Categories
мэдээ нийгэм

Тахилга эхлэх гэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолын ажиллагааг зохион байгуулах гэж байна. Тахилга 10.00 цагаас Цэцээ гүний оргил дээр эхлэх бөгөөд иргэд Төр хурахын ам – Цэцээ гүн, Манзушир хийд – Цэцээ гүн гэсэн албан ёсны хоёр маршрутаар алхаж тахилгад оролцох юм байна. Харин тахилга үйлдэж буй газар эмэгтэй хүн гарахыг хоригложээ. Мөн иргэд цаг агаарын нөхцөл байдлыг сайтар судалж тахилгад оролцохыг анхааруулж байна.

Богдхан уулыг дархалж, тахиж ирсэн түүх Хүннү гүрний мандан бадарснаас цааших 3000 жилийн тэртээгээс улбаатай бөгөөд Богдхан уулыг зун, намрын цагт хоёр удаа тахиж байгаад сүүлдээ нэг удаа тахиж, 1921 оноос хойш тахихаа больжээ. 1994 оноос хойш хэд хэдэн удаа Цэцээ гүнийг тахиж эртний ёс горимыг нь сэргээж иржээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Богдхан уулын ноён оргил Цэцээ гүний тэнгэрийг тайх тахилга 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр буюу 17 жарны шороон үхэр жилийн намрын дунд сарын шинийн 17-ны Балжинням, Дашням давхцсан бэлэгт сайн өдөр болж Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн биеэр тус ёслолын ажиллагаанд оролцсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Төрийн тахилгатай уул хайрханы тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам” 2012 оны 181 дугаар зарлигт Их Тахилгат хайрхан, Алтан хөхий, Алтайханы Таванбогд, Суварга хайрхан, Бурхан халдун, Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг таван жил тутам зохион байгуулахаар заасан. Зарлигийн дагуу Богдхан хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг 2015 оны 10 дугаар сарын 07-нд буюу XVII жарны модон хонь жилийн намрын дунд хөхөгчин тахиа сарын 25-ны билэгт сайн өдөр үйлдэхээр төлөвлөсөн юм. Тахилгын ёслолыг тухайн нутаг дэвсгэрийн Засаг дарга хариуцах бөгөөд “Төрийн тахилгатай уул хайрханы тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”-ын дагуу зохион байгуулна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *