Categories
мэдээ улс-төр

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд айлчилж байна

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн урилгаар БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Чан Ваньцюанийн манай улсад хийх айлчлал өнөөдөр эхэллээ. Түүнийг Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Даваа тэргүүтэй Батлан хамгаалах яам, жанжин штабын удирдлагууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас тосон авчээ.

Хурандаа генерал Чан Ваньцюань өнөөдөр Монголын Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонтой Батлан хамгаалах яаманд уулзаж, албан ёсны хэлэлцээ хийх юм. Мөн “Тусламжийн хэлэлцээр”-т гарын үсэг зурахаар товложээ. Тэрбээр айлчлалынхаа хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайдад бараалхаж, Батлан хамгаалахын их сургуульд зочилно.

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Чан Ваньцюань тэргүүтэй БНХАУ-ын цэргийн төлөөлөгчидийн энэ удаагийн айлчлал нь 15 жилийн дараа БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаагаар онцлог юм. Энэ удаагийн айлчлалын үеэр талууд батлан хамгаалах салбарын харилцаа хамтын ажиллагаа, цэрэг техникийн хамтын ажиллагаа, буцалтгүй тусламж дэмжлэг, боловсон хүчний сургалт, энхийг дэмжих ажиллагаа, батлан хамгаалах аж үйлдвэр, соёл спортын цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр өргөн хүрээний яриа, хэлэлцээр хийх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *