Categories
мэдээ цаг-үе

Шагдарын ДУЛМАА: Би цэцэг, нар хоёрын дунд хүн болсон яруу найрагч

Монгол Улсын ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Шагдарын Дулмаагийн гучаад жилийн тэртээ бичсэн “Алтан зул” дууны хөшөө Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны өмнөх Эх үрсийн цогцолборт өчигдөр сүндэрлэлээ.

“Навчинд тунасан шүүдрээр

Ганган цэцэг нь дэлгэрдэг

Нарны тансаг гэрлээр

Галбирхан бие нь төлждөг

Газар эхээс заяатай

Ганган цэцгийн дэлбээг

Хүн та өөрөө

Хөндөж битгий тасдаарай” гэсэн утгын яруу үгтэй, ухаарлын гэгээн хэмнэлтэй энэ дууг хүн бүхэн мэдэх байх. Монгол Улсын гавьяат жүжигчин И.Болоож аялгууг нь зохиосон “Алтан зул” дууны шүлгийг дэлгээтэй номын хуудасны хэлбэрээр цагаан гантиг чулуун дээр сийлбэрлэжээ. Ш.Дулмаа найрагч Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд оршин суудаг бөгөөд бүтээлийг нь хөшөөнд мөнхлөх хүсэлтийг хүлээж авснаар нэгэн сайхан дурсгал түмний мэлмийг мялаах болж байгаа юм. Хөшөөний нээлтэд “Өргөө” хамтлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ирцгээн хүндэтгэл үзүүлж, гавьяат жүжигчин С.Бархас “Алтан зул” дууг дуулсан. Энэ үеэр яруу найрагч Шагдарын Дулмаатай уулзаж хөөрөлдлөө.

-Та Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон сайхан дуутай найрагч. Хөшөөнд мөнхөрсөн нь хэдэн дуу байна?

-“Алтан зул” дуунд минь анх удаа хөшөө босгосон бэлгэ дэмбэрэлтэй явдал болж байна. Миний зохиосон олон дуу гуч дөчин жил дуулагдсаар байгаа. “Амьдрал хайр дээр тогтдог”, “Дандаа чамайгаа хайрлаж явъя”, “Хар нүдэн бүсгүй” гээд ард түмний дунд дуулагддаг дуунууд бий. Энэ бүхэн хүмүүсийн зүрхэнд хүрсэнд л баяртай байдаг. Дуу болгон хөшөө болж чаддаггүй. Тиймээс би маш их баяртай байна. Би байхгүй болсон ч энэ дуун хөшөө үлдэх болно. Ард түмэн үгийг нь цээжлээд дуулж л байх болно. Хүний уран бүтээл мөнхөд үлддэг. Жамцын Бадраа гуай, Намсрайжав гуай байхгүй байхад дууных нь хөшөө байж л байна. Орчлонд дуу мөнхөрнө гэдэг их хувь ерөөлтэй зүйл. Аж төрдөг хороо хориноос минь санаачлаад дууны минь хөшөөг босгож өгсөнд баярлалаа. Олон уран бүтээлчийн гайхамшигтай дуунууд газар газарт хөшөө болон сүндэрлээсэй, ард түмний зүрхэнд ойр байж мөнхөрч байвал сайхан юм.

-“Алтан зул” дуу төрсөн түүхээс хуваалцаач!

-Наад дуу чинь наян онд л анх гарсан дуу. Алтан зул хэмээх цэцгийн нэг үр тасран газарт унахдаа заавал ч үгүй дахин соёолж ургадаг онцлогтой. Тийм учраас Монголын ард түмнийг мөнхөд оршихын бэлгэдэл болгож үр удам нь улам өнөржин олшрог гэж энэ дууг хийсэн юм. Гучин таван жил дуулагдсан ч залуучууд өнөө ч дуулаад бүжиглээд байх юм. Цэнгүүний газар их л дуулагддаг юм билээ. Өнө мөнх оршихуйн бэлгэдлээс гадна байгаль хамгаалахад чиглэсэн дуу. “Хүн та өөрөө хөндөж битгий тасдаарай” гээд байгаа биз. Мөнх оршдог үндэс, ишийг газраас нь битгий тасдаарай гэсэн санаатай.

-Та алтан зул цэцгийг багадаа түүж үзсэн үү?

-Түүж барьж үзээгүй ээ. Харин харж л байлаа. Би алтан зул цэцгэн хээтэй дээлээр гоёх дуртай. Алтан зул цэцэг миний бэлгэдэл байгаа юм.

