Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгч И.Гаук нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ганцаарчилсан уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгч И.Гаук нар албан ёсны хэлэлцээ хийлээ.

лбан ёсны хэлэлцээний эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Эрхэмсэг ноён холбооны Ерөнхийлөгч И.Гаук таныг Монгол Улсад төрийн айлчлал хийхээр ирсэнд гүн талархал илэрхийлье. ХБНГУ бол Европ дахь манай гол түнш орон гэж үздэг. Таны айлчлал Монгол Улсад анх удаа ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ой тохиосон жилд болж байна. Хоёр орны хоорондох дээд хэмжээний айлчлал хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, найрсаг уур амьсгалыг улам гүнзгийрүүлэхэд онцгой үүрэгтэй гэж үзэж байна. Таны энэ айлчлал хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад чухал үүрэгтэй юм” гэлээ.

ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгч И.Гаук хариу хэлсэн үгэндээ “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө, Монгол Улсад төрийн айлчлал хийхээр ирсэндээ миний бие туйлын их баяртай байна. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа сайн хөгжиж байгаад баяртай байдаг. Монгол Улс ардчиллын төлөө тууштай тэмцэж ирсэнд бид мөн талархаж байдаг” гээд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа цаашид ч гүнзгийрэн хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.

Хоёр талын харилцаа соёл, боловсрол, эдийн засаг, иргэд хоорондын харилцаа зэрэг олон талд суурилан амжилттай хөгжиж байгааг албан ёсны хэлэлцээний үеэр талууд тэмдэглэлээ.

Албан ёсны хэлэлцээнд Монголын талаас Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Сангийн дэд сайд С.Пүрэв, Германы талаас ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга Давид Гилл, Холбооны эдийн засаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Маттиас Махниг, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Герхард Тийдеманн, Холбооны Ерөнхийлөгчийн Тамгын газрын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн захирал, Элчин сайд Лизелорэ Цюрус, Холбооны Ерөнхийлөгчийн ажлын албаны дарга Иоханнес Штурм нарын зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *