Мэргэжлийн хөлбөмбөгчдийн дунд зохион байгуулагддаг Монголын хамгийн том шагналын сантай “Хүрхрээ” үндэсний дээд лигийн хаалтын өдрийн эхний тоглолт өндөрлөлөө.
Хүснэгтийн 4 болон 5-р байрт ижил 26 оноотой бичигдэж байсан “Хоромхон” болон “Улаанбаатарын унаганууд” багууд өнөөдрийн эхний тоглолтод өрсөлдлөө. Гэхдээ хоёр багийн аль аль нь шагналын тавцанд зогсох боломжгүй болоод байсан юм.
Тоглолт тун ширүүн өрсөлдөөн дунд болсон бөгөөд тоглолтын эхний хагаст Ганзоригийн гоёмсог дамжуулалтыг Н.Цэдэнбал амжилттай төгсгөснөөр “Унаганууд” тоглолтыг тэргүүлж байв. Харин завсарлагааны дараагаар тоглолт улам сонирхолтой болж, багууд их нээлттэй тоглолтыг гаргалаа. 59 дэх минутад Б.Улсболдын цохилтоор тооны харьцаа тэнцсэн бол 66 дахь минутад “Улаанбаатарын унаганууд” багаас Н.Цэдэнбал торгуулийн цохилтыг амжилттай болгож, дахин тэргүүллийг авсан ч Б.Улсболд хариу барьж, хоёр багийн шилдэг тамирчид ижилхэн дубль хийлээ.
Ингээд тооны харьцаа тэнцээд байх үед буюу 79 дахь минутад Д.Төрбат, 80 дахь минутад мэргэн буучдын жагсаалтыг 21 гоолтой тэргүүлж байсан Н.Наранболд нэг гоолыг оруулснаар “Хоромхон” баг 5:3 харьцаатай ялалт байгуулж, лигийг хожлоор дуусгалаа.
Н.Наранболдын хувьд хувийн амжилтаа ахиулж, энэ улирлыг 22 гоолтойгоор дуусган, мэргэн буучаар тодорч байна.