухаантайгаараа амьтдаас ялгаатай гэдэг. Тэгвэл оюун ухаан гээч зүйлээ сэтгэн бодох, анализ хийж, бусадтай халуун дотно харилцаа үүсгэж чадахаас бусдыг хийж буй роботод өгчихвөл яах бол. Нэг ёсондоо роботыг хиймэл оюун ухаантай болгох нь зөв үү, буруу юу гэсэн асуудал сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн анхаарлыг нэлээд татах боллоо. Мэдээж роботод хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх зэрэг ололттой тал олон бий. Гэвч робот хүнтэй адил оюун ухаантай болчихвол эргээд хүн төрөлхтнийг устгаж ч мэдэх юм гэсэн таамаглалыг эрдэмтэд дэвшүүлэх болжээ.
ХИЙМЭЛ ОЮУН УХААН ГЭЖ ЮУ ВЭ?
Хиймэл оюун ухаан буюу англи хэлээр Artificial Intelligence гэдэг нь өөрийгөө хөгжүүлж байдаг төгс программ. Тодруулбал шинээр бүтээж буй техник, компьютерийн программ хангамжид суурилуулахыг зорьж буй зүйлийг хэлээд байгаа юм. Энэ чиглэлийн судлаачид “ухаалаг агент” ч гэж нэрлэх нь бий. Ухаалаг агентыг орчноо танин мэдэж тохирсон үйлдлийг гүйцэтгэхдээ амжилтад хүрэх магадлалаа дээд зэрэгт хүргэхийг эрмэлздэг систем гэж тодорхойлсон байдаг. Одоохондоо робот бол зөвхөн зохиогчийн бүтээсэн программчлал буюу алгоритмын дарааллаар ажилладаг. Хэрвээ төгс хиймэл оюуныг зохион бүтээх юм бол хүн төрөлхтөн өөрсдийнхөө бүтээсэн зүйлд устаж үгүй болох магадлалтай гэнэ. Учир нь хиймэл оюун дүн шинжилгээ хийж хариултыг өөрийнхөөрөө илэрхийлж, өөрийн алдааг олж, илүү сайжруулах, хүний сэтгэхүйгээс илүүг сэтгэх давуу чанаруудтай болох байна.
РОБОТУУДЫН ХУВЬД ХҮН ЗӨВХӨН ХООЛ, ТЭЖЭЭЛ БОЛЖ ХУВИРНА
Хиймэл оюун ухааны талаар таагүй мэдээллүүд цацагдах болсон. Хүн төрөлхтнийг мөхөлд хүргэж болох эрсдэлүүдэд судалгаа шинжилгээтэйгээр хандаж ажилладаг “Global Challenges Foundation” байгууллагаас хүн төрөлхтнийг мөхөлд хүргэж болзошгүй хэд хэдэн зүйл дурдсан байсны нэг нь хиймэл оюун ухааны талаарх мэдээлэл. Тус мэдээлэлд компьютер, роботын хөгжил нь хүн төрөлхтний хөгжлөөс давж алхах боломж бөгөөд хэт ухаантай болж байгаа нь эргээд бүхнийг өөрсдөө удирдаж, хүн төрөлхтнийг зөвхөн энергийн эх үүсвэр болгон ашиглаж магадгүй талаар онцолсон байв. Түүнчлэн энэ бүхний дараа хүн роботын эсрэг тэмцэх аваас бидний амьд үлдэх магадлал 0-10 хувь хэмээн судалгаандаа дурджээ. Тэгэхээр хүн роботуудын хувьд зөвхөн хоол, тэжээл болж хувирах бололтой.
ХИЙМЭЛ ОЮУНЫГ БИЕЭР МЭДЭРСЭН СТИВЕН ХОКИНГТОЙ ЭРДЭМТЭД САНАЛ НЭГДЖЭЭ
Эрдэмтдийн хувьд хиймэл оюун ухааны эсрэг ээлж дараалан байр сууриа илэрхийлэх болсон. Нэрт эрдэмтэн, онолын физикч Стивен Хокинг “BBC” агентлагт ярилцлага өгөхдөө хиймэл оюун хүн төрөлхтөнийг устгана гэдгийг хэлсэн байсан. Учир нь тэрээр роботын хөгжлийн хурдцыг өөрийн биеэр мэдэрч яваа нэгэн. Өвчний улмаас биеийнх нь ихэнх хэсэг хөдөлгөөнгүй болсон тэрээр сүүлийн 40 гаруй жил хүмүүстэй роботын тусламжтай харилцаж байгаа билээ. Ярьж ч чадахгүй тэрээр “Intel” компанийн өөрт нь зориулж бүтээсэн ярианы системээр ийнхүү хүмүүстэй харилцаа тогтоодог. Энэхүү систем нь түүний юу бодож, ярихыг урьдаас мэдэрдэг гэсэн үг. Энэ бол хиймэл оюун ухааны энгийн хэлбэр. Иймэрхүү туслагчийг Microsoft, Apple, Google зэрэг томоохон компаниуд илүү дэвшилтэт байдлаар зохион бүтээх ажлыг өрнүүлсээр байгаа аж. Түүний ярианы систем нь чадвараа ахиулах онцлогтой бөгөөд хэрвээ хязгаар тогтоохгүй бол эрсдэлтэй гэдгийг Стивен Хокинг хэлсэн. Үүнийг хиймэл оюун ухаан сөрөг нөлөөтэй болохын хамгийн чухал нотолгоо гээд хэлчихэд болно. Тэрээр өгсөн ярилцлагадаа “Технологи хүний чадавхитай эн тэнцэх аваас, энэ нь өөрийгөө программчилж, улам бүр л өөрийгөө сайжруулах болно. Удаан хугацааны биологийн эволюциар хязгаарлагдсан хүмүүс хиймэл оюунтай өрсөлдөж чадахгүй, хүчин мөхөсдөнө. Хиймэл оюуныг бүрэн хөгжүүлэх нь хүн төрөлхтний мөхлийг дуудна” хэмээн шуудхан хэлсэн байдаг.
Шведийн философич Ник Бостром хиймэл оюун ухааныг олон жил судалж буй нэгэн. Тэрээр энэ чиглэлээр ном хүртэл гаргасан нь дэлхий нийтийг цочролд оруулаад байгаа. Ник Бостром “Супер оюун ухаан” (Superintelligence) нэртэй номондоо дэлхий ирээдүйд технологийн маш өндөр хөгжилд хүрнэ. Гэвч үр шимийг нь хүртэх хүн үлдэхгүй. Учир нь роботууд хүнээс давсан оюун ухаантай болсон цагт эргээд биднийг устгах арга зам эрэлхийлнэ хэмээн бичжээ. Зөвхөн эрдэмтэн судлаач гэлтгүй зохиолч Жэймс Баррат хүртэл хиймэл оюун ухааны талаар бүтээл туурвисан бөгөөд уг бүтээлээ Хиймэл оюун ухаан ба Хүмүүний эриний төгсгөл” (Our Final Invention: Artificial Intelligence and the End of the Human Era) гэж нэрлэжээ.
УХААЛАГ РОБОТ ЭРТ ҮЕЭС УЛБААТАЙ
Хиймэл оюун ухаан гэдэг нэр томъёо саяхан гарч ирсэн юм биш. Сэтгэх чадвартай хиймэл оюун ухаант биетүүд ард түмнийг хамгаалж ирсэн тухай олон үлгэр домог бий. 1818 онд анх хэвлэгдсэн Английн зохиолч Мэри Шелли гэх эмэгтэйн “Франкенштейн буюу Орчин үеийн Прометей” зохиолыг ч дурдаж болно. Ер нь эртний түүхтэй. Харин “Хиймэл оюун ухаан”-ы шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа шинжилгээг 1950-иад оноос Алан Туринг, Жонн Мккарти, Мервин Мински зэрэг олон эрдэмтэд хийж эхэлсэн байна. Ингэхдээ судалгааны ажил 1970-1990 хүртэл бараг зогсонги байдалд оржээ. Жинхэнэ сэргэн мандалтын үе нь 1997 онд “DeepBlue” гэдэг программ гарч ирсэн явдал юм. Энэхүү программ нь шатар тоглоход зориулагдсан бөгөөд дэлхийн шатрын аварга Гарри Каспаровыг ялж цоо шинэ нээлтийг хийсэн. Түүнчлэн 2011 онд телевизийн алдарт асуулт хариултын шоунд зориулагдсан программ гарсан гээд мэдээж өнгөрсөн хугацаанд хиймэл оюун ухааныг нутагшуулах зорилготой алхмууд, нээлтүүдийг ээлж дараалан хийж байлаа. Гэхдээ өгсөн даалгаврыг эсэргүүцдэг, өөрийгөө чадавхижуулж, үйлдлээ хянаж чаддаг, зорилгоо тодорхойлдог болчихвол хүн төрөлхтөнд заналхийлэл бүрэн утгаараа ирж болзошгүй аж.
ЗЭВСЭГТ ХҮЧИН, ЭМНЭЛГИЙН САЛБАРТ РОБОТЫГ ТҮЛХҮҮ АШИГЛАЖ БАЙНА
Дайны зориулалтаар ашиглах техник, зэвсгийн дэвшлээр Америк дэлхийд толгой цохиж байлаа. Харин энэ ноёллыг өдгөө Хятад улс гартаа оруулчихаад байна. Тив алгасдаг сөнөөгч пуужин бүтээсэн хэмээн дэлхий нийтэд зарлаж танилцуулсан. Иймэрхүү хүнгүй жолоодлого хийх автомат сөнөөгч пуужин, сөнөөгч онгоцыг хүчирхэг гүрнүүд төвөггүйхэн бүтээж байна. Энэ нь нэг талаараа сөрөг талтай. Удирдлага нь атгаг санаатай нэгний гарт орвол яах вэ. Эсвэл роботжсон дайны зэвсэг хүний удирдлагаас гарч хүн төрөлхтнийг хиаруулах ч магадлалтай. Учир нь байгаа устгах, үгүй хийх программаар командлагдсан байдаг шүү дээ. Сайшаалтай нь хараахан бүрэн хиймэл оюун ухааныг тэдэнд нутагшуулж амжаагүй байна. Иймэрхүү хиймэл оюун ухааны төгс хэлбэрийг эрэлхийлж яваа роботын төлөөллийг эрүүл мэндийн салбарт ашиглаж буй орон олон байдаг аж. Тухайлбал, өвчний тухай, эмчлэх эмчилгээний заавар зэргийг программчлан бүрэн суулгасан байдаг учраас робот өвчтөнийг үзээд оношийг нь тогтоож, шаардлагатай эмчилгээг хүртэл хийдэг байна. Тиймээс эрдэмтэд хиймэл оюун ухааныг роботод нутагшуулсан тохиолдолд эерэгээр ашиглагдах программтайгаар бүтээх гарц хайж байгаа бололтой. Үүний тод жишээ бол Tesla, SpaceX компаниудыг үүсгэн байгуулагч Элон Маскийн уриалга юм. Тэрээр хиймэл оюун ухаан бол хүн төрөлхтний хамгийн том аюул. Цөмийн зэвсгээс ч аюултай гэж эсэргүүцлээ илэрхийлжээ. Орчин үеийн техник, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, санхүүжүүлдэг түүний хувьд ийм тайлбар хэлсэн нь олныг гайхшралыг төрүүлээд авчээ. Маск “Хиймэл оюун ухааныг хүн төрөлхтөнд ашигтай байдлаар нэвтрүүлэх нь” гэх судалгааны ажилд их хэмжээний мөнгө хандивласан удаатай. Тэрээр “Би хиймэл оюун ухааныг эсэргүүцсэндээ биш. Хязгаар тогтоохыг хүсч байна” гэсэн байна. Тийм ч учраас робот үйлдвэрлэж буй зарим компанид мөн санхүүжилт хийсэн байна. Энэ нь роботын хөгжлийн түвшинг хянаж байх зорилготой аж.
РОБОТ ТӨГС ОЮУН УХААНТАЙ БОЛОХ ҮЕИЙН ДЭЛХИЙ ЕРТӨНЦ
Роботтой холбоотой бидний ирээдүйг зөгнөсөн олон кино байдаг. Ихэнхдээ робот бүтээх явцдаа эрдэмтэн алдаа гаргаж, түүний бүтээсэн робот эргээд эзэн, цаашлаад дэлхийг сүйрүүлдэг талаар өгүүлсэн байдаг. Алдарт жүжигчин Арнольд Шварцнегерийн тоглосон “Хөнөөгч” буюу “Терминатор II” киног үзсэн л биз дээ. Ирээдүйд Скайнэт хэмээх хиймэл оюун ухаан хүн төрөлхтнийг цөмийн бөмбөгөөр мөхөөж ертөнц дээрх амьтай болгоныг устгаж байгаагаар кинонд гардаг. Энэхүү уран зөгнөлт кино шинжлэх ухааны үндэслэлтэй арван киноны нэгээр нэрлэгддэг байна. Яг иймэрхүү дүр зураг хүн төрөлхтнийг хүлээж болох юм. Мөн нэгэн хэлбэрийн боолчлол дэлхийд ноёрхож ч магад. Хиймэл оюун ухаанаас гадна хүмүүс өөрсдөө киборг буюу амьд робот болох үндэслэл ч бий гэнэ. Хиймэл гар, хөл суулгалаа гэдэг. Энэ нь эцэстээ төгсөрч зүрх, уушги хүртэл бүтээж нэг ёсондоо хүн бүрэн робот болон хувирахыг үгүйсгэхгүй. Нотлох баримтгүй ч нэрт зөгнөгч Ванга 2046 он гэхэд хүний бүх эрхтэнг сольж болно. 2111 он гэхэд хүмүүс амьд робот буюу киборг болно гэж зөгнөсөн байдаг. Ирээдүйд юу тохиолдохыг хэн ч тааварлашгүй.
ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ БҮРЭН УСТГАЖ БОЛОХ УУ?
Хиймэл оюун ухаан гэдэг биет зүйл биш учраас бүрэн устгах боломжгүйг эрдэмтэд хэлж байна. Хэрвээ робот төгс оюун ухаантай болчихвол хүний тархин дахь мэдээллийг программчилж, улмаар ой санамж, дурсамжийг устгаж, хийх гэж буй үйлдлийг урьдчилан мэдэж, бидний хяналтаас бүрэн гарна. Ийм тохиолдолд хүн гэдэг амьтан оюун ухаанаараа нэг алхам ухарч, робот хүний оюун ухаанаас хол давж төгсөрнө. Харин хүн тархиндаа чиптэй, хянах удирдлагагүй хүүхэлдэй болж хувирахыг судлаачид сэрэмжлүүлсээр байна. Тиймээс бүрэн устгаж чаддаггүй юм аа гэхэд тодорхой хязгаарт барих санааг эрдэмтэд дэвшүүлсэн байна. Математикч, зөгнөлт зохиолч Винг хиймэл оюун ухаан аль ч салбарт хүнээс илүү гарах боломжтой гэжээ. Иймээс хамгийн оновчтой хувилбар бол хиймэл оюун ухааныг ашиглахад хязгаарлалт тавих гэдгийг эрдэмтэд дуу нэгтэй уриалжээ.