Categories
мэдээ улс-төр

Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 70.6 хувийн саналаар “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийг Монгол Улсын Их хурлаас 2015 оны хоёрдугаар сард, Япон улсын парламент тавдугаар сард тус тус соёрхон баталсан юм. Тус хэлэлцээр нь хоёр тал харилцан ноот бичиг солилцсоноор хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.

Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж заасан. Монгол Улсын гаалийн нутаг дэвсгэрт импортлох болон экспортлох бараа бүтээгдэхүүнд нэн тааламжтай болон хөнгөлөлттэй тариф хэрэглэх, эдийн засаг, худалдааны бодлого хэрэгжүүлэхэд импортын барааны гарал үүслийн улсыг тодорхойлох асуудал чухал байр суурийг эзэлдэг. Гаалийн тухай хуульд 2012 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн хуулиар орсон нэмэлт, өөрчлөлтөөр гаалийн бүрдүүлэлтэд шаардагдах бичиг баримтаас “Гарал үүслийн гэрчилгээ”-г хассанаар одоогийн байдлаар мэдүүлэгчийн мэдүүлсэн гарал үүслийн улсыг хүлээн зөвшөөрөх төдийд буюу хангалтгүй байдлаар хэрэгжиж байгаа аж.

Гарал үүслийн дүрэмтэй холбоотой хүндрэлтэй асуудал гараагүй байгаа боловч, Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг хэрэгжүүлж эхлэхэд “хөнгөлөлттэй тариф”-ын хувь, хэмжээг мөрдөхтэй холбоотойгоор гарал үүслийн дүрэмтэй холбоотой олон асуудлууд гарч ирэх тул Гаалийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж “гарал үүслийн гэрчилгээг” шаардах хэрэгтэй болж буй юм байна.

Энэхүү хуулийг баталснаар нэмэлт хөрөнгө, зардал шаардагдахгүй, харин импортын барааны гарал үүслийг хуульд нийцүүлэн тодорхойлох боломжийг олгоно. Импортоор орж ирж байгаа барааны гарал үүслийг нотлон холбогдох баримт бичгийг бүрдүүлснээр хөнгөлөлттэй тариф хэрэглэх боломж бүрдэх ажээ.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *