Categories
мэдээ улс-төр

32 дугаар сургуулийг ирэх жил ашиглалтад оруулахаар болжээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэн, анхдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Төсвийн тодотголыг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн Л.Болд Хан-Уул дүүрэг дэх 32 дугаар сургуулийг хэзээ барьж эхлэх, хүүхдүүд хэзээ сургуультай болох тухай тодрууллаа. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр “Нийслэлийн 32 дугаар сургууль гамшгийн нурах аюултай гэж хаагдаад хүнд зам туулж байгаа. Концессын гэрээгээр барина гэдэг шийдвэрийг Засгийн газар гаргаад 2 жил гаруйн хугацаа өнгөрсөн. Хоёр дахь шатны компани шалгараад ажлаа эхлүүлэх гээд хүлээж байна. Сургуулийг нийслэлээс актлахад олон шат дамжлага байдаг, энэ процесс явахад хоног зарахаар байгаа. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдөд саналаа хүргүүлчихсэн, ирэх жил ашиглалтад оруулахаар концесс хариуцсан компанитай гэрээгээ байгуулсан” гэсэн хариулт өгсөн юм.

Үүнд УИХ-ын гишүүн Л.Болд “Хүнд суртал байгаа бол хэтэрхий байна, үүнийгээ шийдье. Хятадын зээл тусламжаар барилга барилаа л гэх, жип авлаа л гэх. Намайг улсаа дампууруулах юм шийджээ гэж байна. АСЕАМ дээр хэл ам хийгээд, хэдэн төгрөг төсөвлөсөн юм. үүнийгээ хэлээд өгөөч?” гэв.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “АСЕАМ-ын ач холбогдол Монгол Улсын нэр хүндийн талаар маргаж байгаа зүйл огт гарахгүй. Бэлтгэл ажил элдэв зүйлгүй явж байгаа, үндэсний хорооны том бүрэлдэхүүнтэй хурлыг 12 удаа хуралдсан. АСЕАМ-ыг өндөр хэмжээтэй зохион байгуулна”.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Төрийн албан хаагчдын цалингаа танаад ямар амжилтад хүрэх вэ, илүү хохирол амсах юм биш үү?”.

Сангийн сайд Б.Болор “Цалингийн хувьд 2015 оны төсвийн тодотгол дээр төрийн албан хаагчдын цалин буурахгүй, улс төрийн болон өндөр албан тушаалтнуудын цалин буурна. Төрийн тусгай, үйлчилгээ, багш эмч, цагдаа, цэргийн цалин буурахгүй” гэсэн хариулт тус тус өгсөн юм.

Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн хууль болон түүнтэй холбоотой бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлэхээр болж, Ерөнхий сайд танилцууллаа. Гэхдээ цайны цаг болсон тул чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулаад байна. Үдээс хойшхи хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *