Categories
мэдээ нийгэм

Эдийн засгийн ил тод байдлын хуулийг танилцуулах өдөрлөг болж байна

Засгийн газар өнгөрсөн долоодугаар сарын 3-ны өдөр “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль”-ийг боловсруулан өргөн барьсныг УИХ-ын ээлжит бус чуулганаар баталсан билээ.

Энэхүү хууль нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын татварын ачааллыг бууруулж, тайлагнах журмыг хөнгөвчлөх, ил тод, нээлттэй болгох, зарим татварын хөнгөлөлтийг үзүүлэх зорилготой юм. Нөгөө талаасаа сүүдрийн эдийн засгийг бууруулж, хөрөнгө оруулалтын урсгалыг сайжруулах, бизнес эрхлэгчдэд шударгаар үйл ажиллагаа явуулах боломж олгож байгаагаараа давуу талтай.

Тэгвэл тус хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан олон нийтэд таниулах ажлын хүрээнд өнөөдөр ТЕГ-аас Ялалтын талбайд нээлттэй өдөрлөгийг зохион байгуулсан юм. Өдөрлөгт Сангийн яам, ТЕГ, УБЕГ, ГЕГ, НДЕГ оролцож, иргэдэд татварын талаар мэдлэг олгох сургалтыг газар дээр нь зохион байгуулж, зөвлөгөө, лавлагаа өгөв. Энэхүү арга хэмжээ 17:00 цагт хүртэл үргэлжилнэ.

-ЭДИЙН ЗАСГИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ТАТВАР ТӨЛӨГЧ ТАНД ЯМАР БОЛОМЖ ОЛГОЖ БАЙГАА ВЭ-

Монгол улсад татвар төлж буй иргэн та өмнө нь ямар нэгэн байдлаар татварын тайлангаа Татварын ерөнхий газарт хүргүүлж амжаагүй бол “Эдийн засгийн ил тод байлын тухай хууль”- ийн дагуу нэг удаа нөхөн татвар, торгууль төлөлгүй тайлагнах боломж бүрдлээ. Үүнд, 2015 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс өмнө хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлэх, улсын бүртгэлд шинээр бүртгүүлэх боломжтой юм.

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *