-”Итгэл алдарчихаад л явж байна даа”-
Авлигатай
тэмцэх газар иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулан
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын төрийн өмчит “Дамбо” цэцэрлэгийн эрхлэгч
Ж.Мөнхтуяа нь МУБИС-ийг 2000-2004 онд цэцэрлэгийн багш, арга зүйч мэргэжлээр
суралцаж төгсөөгүй болохыг тогтоосон тухай мэдээлэл цахим ертөнцөөр сайтуудаар
тархсан. Мөн улмаар хууль бусаар мэргэжил дээшлүүлсэн гэжээ.
“Дамбо” цэцэрлэгийн
эрхлэгч Ж.Мөнхтуяатай ярилцсанаа хүргэе.
-Таныг АТГ
шалгаж хуурамч дипломтойг тогтоосон гэх мэдээлэл цахим мэдээллийн сайтуудаар
тархаад байна?
-Тиймээ. Итгэл
алдарчихаад л явж байна. Хүнийг нэр устай нь ингэж хамаагүй зарлаж болдог юм
болов уу даа. АТГ ингэв үү эсвэл хэл ам хийж яваа хүмүүс өөрсдөө сайтуудаар
мэдээлэл тараасан юм уу мэдэхгүй л сууна. Миний өөрийн үүсгэн байгуулсан
цэцэрлэг юм шүү дээ.
-Авлигатай
тэмцэх газраас дуудаж мэдүүлэг авсан уу?
-Утсаар л яриа
авсан. Ийм тийм бичиг баримтаа аваад ир гэж байсан. Надтай холбогдохоосоо өмнө
бүх материалаа өөрсдөө бүрдүүлсэн юм билээ. Жил гаруй болж байгаа сунжирсан
асуудал л даа.
-Та өөрөө
цэцэрлэгээ байгуулсан гэдгээ тодруулахгүй юу?
-Би сумынхаа
ИТХ-д сонгогдсон юм. Тэр үедээ тойргийнхонтойгоо уулзаж байхад “Цэцэрлэгтэй бол
бидний амьдрал өөдлөхөөр байна. Хүүхдүүдээ сургаад ногоочин хүн тариагаа тарьж,
хойшоо гарч худалдаа хийдэг нь тэр ажлаа хөөцөлдөх боломжтой болно. Өчнөөн
ажил, албан хаагчид хүүхэд дээрээ гацаж байна” гэхээр нь би өөрийгөө мундаг хүн
шиг бодоод л хувийнхаа хөрөнгөөр цэцэрлэг барьчихсан юм. Тэгтэл одоо бараг
хүний юман дээр очоод суучихсан шиг байдалд ороод байна даа.
-Тэгэхээр анх
хувийн цэцэрлэг байжээ дээ?
-Алтанбулагт ганц
төрийн өмчийн цэцэрлэг байхад өөрөө байгуулаад бүтэн дөрвөн жил зүтгэсэн. Гэр
хороололд байгуулсан болохоор нэн ядуу, өрх толгойлсон эмэгтэйн хүүхэд гээд
айлын хүүхдүүд л явдаг байсан даа. Тэр хүүхдүүдээс мөнгө авна гэдэг хэцүү шүү
дээ. Эхлээд 10 мянган төгрөг авах гэж үзээд сүүлдээ таван мянган төгрөг болсон.
Улсаас хувьсах зардал л ирж байсан. Тогтмол зардал нь ирдэггүй. Багш нарын
цалин л орж ирдэг гэсэн үг. Хоол нь хүрэхгүй би өөрөөсөө гаргаад зовж зовж
дөрвөн жил хөөцөлдөж байж төрд өгсөн юм.
-Тийм
алдагдалтай байсан юм бол хаачихсан ч болох биш үү?
-Хаах гэхээр
“Дарга аа болохгүй шүү дээ” гээд манай ажилчид гуйж байсан. Би хаах гэж зөндөө
үзсэн л дээ. Тэгээд энэ олон түмний хүүхэд, эцэг эх, ажилчдаа бодоод л өөрөөсөө
мөнгө гаргаад явж байлаа. Манайх хувиараа бизнес хийдэг айл. Тухайн үед надаас
сард л 2-3 сая төгрөг гардаг байсан юм. Хоолны зардалд хөөрхий ажилчид маань
ярьж байгаад цалингаасаа нийлүүлээд мөнгө гаргадаг байсан. Түлээ, халаалт,
цахилгааны мөнгө гээд бүх л зүйлийг би хувиасаа гаргаж байсан. Хүүхдүүдийн ар
гэрээс авсан таван мянган төгрөг хаана нь хүрэх вэ дээ.
-Хэдэн онд
нээсэн юм бэ. Нээсэн цагаасаа эрхлэгчээр нь ажилласан уу?
-2009 онд нээсэн.
Анх өөр хүн эрхлэгчээр тавьж байгаад дараа нь өөрөө ирсэн юм. Эрхлэгчээр нь
ажиллуулсан хүн маань жил орчим л ажилласан байх. Манай цэцэрлэг цалин мөнгө,
зардлаас эхлээд хэцүү байсан шүү дээ. Тэгээд хэцүү болоод ирэнгүүт нөгөө
эрхлэгч маань багш хийж байгаад шилжээд явчихсан. Ингээд л би өөрөө эд
нартайгаа гардаж ажилласан.
-Дөрвөн жилийн
дараа төрд өгсөн гэхээр 2013 онд байх нь ээ?
-2009 оны
нэгдүгээр сард байгуулаад 2012 оны наймдугаар сарын 20-ны хавьд төрд өгсөн.
Хаах гэхээр манай ажилчид, эцэг, эхчүүд надад “Та тэсээд төрд өгөх гэж үзээч.
Гарц, боломж юу байна. Энэ олон хүмүүс хүүхдээ
цэцэрлэгт өгчихөөд ажилтай байж, аятайхан амьдармаар байна. Та боломжийг
ашиглаач” гэж ятгасаар байгаад намайг бүтэн дөрвөн жил явуулсан хэрэг л дээ.
Хэрвээ би бусад цэцэрлэгтэй адилхан нөгөө 350 мянган төгрөг, эсвэл 100
ам.доллар аваад сууж байсан бол өнөөдөр ингэж зовохгүй шүү дээ.
-Алтанбулаг ер
нь жижиг биш газар шүү дээ. Өмнө нь байсан цэцэрлэг ямар багтаамжтай байсан юм
бэ?
-Өмнө байсан
цэцэрлэг 50 хүүхэд авах багтаамжтай гээд 75 хүүхэд авдаг байлаа.
-Танайх анх
байгуулагдахдаа хэдэн хүүхэд авч байв?
-Манай цэцэрлэгт
эхлээд 82 хүүхэд л явж байсан юм.
-Одоо?
-170 хүүхэдтэй
үйл ажиллагаагаа явуулж байгаа. Анх 12 ажилтантай байсан. Одоо 26 болсон.
Манайх их тэссээн. Эхлээд гурван бүлэгтэй байж байгаад одоо таван бүлэг, нэг 24
цагийн ангитай боллоо. Би төрд өгснөөс хойш ч их л юм хийсэн. Төрд өгөөд хувийнхаа
юмыг хийгээд явах гэтэл манай багш ажилчид гэрт бүгдээрээ ирж уйлж дуулсаар
сонгон шалгаруулалтад орохыг ятгаж байлаа. Сайхан хамт олон шүү дээ. Тэгсээр
байгаад би буцаад цэцэрлэгтээ очсон. Түүнээс заавал эрхлэгч болох гээд улайрч
гүйгээд байгаагүй ээ.
-Цэцэрлэгийнхээ
талаар юу хэлэх вэ?
-Манай цэцэрлэг
2013 онд сумынхаа шилдэг байгууллага болж байлаа. Анхны эрүүл мэндийг дэмжигч
байгууллага болсон. Тэгээд сум орон нутагт зохион байгуулж байгаа бүх юманд
манай ажилчид явдаг. Өөрсдөө ч олон төрлийн
ажил зохион байгуулна. Эцэг, эхчүүдтэйгээ ч их хамтарч ажилладаг. Сумынхаа өмнөөс ч их юманд явсан. Ноднин “Авьяас”
хөтөлбөрийн хүрээнд би бүжгийн багш ажилд авсан юм. Тэгээд нэгдүгээр сараас
хойш манай цэцэрлэгийн ахлах бүлгийн багачууд Сэлэнгэ аймгаас анх удаа бүжгийн
төрөлд, тэмцээнүүдэд оролцож эхэлсэн. Гурван удаа улсын тэмцээнд явсан даа.
Улаанбаатар, Дарханд тэмцээнд оролцож мөнгөн медаль ч авлаа. Хосын төрөлд
тусгай байрын шагнал авсан. Янз бүрийн л амжилт үзүүлсэн. Дандаа том
хүүхдүүдтэй өрсөлдөнө. Манай хүүхдүүд таван настай, бусад бүжгийн хамтлагууд нь
7-12 насны хүүхдүүд байсан. Сая нэгдүгээр ангид орсон тэр хүүхдүүд маань
Өмнөговь аймагт болсон тэмцээнд явлаа.
-Таныг
2000-2004 онд төгссөн хуурамч дипломтой гээд байгаа юм билээ?
-Наадах чинь нэг
л хүний өс хонзонгийн асуудал юм шиг байна лээ. Би хүнтэй муудалцдаггүй л хүн.
-Цэцэрлэг тань
төрийн өмчийнх болсон болохоор холдуулах гэсэн юм болов уу?
-Тийм байх. Манай
багш ажилчид ийм асуудал гарсанд дургүйцэж байгаа. Нэг дэх өдөр хурал хийж байсан.
“Дарга ийм юманд орчихлоо ямар гарц байна. Биднийг төдийгөөс өдий хүртэл авч
явсан. Биднийг ингэж хоолонд хүргэсэн” гээд ярилцсан байна лээ. Манай
ажилтнуудын зарим нь мэргэжилгүй байсан юм шүү дээ. Тэр үед хүмүүсийг 40:60
харьцаагаар цалинжуулж сургуульд явуулдаг байлаа. Оронд нь ажлыг нь хийж байгаа
хүн цалингийнх нь 40 хувийг аваад нөгөөх нь 60 хувиа аваад бүтэн дөрвөн жил
хичээлдээ явна гэсэн үг л дээ. Нөгөө 40 хувь нь цалингийн доод хэмжээнд таарч
байсан хэрэг. Би тэгж хөнгөлөлт үзүүлж сургуульд явуулж байлаа. Энэ хэдийгээ
мэргэжилтэй болгох гэж янз янзаар л үзсэн. Одоо манайхаас гэхэд л тав, зургаан
багш магистрт сурч байна. Хувийн хүн хэзээ хүнд мөнгө өгөөд сургуульд сургаад
явж байсан юм. Анх тэгж л боловсон хүчин бэлтгэж байлаа. Гэртээ хүүхдээ хараад
л сууж байсан хүмүүс шүү дээ.
-Сэтгэл,
ажиллах хүсэл байхад боловсрол бас хоёрдугаарт байж мэдэх юм шүү?
-Манай ажилтнууд,
эцэг эхчүүд өчигдөр (есдүгээр сарын 29) шуугилдаад байсан. Над руу утасдаад
заримынх нь дуудлагыг би авсан ч үгүй. Өглөө ямар сайндаа эцэг, эхчүүд явсных
нь дараа л ажил дээрээ очиж суусан. Тэгсэн эцэг, эхчүүд үүдэнд янз бүрийн юм
биччихсэн гар хөлийнхөө үсгийг зураад явъя, заргалдъя гэсэн байна лээ. “Юм
хийхгүй байгаа бол яая гэхэв. Хийсэн юмаар нь л хүнийг үнэлж дүгнэх ёстой биз
дээ. Хүний атаа хорслоор дүгнэдэг эд биш. Эцэг, эх үнэлнэ шүү дээ” гээд янз бүрийн юм яриад байна гэсэн.
-Анхнаасаа л
эрхлэгч байсан юм бол багшийн дипломгүй гэж гоочлуулах хэрэггүй юм биш үү.
Удирдлагын ажлыг сайн менежерүүд л хийдэг биз дээ?
-Би багшилж
байгаагүй. Эрхлэгч гэдгээрээ явж байгаа юм л даа. Сүүлд нь хэл ам болчихлоо.
-Таны тэр
диплом яг хуурамч диплом юм уу?
-Тэр ч яахав.
Тэгээд тэртэй тэргүй сайтуудаар зөндөө биччихсэнээс хойш.
-Мэргэжил
дээшлүүлээд “Дархан” сургуульд сурсан гэсэн байсан?
-Би “Дархан”-д
магистрт өөрөө явж байгаад сурсан. Тэгтэл түүнийг янз бүрийн аргаар авсан
болгож бичсэн байна лээ. Би бас Эрдэнэтийн Улс төрийн их сургуулийг төгссөн.
Яахав дээ, тэртэй тэргүй юмны үнэн зөв гарна шүү дээ. Олон хүүхдийн эцэг эх,
багш ажилчид байна. Багш ажилчид юмуу, эцэг эхчүүдийн зүгээс өргөдөл өгсөн бол
би ичихсэн.
-Дипломын
зөрчилтэй хүнийг яагаад АТГ дууддаг билээ. Танд юу хэлж байна?
-Би бас түүнийг
нь гайхаад л байна. АТГ хүнээс авлига авсан эсвэл өгсөн хүнийг шалгадаг баймаар
юм. Эсвэл улсын эд хөрөнгийг шамшигдуулсан, үрсэн, идсэн байвал АТГ-т очих байх
гэж боддог байсан.
-Хүүхдүүдийн
эцэг, эхчүүд юу хэлж байх юм?
-Эцэг, эхчүүд
“Хичнээн сайхан дипломны голууд ирээд юм хийж чадахгүй байна. УИХ-ын гишүүдээс
өөрийнхөө хөрөнгөөр цэцэрлэг барьсан хүн алга. Тэгэхэд та зүгээр л сумын
иргэдийн хуралд гарчихаад тэр олон хүүхдийг хүмүүжүүлж, ар гэрт нь ч амьдралын
баталгааг өгсөн шүү дээ. Манай монголчууд яагаад юм хийгээд байгаа хүнээ доош
нь дардаг юм бэ” гэсэн үг хэлцгээж байна лээ. Үнэхээр ч би ямар нэгэн ажил
хийхгүй эсвэл бусдын босгосон зүйл дээр очиж суучихаад байгаа бол муухай шүү
дээ. Гэтэл өөрөө үүсгэн байгуулчихаад дөрвөн жил үйлээ үзэж тэмцээд эцэст нь
ийм байдалд хүрч байна.
-Та
Алтанбулагийн уугуул хүн үү?
-Манай ээж аавын
гарал Увс. Харин би энд л төрсөн Алтанбулагийн хүн дээ.
-Цэцэрлэг
байгуулснаас өөр буруугүй хүн юм байна даа?
-Харин би тэгж л
бодоод байна. Нөхөртөө ч загнуулж байгаа. “Хэрэггүй гээд байхад чи өчнөөн мөнгө
гаргаж цэцэрлэг байгуулсан. Өөрсдөө ядаж байхад цэцэрлэгийн хоол унд, ус,
цахилгааныг сар бүр төлөөд явж байсан. Тэрний оронд чи наад хоёр давхар
байшингаа сувиллын газар болгоод ч юмуу эсвэл өөрсдөө юм хийгээд явсан бол
өнөөдөр ийм байдалд орохгүй шүү дээ. Хувийнхаа
юмыг хийгээд явж байх байсан. Цэцэрлэгийн төлөө хувийнхаа ажлыг хаяад
төрд өгснөөс нь хойш ч гурван жил зүтгэлээ шүү дээ. Тэрний чинь ач гавьяа юу
гарч байгаа юм” гэж зэмлэсэн. Манай нөхөр сувиллын газар нээчихгүй юу даа гэхэд
нь би цэцэрлэг байгуулсан юм. Цэцэрлэгийнхээ хүүхдүүдээс өчнөөн төлбөр аваад
сууж байсан бол надад хэлэх үг алга. Гэхдээ манай энэ хамт олон ямар сайхан
хамт олон гэж санана. Мундаг шүү дээ. Ганц нэг л буруу санаатай хүн байгаа
байх.
-Та одоо
сумынхаа ИТХ-д байдаг уу?
-Үгүй ээ.
Ж.БАЯРСАЙХАН