-Бямбын Ринчен “Бэр цэцэг”-ийг, Бэгзийн Явуухулан “Үхэшгүй мөнхийн бэлгэдэл цагаан уул цэцэг”-ийг, та “Алтан зул”-ыг өөрсдийн шүтээнээ болгосон уран бүтээлчид юм аа даа?

-Ямар цэцгийг шүтэх нь хамаагүй мөнхөд үр нь цэцэглэдэг тийм л бэлгэшээл байгаад байдаг юм.

-Сүүлийн үед ямар уран бүтээл хийж байна?

-Дурсамжаа бичээд, гүйцэгдэхгүй их ажилтай зүйл юм. Ер нь барж хийхгүй ажил шиг байна. Яруу найрагч Р.Чойномоос надад шоронгоос бичиж байсан захидлуудыг гар бичмэлтэй нь ном болгож хэвлүүлсэн. Өв, үнэний тэнгэр гэж хэзээд байх л хэрэгтэй. Чойномын тэр захидлуудад амьдралын үнэн, зовсон үеийн нөхдөдөө хандах хандлага, уран бүтээлчийн гал халуун сэтгэл, утга уянгын халгиа цалгиа гээд хүн тунгааж унших зүйл маш их бий.

-Хүн бүхэнд хүүхэд нас шиг нь сайхан зүйл байдаггүй болов уу?

-Миний хүүхэд нас хөдөөд л цэцэг, нар хоёрын дунд өссөн дөө. Байгалийн тэр сайхан ахуйд аав ээжээс заяасан алд биеийг минь дээрээс нарны эрчис ивээж, газрын цэцгийн шим тэтгэж намайг найрагч болгосон доо. Хургаа эргүүлнэ, тугалаа хариулна, үхрээ хураана, тэр бүхэнд л цэцэг нар хоёртой үргэлж хамт байна. Морь унасан ч, явган явсан ч цэцэг, нар хоёртойгоо л өссөн. Нарны амиар ургасан тэр олон цэцгээс би хүн байхын утга, уянгын өнгөө, сэтгэлийн сайхныг олж авсан болов уу гэж боддог. Миний Авдарбаян нутаг сүрлэг хөглөгөр ой модгүй тийм л газар. “Таанын цагаан цэцэгнээс өөр тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь” гэж Бавуугийн Лхагвасүрэн бичсэн. Манай хоёрын нутаг зэргэлдээ юм чинь бас л ялгаагүй нүцгэн тал. Тэгсэн мөртлөө дэлгэрэхийн цагтаа төрөл бүрийн цэцэг ургадаг. Бяцхан жаахан горхи нь түмэн янзаар хөгжимдөн урсдаг ийм л сайхан нутаг. Тэр бяцхан горхийг хөвөөлдөн айлууд бөмбийн цайрна. Тэр айл бүхэнд амьдрал буцална. Би тийм л сайхан амьд байгальд хүн болсон яруу найрагч.

-Та өссөн төрөлх нутгаасаа нар, цэцгийн ариун цагаан эрчис, эрчим авч хүн-хөгжим болсон уран бүтээлч юм байна. Харин өнөөгийн нийгэмд хүүхэд залууст маань сэтгэлийн уянга, хүн чанар, хүн байхын мөн чанар дутаад байх шиг санагдах юм?

-Би Утга зохиолын дээд сургуульд багшилж, зургаан зуу гаруй шавь төрүүлсэн хүн. Анзаарч байхад хотын хүүхэд шүлэг бичиж чаддаггүй, хөдөөгийн хүүхэд л уянгатай сайхан шүлэг бичээд байдаг юм. Тэрийг би их гайхдаг. Байгалийн их хишиг буян хүний сэтгэлд уянгын их сэрэл мэдрэмжийг хайрладаг юм байна гэж боддог. Хүн чинь байгалийн бүтээл. Байгалийнхаа тэр сайханд л хүн уянгаа олж, ухаанаа тэлдэг юм байна. “Хоцрогдсон хөдөө” гэж манай зарим хүмүүс ярвайж байхыг олонтаа харсан. Миний хувьд хөдөө шиг ариун, хүний мөс чанарыг шалгадаг тийм сайхан газар байхгүй гэж боддог. Ямар ч хүн орж ирсэн үүдээ дэлгэн, халуун хоол цайгаа барин угтдаг халуун сэтгэлтэн хөдөөд л ганцхан бий. Хөлдөж үхэх гээд орж ирсэн эрлийн хүн халуун хоол цай ууж идээд хэчнээн их баярлах вэ. Одоо манай хотынхон ядарсан хэн нэгнийг гэртээ оруулж хооллож ундлах уу. Халуун сэтгэлээ гаргах уу. Харин ч гэртээ оруулах нь бүү хэл хөөгөөд гаргах байх. Би шавь нартаа “Яруу найраг бичихээсээ өмнө хүн шиг сэтгэлтэй хүн л байгаарай” гэж захьдаг. Муу үйл хийдэг хүнээс сайн яруу найраг хэзээ ч төрөхгүй шүү дээ. Явуухулан багш маань “Сайн яруу найраг бичиж чадахгүй бол сайн хүн байгаарай” гэж хэлдэг байсан. (Явуу багшийнхаа дуу хоолойг элэглэн дуурайв. сур)

“Чиний шүлэг бичих гэж юу байсан юм” гэж доромжлох ч хүн байлаа

Монгол Улсын ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Шагдарын Дулмаатай ярилцлаа.

-Олон эрэгтэй яруу найрагчийн дунд хорь гаруй жил ганцаардаж явсан гэдэг бил үү?

-Үргэлжилсэн үгийн эмэгтэй зохиолч нэлээд байсан. Шүлэг бичдэг бүсгүй намайг уран бүтээлийн ертөнцөд орж ирэхэд байгаагүй. Хорин жил ганцаараа торойж явтал далан хоёр онд яруу найрагч С.Оюун маань орж ирсэн. Тэрнээс хойш олон сайхан яруу найрагч бүсгүй гарч ирж өнөр бүлтэй болсон доо.

-Монголын утга зохиолын ертөнцөд өнөөдөр яруу найрагч бүсгүйчүүд шөнийн одноос ч олон болсон байгаа биз?

-Эмэгтэйчүүд уран бүтээлийн орчинд их орж ирж байна. Тэр муу юм биш. Эмэгтэй хүний сэтгэл амьдралын их нарийн нандин юмыг олж хардаг. Ухаандаа, Цоодолын Хулангийн “Цэцгийн толгой тасддаггүй үртэй байхыг хүснэ

Цэцдийн толгой тасддаггүй төртэй байхыг хүснэ” гэдэг чинь бүсгүй хүнээс л гарах нарийн мяндсан мэдрэмж шүү дээ. Д.Сумьяа, Баярхүүгийн Ичинхорлоо, Гомпилдоогийн Мөнхцэцэг, Шагдарын Лхамноржмаа, Ц.Оюундэлгэр, Ширнэнгийн Анхтуяа нарын олон эмэгтэй шүлэгч байна. Эдний шүлгийг уншаад үзвэл нарийн юм их байдаг юм. Эмэгтэй хүн шүлэг бичихэд зарим хүмүүс их дургүй байдаг юм. Намайг анх шүлэг бичиж байхад “Чиний шүлэг бичих гэж юу байдаг юм. Хүүхдээ бүүвэйлээд гэртээ сууж байвал барав” гэж байсан хүн өөрөө олигтой шүлэг бичиж чадалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн дээ. Хүн юу ч гэж доромжилж байсан өөрийнхөөрөө явсан хүн л хожно. Тэр үед би “Шүлэг бичээд чиг яахав, багшлах ч юм уу, эвлэлийн ажлаа хийгээд явж байя” гээд хаячихсан бол их хайран авьяасаа булшлах байж дээ гэж боддог юм. Хүн зорьсондоо хүрэхийн тулд тэмцэж амьдрах л хэрэгтэй. Би шүлэг бичихийн тулд эрэгтэйчүүдийн доромжлолыг ч их амслаа, эмэгтэйчүүдийн атаархлыг ч бишгүй хүргэж явлаа. Олон л юмыг тууллаа. Энэ бүхний эцэст найрагч хэвээрээ л үлдлээ.

-Жараад оны Чойном, Пүрэвжавын Пүрэвсүрэн нарын мундаг найрагчид таныг бүгд л халуун дотноор хайрлаж, уран бүтээлийн ганзага нийлснээ дурссан байдаг. Монгол бүсгүйчүүд их бүрэг ичимтгий байсан тэр үед олон эрийн дунд ад үзэгдэн шүлэг бичнэ гэдэг тун ч хэцүү л байсан байх даа?

-Тийм ч амар даваа байгаагүй шүү. Эрэгтэй хүн бол эр хүйстэн, эмэгтэй хүн бол эм л хүн шүү дээ. Тийм учраас олон эрийн дунд ганц эмэгтэй хүн байна гэдэг тийм ч сайхан юм биш. Гэхдээ манай уран бүтээлчид бол ямар ч нөхцөлд биднийг эргүүлж өмнө хойно орж гүйдэггүй онцлогтой. Ш.Сүрэнжав, П.Бадарч, Ш.Цогт, Р.Чойном, сүүлийн үеийн Б.Лхагвасүрэн, Д.Цоодол нартай нэг баг болоод саалийн ферм, үнээн зэл гээд яваагүй газар байхгүй. Миний үеийнхэн уран бүтээлдээ бүхнээ зориулсан гайхамшигтай хүмүүс байсан. Хүүхэн шууханд дурлаж байсан тохиолдол байсан л байлгүй. Тэрийг нь би сайн мэдэхгүй. Уран бүтээлчийг хайрлах сэтгэлтэй, мөнхийн сайхан нөхөрлөлтэй найз нараараа би бахархдаг. Манай энэ найз нар ямар их түшигтэй гэж санана. Эд нар минь байгаагүй бол би ардын уран зохиолчийн өндөр хэргэмд хүрч өдий зэрэгтэй яваа ч уу, үгүй ч үү.

-Чойном найрагчийг гэргийгээ төрчихсөн байхад эргэхгүйгээр долоо хоногоор архидаад явчихдаг байсан л гэдэг. Зарим нь огт архи уудаггүй хүн байсан л гэх юм. Энэ олон ярианы аль нь чухам үнэн юм бэ?

-Чойном тийм архичин хүн байгаагүй. Уух идэхээ мэддэг, уусан ч согтдог хүн байгаагүй. Амслаа ч гэсэн шүлгээ гайхамшигтай бичдэг найрагч байсан. Тэр хүний толгой бол шүлэг найрагт заяасан тэргүүн гэж би дээдэлдэг.

-Монголоо муулах гэсэн өвчин орчин үед газар аваад байх шиг санагдах юм?

-Би гуч гаруй улс оронд очиж үзсэн хүн. Тэгэхэд миний ард түмэн шиг жудагтай улс хорвоод ховорхон юм билээ. Өндөр хөгжилтэй улс олон л бий байх. Хөгжилтэй байлаа гээд хүнлэг чанар нь бий юү, үгүй юү. Өндөр сайхан барилга, зөөлөн буйдантай байлаа гээд хүнээ хаячихсан бол юуных нь хөгжил байх вэ дээ. Манайхан одоо охиноо баян айлын хүүтэй суулгана гэх болцгоож. Гэрт байгаа гоёмсог мебельтэй нь охиноо суулгадаггүй, хүнтэй л нэг гэрт амьдруулдаг юм байгаа биз дээ. Баян байлаа ч сэтгэлгүй нэг хүйтэн амьтантай суулгачихвал насны арандаг биз дээ. “Мөнгөтэй л бол юуг ч бүтээнэ, хүнийг ч худалдаад авч болно” гэж байгаа хүнд л би их гомддог юм. Хүний сэтгэл дээр л амьдрал тогтдог болохоос мөнгөн дээр тогтохгүй ш дээ. Мөнгө ер нь юу юм бэ. Өнөөдөр байлаа, маргааш үрэгддэг л цаас ш дээ. Халуун сэтгэл байж байж л амьдрал сайхан болно доо.

-Таныг “амьдралаа хайр дээр тогтоож”, “Хүүгийн эцэг”-т захиа бичиж байх үед хайрын захидал их ирдэг байв уу?

-Зөндөө л ирдэг байсан. Манай Нямбуугийн Нямдорж

“Энгүй сайхан түүнд

Зуун зүрх тэмүүлж

Эцэс хойно нь болоход

Ерэн ес нь шархалдаг” хэмээн бичсэнчлэн тэр олон хүнийг бүгдийг нь хүлээгээд авч болохгүй биз дээ. Тиймээс “Танд баярлалаа” гэсэн хариу бичээд явуулдаг байлаа. Зарим нь гэрт оруулахгүй энэ тэр гэж хоргоох үе ч байлаа. Тэр бүхнийг аятайхан аргалаад явуулна. Бидний үед сайхан залуус ч зөндөө байсан. Одоо харин сайхан залуу тийм ч их харагдахгүй юм аа.

-Нүд унахаар залуу ердөө харагдахгүй юм уу?

-Ховор юм. Ажил төрөлдөө дарагдаад бүрсийцгээчихдэг юм уу. Эсвэл хүний залуу насны үе тэнгийнхэн тийм сайхан харагддаг байсан юм болов уу. Миний нөхөр гэхэд ийм сайхан сэхээтэн залуу байлаа. (Найрагч маань ханийнхаа жаазтай зургийг удаан ширтэн санаашрав. сурв) Тэгэхэд одооны залуус чинь яавал мөнгө олчих вэ гэж шүлсээ үсэргэсэн л хүмүүс байх юм байна.

-“Хүнийг худалдаад авчихаж ч болно” гэсэн муухай үзэл дэлгэрч гэж та хэллээ. Таны үед баячууд нь хөрөнгөөрөө зодох ч юм уу, эвгүйхэн хэлэхэд биеэ үнэлэгч маягийн хүмүүс огт байгаагүй юм уу?

-Улаанбаатарт тийм ёс бус юм их дуулддаггүй л байсан. Зарим нэг хүнийг гадаадынхантай явалддаг гэнэ л гэж сураг төдий ярих. Тийм хүн өдрийн од шиг ганц нэг.

-Яруу найргийн олон номтойг тань уншигчид сайн мэднэ. Хүүрнэл төрлөөр та уран бүтээл хэр их туурвисан билээ?

-Яруу найргийн гучаад номоо хэвлүүлсэн. Хоёр гурван кино бичсэн ч одоо хүртэл гар бичмэлээрээ хадгалагдаж л байна. Найруулагч ч хайж явсангүй. Үргэлжилсэн үгээр нэг жижиг роман, тууж, жижиг өгүүллэгүүд нэлээд бичсэн дээ.

-Хүнд аав, ээжээс илүү бурхан хаа ч байхгүй юм аа?

-Миний төрсөн аав Зана гэж монгол бичиг, түвд номонд цагааширсан мундаг хүн байсан. Өргөж авсан аав, ээж хоёр минь намайг ажил амьдрал сургасан агуу их хүмүүс байсан. Оёж шидэх бүхий л ажлыг ээжээсээ би сурсан. Аав минь ямар ч бичиг үсэггүй төрийн хар хүн байсан ч зүйр цэцэн үгээр л намайг хүн болгосон. “Аргалдаа яв” гэж аашлахын оронд “Залгидгийн гэрт хоолгүй, залхуугийн гадаа түлшгүй” гэхэд л араг шээзгийгээ үүрээд гарахгүй яадаг юм. Аав маань их сайхан дуулна. “Шивээ Хиагт”, “Улаан туг” эднийг бүүр сургуульд орохоосоо өмнө сурчихсан байсан. Миний ардын уран зохиолч болсон чинь аав ээж хоёрын минь надад өгсөн агуу их ухаан юм. Хүний төлөө гэсэн сэтгэл нь үргэлж бодогдоно гээч. Хүний хайр гэдэг уран сайхны соёлыг хүнд хайрладаг байх.

-Та багадаа ямар мөрөө­дөлтэй хүүхэд байв?

-Би сайхан эмэгтэй хүн болох юмсан л гэж их боддог байсан. Аавын төрсөн дүү нар гээд долоон сайхан эгч, миний өөрийн зургаан эгч их гоё хүүхнүүд байлаа. Эдэн шигээ сайхан хүн болохыг мөрөөднө. Их сургуульд орсноос хойш Цогзолмаа гуай шиг сайхан хүүхэн болохыг, Удвал гуай шиг ухаантай хүн болохыг бодно. Сүүлдээ сайхан хүн болохоос илүү сайн хүн байхын чухлыг мэдэрсэн дээ. Хөдөөнөөс анх хөх даалимбан тэрлэгтэй, монгол гуталтай хөгийн юм л ирсэн. Шинэ жилээр дотоод үйлдвэрийн туфльтэй ороход багш нарын авгай нар бололтой сайхан хүүхнүүд шоолж сүйд боллоо. Би ч ичсэндээ уйлж эгч дээрээ гүйж хүрсэн чинь “Тэд чинь хүнийг дотоод үйлдвэрийн гуталтай гэж шоолдог хэн юм бэ. Өөрсдөө гадаад үйлдвэрийн толгойтой юм уу” гэснээс хойш хүнд эрдэм мэдлэг чухал юм гэдгийг ухаарсан даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *