Ашиглалтанд орох хугацаанаасаа жил гаруй хугацаагаар хойшилсон Нийслэлийн авто үйлчилгээг нэг дор төвлөрүүлэх зорилготой “Авто худалдааны цогцолбор” өнөөдөр албан ёсоор нээгдлээ.
Нийт 6000 гаруй автомашины зогсоол, сэлбэг хэрэгсэл, засварын төвийг нэг дор байгуулах энэхүү бүтээн байгуулалт 22-ийн товчооны урд хэсэгт байрлаж буй. Мөн нийслэлийн Татварын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийтийн тээврийн газар, Цагдаагийн газар, Автозамын газар, Автотээврийн үндэсний төв, банк санхүүгийн байгууллагууд тэнд үйл ажиллагаа явуулах юм.
6000 гаруй зогсоолоос 400 иргэн 1200-г нь худалдан авсан бөгөөд нэг бүрийг нь дөрвөн сая төгрөгөөр худалдаалжээ. Иргэд энэхүү зогсоолыг худалдан авсан бол ахин мөнгө гаргах шаардлага гарахгүй, харин зарагдах машинуудыг хадгалж, хамгаалж, хянаж байгаа тул сар бүр 15 мянган төгрөг тооцож хураан авах юм байна.
Нийслэлийн хэмжээнд 156 цэгт автомашин худалддаг. Үүний ихэнх нь зөвшөөрөлгүй, стандарт бус учраас нийслэлийн эрүүл ахуй дүрмийг зөрчдөг, хөрс агаар бохирдуулдаг, иргэдийн эрүүл орчин амьдрах эрхийг зөрчдөг хэмээн буруутгаад байгаа.
Авто худалдааны цогболбор ашиглалтанд орсноор “Да хүрээ”, “Өгөөмөр”, “Даймонд”, “Монбэт”, “Дако”, “Старт” зэрэг захуудын үйл ажиллагааг зогсоохоор төлөвлөсөн байгаа. Одоогоор дээрх захуудын удирдлага, түрээслэгчдэд хандан нүүх албан бичгийг хүргүүлээд байгаа аж.