УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр намрын чуулганы эхний хуралдаанаа хийж, энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд өөрсдийн баримтлах байр сууриа нэгтгэжээ.
Энэ талаар тус бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа нар мэдээлэл хийлээ.
Бүлгийн дарга С.Бямбацогт“Бүлгийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь зүйлийн талаарх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэх, Ерөнхий сайдын өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор хийх мэдээллийн талаар ярилцсан.
УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг өргөн барихыг хязгаарласан дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцээс гаргасан. Цэцийн дүгнэлтийг хүлээж авбал УИХ Засгийн газрын гишүүдийг томилчихоод тухайн хүнтэйгээ хариуцлага тооцож чаддаггүй болох жишиг тогтохоор байна. Муу ажиллаж байгаа нэг сайдтай хариуцлага тооцож болдоггүй, түүний өмнөөс сайн ажиллаж байгаа бусад сайд, Ерөнхий сайд хариуцлага хүлээдэг жишиг тогтоох нь буруу. Цаашдаа энэ байдлаар явбал төрийн тогтворгүй байдал улам даамжирна. Зөвхөн сайд нарын асуудал дээр бус Монголбанкны ерөнхийлөгч, АТГ-ын дарга, Сонгуулийн ерөнхий хорооны дарга, Улсын ерөнхий прокурор, дээд шүүгч гэх мэт төрийн өндөр албан тушаалтнуудыг УИХ-аас томилдог. Эдгээрт УИХ эргээд хариуцлага тооцох тогтолцоо алга болно. Иймээс Үндсэн хуулийн гаргасан дүгнэлт үндэслэлгүй гэж үзэж байна” гэлээ.
Мөн МАН-ын бүлгийн гишүүд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлыг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцсэний дараа бүлгээрээ дахин хэлэлцэх шийдвэр гаргасан гэв. Түүнчлэн 2016 оны төсөв хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан Ажлын хэсэг гаргаж Монгол Улсын төсвийн өнөөгийн байдал, цаашдын төлөвийг судлахаар болжээ. Мөнцааш нь “2015 оны улсын төсөвт цалин тэтгэврийг нэмэхэд 90 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэтэл энэ нэмэгдлийг эрх баригчид өгөөгүйгээр барахгүй ирэх оны төсөв рүү шилжүүлэх юм ярьж байна. Эдийн засаг хүнд байгаа энэ үед цалин, тэтгэвэр нэмэхгүй байснаар иргэдийн худалдан авах чадварыг бууруулдаг. Ингэснээр аж ахуйн нэгж, компаниуд дампуурах сөрөг нөлөө үзүүлэлттэй. Үүнээс үүдэж ядуурал бий болно. Хамгийн зөв оновчтой шийдэл нь цалин, тэтгэврийг нэмэх юм. Ингэснээр иргэдийн худалдан авах чадвар нэмэгдэж, компаниуд дампуурлаас гарах боломжтой болно. Төсөв хэлэлцэх үеэр энэхүү саналуудаа Засгийн газарт хүргүүлэх болно” гэж бүлгийн дэд дарга нь хэлэв.
Мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад ийм хариулт өгөв.
-Танай бүлгээс Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн барьвал хэлэлцэгдэх боломж байх уу. Бурмаа гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа шүү дээ?
-Сонгуулийн хуулийг боловсруулах ажлын хэсэг Р.Бурмаа гишүүнээр ахлуулан 2013 онд байгуулагдсан. Зарчмын байр суурь их хол зөрүүтэй байгаа. Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулийн нэгдсэн хууль байя. УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулийг хамтад нь хийе. Сонгуулийн саналын хуудсыг хар машинаар тоолно. Ялагдсан хүмүүсийн зөрүү ойрхон байвал хяналтын тооллого хийдэг байя гэсэн. Үүн дээр бид санал нэгдээгүй. Хууль санаачлах эрх нь 76 гишүүнд нээлттэй байгаа учраас энэ боломжоо ашиглаад УИХ-ын сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барихаар бэлдсэн. Бэлтгэхдээ Улсын Дээд Шүүхэд бүртгэлтэй 22 намыг оролцуулж хэлэлцүүлэг хийсэн. 22 намаас 20 нь Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг дэмжээд эцсийн боловсруулалтыг ойрын үед ирүүлэх байх. Улс төрийн 20 нам санал нэгдсэн хуулийн төслийг ойрын үед УИХ-д өргөн мэдүүлнэ. Р.Бурмаа гишүүнтэй хуулийн төсөл өргөн мэдүүлэхэд хамтад нь хэлэлцээд явах болможтой.
-Ерөнхий сайдыг огцруулах асуудал дээр бүлэг ямар байр суурьтай байна вэ?
-Д.Хаянхярваа:Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймагт анхны хуралдаан зарласан наймдугаар сарын 31-ний өдрийн хууль бус хурлын тогтоолыг Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүхээр үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хууль бус тогтоолыг үндэслэж Ерөнхий сайд тогтоол гаргасан гэсэн үг. Шүүхийн захирамж гаргасан учраас хууль бус шийдвэрээ эргэж харах байх гэж найдаж байна. Ерөнхий сайдыг огцруулах асуудалд гарын үсгээ зурна. Бүлэг дээр энэ асуудлыг яриад цаашдаа энэ алдаагаа хэрхэн засах вэ гэдгээс хамаарч дараагийн шийдлээ гаргах нь зөв гэж үзсэн.
Ер нь цаашдаа өнөөдөр улс төрийн нөхцөл байдал таагүй бухимдалтай үед орон нутагт хууль зөрчсөн үйлдлийг орон нутгийг үймүүлэх ажиллагаа энэ мэт даамжирвал төрийн хямрал гүнзгийрнэ. Тиймээс бага дээр нь засах ёстой гэж Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байна.
-Улс төрийн болон захиргааны албан тушаалтнуудын цалинг таная гэж хэмнэлт ярьж байна. Харин та бүхэн цалинг нэмэх ёстой гэсэн байр суурь илэрхийлж байна?
-С.Бямбацогт: 2012 оноос хойш төрийн данхгар бүтцээ больё гэдэг асуудлыг бид ярьсан. 2012 онд байсан төрийн албан хаагчдын тоо өнөөдөр 50 мянгаар нэмэгдсэн. Түүнийг дагаад цалин, шатахуун, томилолт, цахилгаан, хурал зөвлөгөөний зардал нэмэгдсэн. Энэ зардлыг 2012 оны төвшинд байлгаач гэдэг асуудлыг байнга тавьж ирсэн. Харамсалтай нь тэр төвшинд байлгахгүй байгаа. Эндээс хэмнэлт эхлэх ёсой. Төрийн үйлчилгээний албанд ажиллаж байгаа сургууль цэцэрлэгийн багш, ажилчид, эмнэлгийн эмч, сувилагч, ажилчдын цалинг нэмэхгүйгээр хямралыг давна гэж үзэж байгаа бол буруу. Өөрсдөө тансаг хэрэглээнээсээ, татгалзахгүй хэрнээ ядарсан иргэдийнхээ халаас руу орох нь буруу. Ийм зарчмын байр суурийг цаашдаа баримтална.
-Засгийн газар тогтвортой ажиллах ёстой гэж үзэж байна уу, эсвэл хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна уу?
-Хариуцлагагүй байдлаа засах чадвар байна уу. Зургаан сайдаа саяхан томилсон. Бид тодорхой шаардлагууд тавьсан байгаа. Түүнд хэрхэн хандах нь уу гэдгийг харж, Удирдах зөвлөлөөрөө ярьж байж асуудлыг шийднэ.
-Ерөнхий сайд 30 хувийн таналт яриад байгаа. Та бүхэн цалингаа тануулахыг хүлээж авах уу?
-Н.Номтойбаяр:Тэр нь ерөөсөө асуудал биш. Цалин, тэтгэврийг шат дараатай бууруулах алхам эхэлж байгаад гол асуудал. Цалингийн асуудлыг шийддэг гурван талт үндэсний зөвшилцөл байдаг. Хуулийнхаа дагуу хоёр жилд нэг удаа Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмдэг. Хамгийн сүүлд энэ үндэсний зөвшилцөл 2013 оны есдүгээр сарын 15-нд хуралдсан. Хоёр жилийн хугацаа дуусан гэсэн үг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй уялдуулж нэмдэг хэмжүүр байдаг. Энэ утгаараа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30-35 хувиар нэмсэн байх хуулийн хугацаа дуусчихаад байгаа.
Ж.ГАНАА