Categories
мэдээ улс-төр

Э.Бат-Үүл даргыг огцруулах саналыг хэлэлцэхгүй гэв

НИТХ дахь МАН-ын бүлгээс хотын дарга
Э.Бат-Үүлийг огцруулах хүсэлтийг өчигдөр Д.Баттулгад өргөн мэдүүлсэн юм. МАН-ын
бүлгийнхэн хотын дарга Э.Бат-Үүлийг төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан, мөрийн
хөтөлбөртөө тусгасан ажлууд нь хэрэгжээгүй зэрэг үндэслэлүүдийг тавьж, огцрох
ёстой хэмээн үзсэн юм. Мөн тэд гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэгчийг
сонгохдоо ашиг сонирхлын зөрчил гаргасан гэх үндэслэлийг ч дурдсан байв. Тэгвэл
энэ асуудлаар НИТХ-ын дарга Д.Баттулга мэдээлэл хийж, тайлбар өгөв. Тэрбээр
хотын дарга Э.Бат-Үүлийг огцруулах асуудлыг хэлэлцэх боломжгүй гэсэн тайлбарыг
өглөө. Учир нь Монгол Улсын захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын
тухай хуулийн 32.6-д “хурлын төлөөлөгчдийн 1/3-ээс доошгүй нь Засаг даргыг
огцруулах саналд гарын үсэг зурж, хурлын даргад өргөн мэдүүлсэн 15 хоногийн
дотор уг асуудлыг хуралдаанаар хэлэлцэнэ” хэмээн заасан байдаг. Харин
МАН-ын бүлгээс ирүүлсэн албан бичигт тус бүлгийн нийт 14 төлөөлөгчийн 12 нь
гарын үсгээ зурсан. МАН-ын бүлгийн төлөөлөгчдийн гарын үсэг хуулийн шаардлагыг
хангахгүй байгаа учраас энэ асуудлыг хэлэлцэх боломжгүй хэмээн тайлбарлав.
НИТХ-ын дарга Д.Баттулга “Би хоёр л зүйлийг хэлье. Нэг бол QI муутай хүн үүнийг
бичсэн. Нөгөө бол улаанбаатарчуудыг юу ч мэддэггүй учраас яаж ч бичсэн итгэнэ
гэж бодсон байх. Бас хотын удирдлагуудыг муулж л байвал юу ч бичсэн хамаагүй
гэсэн үндэслэл байна лээ. 95 тэрбум төгрөгөөр цэцэг тарьсан гэдэгт ямар ч эрүүл
ухаантай хүн итгэхгүй. Бид 2013 онд 230 сая, 2015 онд 250 сая төгрөгөөр цэцэг
тарьж, хотод тохижилт хийсэн. Гурван жилийн хугацаанд нэг тэрбум төгрөг ч
хүрэхгүй мөнгөөр цэцэг тарьж, тохижилт хийсэн. Рейлбуст 8 орчим тэрбум төгрөг
зарцуулсан гэж байгаа. Хотоос 600 сая төгрөг л гаргасан. Бусдыг нь төмөр зам
шийдсэн шүү дээ. Огцруулах үндэслэлүүдийн талаар хотын удирдлагууд дараа
дэлгэрэнгүй тайлбар хийнэ” гэж мэдээллийн үеэр хэлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *