УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдааны эхэнд Үндсэн хуулийн
цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэх байсан ч Ц.Нямдорж гишүүний
хүсэлтээр ажлын хэсэг байгуулахаар болж, ирэх долоо хоногийн пүрэв гаригт
хэлэлцэхээр хойшлуулав. Ц.Нямдорж “ҮХЦ Үндсэн хуулийг манах биш зарж амьдарч
эхэлж байх шиг байна. Есдүгээр сарын 7-нд Засгийн газрын нөөц хөрөнгөөс 331 сая
төгрөг гаргах шийдвэр гаргасан байна. Үндсэн хуулийн 25 жилийг тэмдэглэн
өнгөрүүлэхтэй холбогдуулан мөнгө гарга гээд хавсралтан дотроо ҮХЦ, УИХ-ын
тамгын газарт 245 сая төгрөг өг гэсэн шийдвэр гаргасан байна. Их хурлын тамгын
газрынхан үүнийг чинь мэдэхгүй байна. Тиймээс ажлын хэсэг байгуулаад энэ мөнгө
хаашаа явсан байна. Энэ цэцийн шийдвэр ямар ид шидээр Засгийн газраас гарсан
болохыг тогтоох ёстой” гээд ажлын хэсэг байгуулах санал гаргасныг хүлээн авч
ирэх пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулахаар болсон юм.
Тиймээс хоёрдугаар асуудал болох Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт
өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын
гишүүн Л.Болд “Энэ өдөр бол улс төрийн түүхэн дэх хар өдөр болсон гэдгийг мэдэж
байгаа байх. Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг С.Зориг агсан бусдын гарт амь
насаа алдсан өдөр. Бид түүний дурсгалыг хүндэтгэх ёстой” гэлээ. УИХ-ын дарга
З.Энхболд “Өнөөдрийг хүртэл манай хууль сахиулах байгууллагынхан энэ асуудлын
ард гарч чадахгүй байна. Энэ бүгдийгээ эцэслэн шийдвэрлэхгүй бол жил бүр
иймэрхүү байдалтай байна шүү” гэсэн юм. Ингэснээр гишүүд босч С.Зориг агсанд
хүндэтгэл үзүүллээ.
Өршөөлийн хуулийг хэлэлцэх явцад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга
С.Бямбацогт “Байнгын хороон дээр авлига, албан тушаалын хэргүүдийг өршөөлд
хамруулахгүй гэж байсан ч албан тушаалын хэрэг нь өршөөлд хамрагдаж, авлигын
хэрэг нь хамрагдахгүй байхаар санал хураагдсан. 49 гишүүн авлига, албан
тушаалын хэргийг өршөөлд хамруулахгүй гэж байсан ч байр сууриасаа ухарсан.
МАН-ын бүлэг, МАН-ын Удирдах зөвлөл шийдвэрээ гаргасан. Тиймээс МАН-ын бүлэг
завсарлага авч байна” гэснээр тав хоногийн завсарлага авлаа. Харин Хууль зүйн
байнгын хорооны дарга Д.Ганбат “Та нар хэдхэн хоногийн өмнө матрын нулимс
унагаад, батлахгүй бол болохоо байлаа гээд байсан. Одоо ингэж болохгүй. Цаана
чинь олон гэр бүл хоригдож байгаа хүмүүсээ хүлээж байна. Та нар ямар нэгэн
шалтаг гаргаад битгий ингээд байгаач. Байнгын хороо шийдвэрээ гаргасан. Кнопоо
яаж дарах нь та нарын асуудал. Өршөөлийн хуулийг яаралтай ярих хэрэгтэй. Өвөл
боллоо. Цаана чинь олон хүний амьдрал байна. Бямбацогт даргаа болиоч ээ” гэсэн
юм. Гэсэн ч тав хоногийн завсарлага авч чадсан. Өмнө нь МАН-ын бүлгийнхэн
“АН-ын гүйцэтгэх зөвлөл шийдвэр гаргаж төрийн ажилд нөлөөлж байна” хэмээн
мэдэгдэж байсан бол энэ удаа МАН-ынхан “Гүйцэтгэх зөвлөл шийдвэр гаргасан” гээд
төрийн ажлыг гацааж байна” хэмээн гишүүд хэлж байлаа.
Дараа нь Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай
УИХ-ын тогтоолын төслийг хаалттай горимд хэлэлцсэнээр чуулганы үдээс өмнөх
хуралдаан өндөрлөсөн.
