Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнгөрсөн пүрэв гаригт саяхан ашиглалтад орсон цэргийн албан тушаалын 63 айлын орон сууцны хуваарилалттай холбоотой хавсралтад өөрчлөлт оруулсан тушаал гаргажээ. Тодруулбал, орон сууц хуваарилах асуудлыг боловсруулсан Орон сууцны комиссын шийдвэрийг залруулж Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэдэд хоёр өрөө байр олгохоор болжээ. Харин Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн, хурандаа Б.Батбаярт хоёр өрөө байр олгосон шийдвэрийг цуцалжээ.
Дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Цэрэнчимэдэд Батлан хамгаалах яамнаас өгсөн байр солигдсон тухай өнгөрсөн сард “Өдрийн сонин” мэдээлж байсан билээ. Эхэндээ байрны түлхүүр солигдсон гэж аварга ч, яамныхан ч мэдээлж байсан. Гэтэл явцын дунд 63 айлын орон сууц хуваарилах сайдын тушаалын хавсралтад өөрчлөлт оруулж С.Цэрэнчимэдэд өгөх ёстой байсан хоёр өрөө байрыг хурандаа цолтой эрхэмд олгохоор болчихсон байсан. Ингэхдээ С.Цэрэнчимимэдэд 33.9 метр.кв талбайтай хоёр биш 28.3 метр.кв талбайтай нэг өрөө байр олгохоор шийдчихсэн байсан талаар манай сонин мэдээлсэн.
Харин Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон энэ будлиан хутгасан хуваарилалтыг буцааж хэвэнд нь оруулах тушаал гаргажээ.
Ц.Өрнөх