Нийгмийн эрүүл мэндтэй холбоотой тэмдэглэлт өдрүүдийн нэг нь “Дэлхийн гар угаах өдөр” юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2008 оныг ‘Олон улсын Ариун цэврийн жил’ болгосонтой холбогдуулан жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхаглаж дэлхий даяар эрүүл ахуйн дадлыг сайжруулахыг уриалсан.
“Дэлхийн гар угаах өдөр” нь дэлхийн олон сая хүмүүсийг гараа савандаж угаах явдлыг хөхүүлэн дэмжиж, олон нийтийн оролцоог дэмжсэн бүх нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулдаг тэмдэглэлт өдөр юм. Иймд “Дэлхийн гар угаах өдөр 2015”-ийг “ЦЭВЭР ГАР- АМЬДРАЛЫГ АВАРНА” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Дэлхий дээрх тав хүртэлх насны хүүхдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог суулгалт болон амьсгалын замын өвчин нь бохир гараар дамжин халдварладаг бөгөөд жил бүр 2.2 сая гаруй хүүхэд эдгээр өвчлөлүүдийн улмаас нас барж байгаа аж.
Суулгалт халдварыг үүсгэгч эмгэг төрүүлэгч нянгууд нь хүний ялгадсаар бохирдсон гар, бохир ус, угаагаагүй хүнсний ногоо, сав суулга, хувцсаар дамжин халдварладаг. Энэхүү суулгалт халдвараас гадна хүн амын дунд элбэг тохиолддог халдварт өвчин болох ханиад, томуу зэрэг амьсгалын замын өвчнүүд, вируст гепатит А, Е, цусан суулга, вирусийн гаралтай суулгалт халдварууд, балнад, иж балнад, булчин задрах тахал, хоолны хордлого, бэтэг, цагаан хорхойтох зэрэг өвчнүүдийн 90 орчим хувь, халдварт бус өвчин үүсгэгч химийн бохирдлын тодорхой хувь нь бохир гараар дамжин халдварладаг байна.
Бага насны хүүхдүүдийн өвчин эндэгдлийн голлох шалтгаан болсон дээрх өвчнүүдээс сэргийлэх хамгийн үр дүнтэй бөгөөд хямд төсөр арга бол гараа савандаж угаах явдал юм. Түүнчлэн сүүлийн жилүүдэд дэлхий дахины анхаарлын төвд байж, олон мянган хүний аминд хүрсэн Эбола болон бусад халдваруудаас өөрийгөө болон бусад хүмүүсийг урьдчилан сэргийлэх гол аргуудын нэг нь гараа савандаж угаах болохыг Эбола вируст халдвар бүртгэгдэж буй улс орнуудад ажилласан эмч, эмнэлгийн ажилтнууд нь нийт хүн ам ялангуяа эрсдэлт бүлгийн хүмүүст гараа хэрхэн зөв угаах талаарх мэдээллийг тогтмол өгч, сургалт, суртачилгаа хийж, зөв дадал хэвшилд суралцахыг зөвлөж, уриалсан байна.
Хүн бүр гараа ямар нэг хэмжээгээр угаадаг боловч маш цөөхөн хувь нь л гараа тогтмол савандаж угаадаг байна. Угаалгүй 6 цаг болсон гарт 10х107 –ээр тоологдох нян байдаг ба угаасны дараа уг нянгийн тоо 7-10 дахин цөөрдөг байна. Гараа тогтмол савандаж угааснаар суулгалт халдвараар өвдөх эрсдлийг 31 хувиар, дархлалын систем суларснаас суулгалт халдвараар өвчлөх эрсдлийг 58 хувиар, ханиад, томуу зэрэг амьсгалын замын халдварт өвчнөөр өвчлөх эрсдлийг 21 хувиар тус тус бууруулах боломжтой гэж үздэг ,2.
Түүнчлэн гараа савандаж угаах нь арьсны өвчнүүд, трахома зэрэг нүдний өвчин, хялгасан болон туузан хорхойн өвчнүүдээр өвчлөх эрсдлийг бууруулдаг бууруулдаг байна. Хэрэв гараа савандаж угаах дадлыг хүн бүр эзэмшиж, ахуй амьдралдаа хэвшүүлж чадвал бохир гараар дамждаг олон өвчнөөр бид өвдөхгүй байх бүрэн боломжтой төдийгүй гараа савандаж угааснаар гурав нь хүүхэд тутмын нэг нь суулгалт халдвараас, зургаан хүүхэд тутмын нэг нь амьсгалын замын халдварт өвчин болох уушгины үрэвсэлт өвчнөөс өөрийгөө сэргийлэх боломжтой ажээ.