Харин үдээс хойш Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын нэгдсэн
чуулганд өвөлжилтийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр дэлхий даяар уур амьсгалын
өөрчлөлт эрчимтэй явагдаж, ялангуяа жилийн туршид орох хур тунадасны
хуваарилалт өөрчлөгдөн, гэнэтийн хүчтэй аадар бороо, цас, хуй салхины давтамж
нэмэгдэх болсныг дурдаад манай улсын олон жилийн цаг агаарын хандлагаас харахад
бичин жил хөдөө аж ахуй, ялангуяа мал аж ахуйн өвөлжилтөд хүндрэл учруулж
ирснийг харгалзан Засгийн газраас өвөлжилтийн бэлтгэлийг хангахад онцгой
анхаарал тавьж байна гэсэн юм. Мөн Ус, цаг уурын эрдэм шинжилгээний
хүрээлэнгээс боловсруулан гаргасан мэдээллээс харахад энэ намар, өвлийн эхний
сарын цаг агаарын байдал тогтвортой бус, ялангуяа арванхоёрдугаар сард нутгийн
ихэнх хэсэгт олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна гэдгийг
дуулгасан юм.
Харин Эрчим хүчний салбарын бэлтгэл ажлын явцын талаар их засвар,
хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын гурван үндсэн чиглэлээр арга
хэмжээ авч хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ үндсэн тоноглолын их засварын ажлын
гүйцэтгэл 90 хувьтай байна гэлээ. Харин төвийн бүсийн эрчим хүчний нүүрс
олборлогч уурхайнуудын хэмжээгээр
өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 60 хувьтай байгаа аж.
Манай улсын хувьд 128.5 мянган тонн мах экспортлох боломжтой тооцоотой
байна. Засгийн газрын 2015 оны 321 дүгээр тогтоолоор махны нөөц бүрдүүлэх болон
экспортын зориулалттай мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг
нэмэгдүүлэхэд нийт 180 тэрбум төгрөгийн
зээлийн хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн. Мөн төсвийн тодотголоор 800
тэрбумыг танахаар байгааг дуулгасан юм.
Ерөнхий сайдыг мэдээлэл хийсний дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга
С.Бямбацогт уншиж танилцуулсан. Тэрбээр “Хариуцлагагүйн зуд”, хахир өвөл,
хямрал хүндрэлийг ч хохирол багатай давцгаая хэмээн уриалж налгар хавраар
эхлүүлсэн халаа сэлгээгээ хахир хатуу өвөл хаяанд ирчихээд байхад ч үргэлжлүүлж
байгааг шүүмжлэв. Бид эв нэгдэлтэй, зөвшилцөж, ойлголцож, хөгжиж дэвжсэн дөрвөн
жилийн өмнө Монгол Улсыг хоёр дахь Кувейт болно гэж гадныхан бичдэг байлаа.
Харин өнөөдөр хоёр дахь Грек болно хэмээн онцлон бичигддэг боллоо гэсэн юм.
Бүлгийн мэдээллийг сонссоны дараа сөрөг хүчний гишүүд Засгийн газрын
гишүүдээс асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн М.Энхболд: -Ерөнхий сайд УИХ-ын танхимд орж ирж, улс орны амьдралтай
холбоотой мэдээлэл хийж байгаад баярлаж байна. Би таны мэдээлэл дотроос эрчим хүчний
өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар олж сонссонгүй. Энэ талаар тодруулмаар байна.
Говьсүмбэр аймагт дөрвөн тойрогт МАН ялсан. Гэтэл одоо хүртэл Засаг дарга нарыг
нь батламжлаагүй байна. Ургацынхаа 50
хувийг алдлаа гээд баахан хэрэлдсэн. Өнөөдрийн байдлаар ургац хураалт муу
байгаа. Эдийн засаг хүнд байгаа цагт иргэд талхтай, гурилтай баймаар байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: -Эрчим хүчний
томоохон бүтээн байгуулалт ирэх хавраас явагдана. Тавдугаар цахилгаан станцын
ажлыг ирэх хавраас эхлүүлнэ. Мөн “Багануур”-ын цахилгаан станц барих ажлыг
эхлүүлнэ. Бөөрөлжүүтийн болон Тэвшийн говийн цахилгаан станцын хөрөнгө оруулалт
шийдэгдсэн. БНХАУ-аас авах нэг тэрбум
ам.долларын хөнгөлөлттэй зээлээр “Эгийн
гол”-ын цахилгаан станцыг барина. Газар
тариалангийн бүс нутгаар цаг агаарын хүндрэл гарсан. Хорин хувийн ургац хурааж авч байгаа юм биш.
60 хувийн ургац хурааж авч байгаа.
ХХАА-н сайд Р.Бурмаа: -Ургац хураалт дундаа орж байна. Сүүлийн үед мөндөр орж байна. Энэ бас
ургац хураалтад нөлөөлж байна. Ургац хураалтын дүн гараагүй байна. Бидний
урьдчилан тооцсоноор нийт хэрэгцээнийхээ 58 хувийг дотоодоосоо хангана.
Үлдсэнийг нь импортоор хангана. Төрийн зүгээс тонн тутамд нь урамшуулал өгөхөөс
гадна хөрсөө бордоход нь дэмжлэг үзүүлэх байдлаар хуулийн төсөл боловсруулж
байна. Хэр зэрэг улаанбуудайг худалдаж
авна түүнд нь дүйцүүлэн импортын буудайг өгнө гэсэн шаардлага тавьж байна.
Импортоор харьцангуй хямд буудай оруулж ирнэ. Энэ тал дээр та бүхэн туслах юм
бол импортын хямд буудай оруулж ирэх боломж байна. Аж ахуйн нэгжүүдийн үрийн улаанбуудайд
тэнцээгүйг нь малын тэжээлд авч байгаа.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: -Өвөлжилтийн бэлтгэл ажлыг ярьж
байна. Мал аж ахуй, газар тариалан гээд хүнсээ голдуу ярьж байна. Ирэх оны
өнгийг өмнөх жилийн үйлээс хардаг. Үнэндээ газар тариалангийн салбар ийм байгаа
юм чинь малчид маань яаж өвөлжих вэ гэж санаа зовж байна. Засаг төр нэг тэрбум
долларын мах гаргана гэж яриад байдаг. Удирдлагууд ярихдаа буруу, зөрүү яриад
байдаг юм уу. Монголын нийт малын 50 хувь нь экспортоор гараад явахаар байгаа.
Өвөрхангайн Арвайхээрийн дулааны цахилгаан станц юу болсон бэ. 800 тэрбумыг
танана гэж байна.
ХХАА-н сайд Р.Бурмаа: -БНХАУ манай улсаас нэг тэрбум долларын мах импортлох
боломжтой гэдгээ дуулгасан. Манай хувьд тийм хүчин чадал байхгүй. Бидний хувьд зөвхөн бэлчээрийн мал аж ахуй
дээрээ үндэслэх биш эрчимжсэн мал аж ахуйг бий болгох шаардлагатай байна.
Эрчимжсэн мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхээр
ажиллаж байна. Халх голын чөлөөт бүсээр дамжуулан эрчимжсэн мал аж ахуйг
хөгжүүлэхээр төлөвлөж байна. Бидний
хувьд 120 мянган тонн мах экспортлох боломжтой юм байна гэсэн тоо гаргаж ирсэн.
Зөвхөн энэ жилдээ биш, дараа жилийн нэг, хоёрдугаар улирлыг тооцсон байгаа.
Тэрбум долларын хэмжээний махны боломжийг бий болговол эдийн засаг эрүүлжинэ.
Эрчим хүчний сайд Д.Зоригт: -Улаанбаатар хотын эх үүсвэрээс гадна Дархан-Уул аймгийн
цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Эрдэнэт хотын дулааны
цахилгаан станцын тендер зарласан. Дорнод, Хэнтий аймаг руу цахилгаан татах агаарын шугам барих ажил үргэлжилж
байна.
БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг: -Сонгинохайрхан дүүрэгт утаа багасах болов уу гэж харж
байгаа. 2014 оны өвлийг 2015 оны өвөлтэй харьцуулахад агаарын бохирдол 16
хувиар буурсан байна. Хуучин бид зуух тараадаг байсан. Нийт 180 мянган өрхийн
90 хувь нь зууханд хамрагдаж. Нүүрс түлэх нь хамаагүй хямд учраас иргэд маань
өндөр үнэтэй түлш хэрэглэж чадахгүй байна. Нийт Монголын нутгийн агаарын
бохирдол муу байгаа юм биш. Улаанбаатарын агаар муу байгаа бол нийслэлийн
удирдлагууд хариуцлага хүлээх ёстой.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: -Ирэх долоо хоногт төсөв ярьж
эхэлнэ. Тэр үед нь илүү тодорхой тайлбар өгье.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: -Ерөнхий сайд элдэв улс төргүй ярья гэж эхнээсээ хэлсэн.
Одоо энэ зурагдсан пянз шиг юмаа ярих хэрэггүй. Тантай улс төр яриад хэрэггүй,
ажил яриад ч хэрэггүй юм байна. Таны хэлсэн, ярьсан болгон бүтсэнгүй. Танаас
шахаад, шахаад тос гарахгүй юм байна. Өнөөдөр хоол хүнсээ ярьж байна. Энэ зөв
байх л даа. Нийслэлийн хүн амын тухай, хүнийхээ тухай ярья. Бид нар өнөөдөр
олон үйлдвэр аж ахуйн дарга нэмэгдлээ гэж УИХ-ын дарга өчигдөр хэлсэн. Тэгвэл
өнөөдөр хичнээн хүн ажил, орлогогүй болсон бэ.
Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр: -Улаанбаатарын
утаатай тэмцэхээр нийслэлээс багагүй арга хэмжээ авч байгаа. Үүний үр дүнд 2014
оны өвөлтэй харьцуулахад агаарын бохирдол бага зэрэг буурсан.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: -Тэрбум ам.долларын махны экспортыг
хийнэ гэж байна. Р.Бурмаа сайдыг томилогдоход нэг зүйл би хэлж байсан. Тэрбум
ам.долларын мах экспортлохтой холбоотойгоор
эдийн засгийн хугарлын цэгийг хэдээр тооцсон бэ.
ХХАА-н сайд Р.Бурмаа: -Тэрбум долларын махыг ганцхан энэ жил гаргачих юм биш.
Ийм зах зээлийн боломж байна гэсэн саналыг Хятадын зүгээс тавьсан. Бэлчээрийн
даац хэтэрсэн байдалтай уялдуулан, малын төрөл бүр дээр нь, мөн дотоодын
хэрэгцээгээ тооцоод махны экспортыг төлөвлөж байна. Ер нь хонин толгойд
шилжүүлснээр 10 сая толгой малыг экспортод гаргах боломж байна.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: -Зөвхөн цалин, тэтгэврийн данс
нээлттэй, бусад дансыг хаасан гээд бичээд байгаа. Сүүлийн 25 жилд хийгээгүй
хөрөнгө оруулалтыг эрчим хүчний салбарт хийлээ гээд байна. Тийм их рекорд
эвдсэн юм бол яагаад цахилгаан, дулааны үнэ өсөөд байгаа юм бэ. Та нарын ярьж
байгаа зүйл нэг өөр, бодит амьдрал дээр гарч байгаа зүйл өөр. Уг нь та нарын
ярьж байгаа, хийж буй ажил нийцэж л байх хэрэгтэй шүү дээ. Танай сайдуудад хэн
ч итгэхээ больсон.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: -Намайг цаасан дээр байгаа юм хэлээд байна гэх юм. Би
өөрийнхөө нүдээр үзсэн юмаа яриад байна. Та энэ зун Монголд байсан юм байгаа
биз дээ. 38 жил газар тариалан эрхэлсэн хөдөлмөрийн баатар хүн сүүлийн 38 жил
тохиолдоогүй ган биш гамшиг боллоо гэж байсан. Энэ зун, зургаа, долдугаар сард
ганц дусал бороо ороогүй. Та түүнийг нь харж л байсан биз дээ. Сүүлийн 25 жилд
хийгдээгүй цахилгаан, эрчим хүчний хөрөнгө оруулалт хийгдээгүй биш
хийгдсэн. Цахилгаан эрчим хүчний үнэ
дээр бодлогын шинэчлэл хийхгүй бол эдийн засаг ч өсөхгүй, үйлдвэрлэл ч
хөгжихгүй.
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: –Та 9.5 сая төгрөгийн мөнгөн аяга
авсан байна лээ. Шүүхийн ерөнхий зөвлөл 56 сая төгрөгөөр хоёр гэр авсан. Гэтэл
хөдөөд төсөв хасуулсан гээд сумын засаг дарга нар малчдадаа хүрч чадахгүй
байна. Цалин хасч болохгүй шүү.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: –Би 9.5 сая төгрөг мөнгөн аяга
аваагүй. 9.5 саяар мөнгөн аяга биш бараг алтан аяга авах юм биш үү. Би Ерөнхий
сайд болсноосоо хойш нэг ч албан газраас аяга, таваг аваагүй ээ. Та нар
цалингаа хас, хангамжаа хас гэж эрүүл шаардлага тавьдаг. Хасахаар эсэргүүцэж
шүүмжлээд байх юм.
Л.Энх-Амгалан: -Маш тодорхой хариулт хүсч байна. Үнэ тогтворжуулах
хөтөлбөрийн хүрээнд 76 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн гэсэн. Дахиад 180 тэрбум
төгрөгийг шийдвэрлэсэн гэсэн. Энэ мөнгө хэдэн сард малчдын гар дээр очих вэ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: -Засгийн газар очиж 180 тэрбум төгрөг малчдын хотноос
аваад явж чадахгүй. Энэ бол үлгэр. Үүнийг харин хувийн хэвшлийнхэн хийдэг юм.
Засгийн газар зохицуулалтыг нь хийж өгөх юм. Арилжааны банкны өөр зарчмаар
махны экспорт явчихвал утгаа алдана. Засаг очиж, малчдаас мал аваад, малчдын
гар дээр мөнгө тавьдаг буруу ойлголт өгч болохгүй гэснээр чуулганы хуралдаан
өндөрлөлөө.
Э.БОЛД