Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар аймгийн эмнэлэг хавдрын эмчилгээний тасагтай болжээ

Орон нутгийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, хавдар өвчнөөр өвдсөн эмчлүүлэгсдэд химийн эмчилгээг ойртуулах зорилготой хавдрын хими эмчилгээний тасгийг анх удаа Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт шинээр байгуулжээ.

Хавдрын хими эмчилгээ нь хавдрыг төгс эмчлэх, хавдар үсэрхийлэхээс сэргийлэх, хавдрын эсийг үхүүлэх, ургалтыг багасгах зэрэг олон талын ач холбогдолтой. Хавдартай өвчтөнд хамгийн их хэрэгцээ шаардлагатай эмчилгээ бол хими физик эмчилгээ байдаг. Гэвч манай улсад Хавдар Судлалын Үндэсний Төв /ХСҮТ/–өөс өөр хавдрын мэргэшсэн эмнэлэг байдаггүй учир орон нутгаас хавдрын хими эмчилгээнд эмчлүүлэх өвчтөний цуваа тасардаггүй байна.

Хавдрын хими эмчилгээний тасгийг байгуулах уг ажлыг “Жаргалсайхан ирээдүй” сангаас санаачлан Сүхбаатар аймгийн ард иргэд байгууллагуудын чин сэтгэлийн хандив тусламжтайгаар 1 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн бол ерөнхий санхүүжүүлэгчээр ХААН Банк Сан ажилласан байна.

“Жаргалсайхан ирээдүй” санг Сүхбаатар аймгийн ХААН Банкны салбарын захирал асан Жаргалсайханы дурсгалд зориулан түүний үр хүүхдүүд эхлүүлсэн үйл хэргийг нь үргэлжлүүлэхээр үүсгэн байгуулсан бөгөөд иргэдийн эрүүл мэнд боловсролыг дэмжих, нийгмийн эмзэг хэсэгт үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хүргэх зэрэг олон ажлыг өрнүүлэхээр зорилго тавин ажиллаж байна.

Сүхбаатар аймгийн хувьд өнгөрөгч онд 161 иргэн хавдрын өвчинтэй нь оношлогдож, 127 хүн хавдар өвчний улмаас амиа алдсан харамсалтай тоо баримт байгаа юм. Шинээр байгуулсан тус Хавдрын хими эмчилгээний тасаг нь зөвхөн Сүхбаатар аймгийн иргэдээр зогсохгүй Зүүн 3 аймгийн зангилаа бүс нутаг учир Хэнтий, Дорнод аймгуудаас ч мөн адил зорин ирж эрүүл мэндийн үйлчилгээ авах иргэдийг хүлээн авч, хавдарын эмчилгээнд хамруулна гэдгээрээ ач холбогдолтой.

Тус үйл ажиллагаанд Жаргалсайхан ирээдүй сангийн тэргүүн Ж.Зоригтбаатар, Сүхбаатар аймгийн ХААН Банкны захирал Ц.Адьяабаатар, ХСҮТ-ийн ЭШСМАлбаны дарга Ц.Бадамсүрэн болон бусад албаны хүмүүс оролцлоо. “Жаргалсайхан ирээдүй” Сангийн Тэргүүн Ж.Зоригтбаатар “Сүхбаатар аймагт нээгдэж буй Хавдрын хими эмчилгээний тасаг нь 2 дахь шатлалын эмнэлгийн түвшинд хийж буй томоохон хөрөнгө оруулалт болоод зогсохгүй бусад аймагт байгуулах хэрэгцээ шаардлагатай жишиг тасаг болж байна” хэмээн онцоллоо.

Нийгмийн сайн сайханд бодитой хув нэмэр оруулна уриатай ХААН Банкны ХААН Банк Сан нь Монгол орон даяар “Хавдрын эсрэг үндэсний аян”-г 5 дахь жилдээ зохион байгуулж, олон мянган иргэдэд хавдрын үнэ төлбөргүй иж бүрэн үзлэг оношилгоог хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаад ХААН Банк Сан хавдартай өвчтөнүүдэд хүргэх эмчилгээний чанар хүртээмж, эмнэлгийн орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор тус төслийг санхүүжүүлэн ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажилласан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *