Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг дэд сайдгүй байхыг дэмжжээ

УИХ дахь АН-ын бүлэг намрын чуулганы анхны хуралдаанаа хийж энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын талаар хэлэлцжээ.

АН-ын бүлэг хуралдаанаараа УИХ-ын дарга болон Ерөнхий сайдын мэдээллийг сонссоноос гадна ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах эсэх асуудал, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэх эсэх асуудал болон 2015 оны төсвийн тодотгол ирэх оны төсөв, мөнгөний бодлогын талаар хэлэлцжээ.

УИХ-ын дарга З.Энхболд болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар ирэх оны төсөв, мөнгөний бодлоготой холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн байна. Энэ талаар тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар ярихдаа “Ирэх оны төсвийн талаар Сангийн яамнаас танилцуулсан. Үүгээр бол бүхэл, бүтэн санхүүгийн шинэчлэл хийх шаардлагатай болох юм байна Уг мэдээллийг АН-ын бүлэг сонссоны дараа эдийн засагт хийх реформийг бүрэн сайшаасан. Ер нь реформ хийх цаг нь болжээ. Сонгуулийн эрх ашгаа бодож уг асуудлыг хойшлуулах бус одоо яаралтай хийх ёстой гэж ярилцлаа. Батлагдах төсөв, мөнгөний бодлогыг улсын төсөвтэй уялдуулах зарчмыг баримталж байгаа. ЗГ-ын өргөн барихаар бэлдэж байгаа хувилбарыг дэмжээд явахаар болсон” гэжээ.

Мөн тус бүлэг яамдыг дэд сайдгүй болгох саналыг дэмжсэн байна. Засгийн газраас яамдыг дэд сайдгүй болгох саналыг оруулж төсвөө ч мөн тэгж боловсруулсан байна. Төрийн албан хаагчдын цалинг хавтгайруулж хасах бус улс төрийн өндөр албан тушаалтан болон төрийн захиргааны удирдлагуудын цалинг хасахыг тус бүлгийн гишүүд дэмжжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *