Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тангадын Галсан: Хардах бол ижил ханиа эмээлтэй морь, эмжээртэй дээл шиг өмчирхөх дон, аминч үзэл, арчаагүй тэнэглэл

Монгол Улсын ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Тангадын Галсантай уулзаж хөөрөлдлөө.

-Тантай хөөрөлдье гээд утас цохьтол хилээр явсан гэж байсан. Эх орныхоо альхан зүгийг тойроод ирэв дээ?

-Энэ жил би арван гурав дахь аймгаараа яваад ирлээ. Орвог гашууны Бор толгойн хойд талаас Хатан суудлын зүүн урд тал хүртэлх хилийн ангиудаар явлаа. Зорилго юу вэ гэвэл эх орныхоо хилийг нүдний цөцгий мэт хамгаалж байгаа хилчин дайчдын маань байгууллагын 82, эх хэлээ хамгаалдаг уран үгийн дархцуулын ганц хэвлэл “Утга зохиол” сонины жаран жилийн ой энэ намар таширчээ. Эх орныхоо хилийг хамгаалахад орчин үеийн байлдааны зэвсэг, сансрын холбоо бүрдсэн боловч бас хүнлэг сэтгэл, эх оронч үзлээр хилчин дайчдаа зэвсэглэх зайлшгүй шаардлагатай. Тиймээс МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Буянзаяа, Хилийн цэргийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Шарын Лхачинжав нар яриад “Утга зохиол” сонины эрхлэгч, яруу найрагч Ж.Баяржаргал, арван наймхан насандаа цэрэг болж “Цэцэг нуурын хөвөөнөөс

Цэргийн албанд мордов оо” дууг зохиосон Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Нацагдоржийн нэрэмжит яруу найрагч Бямбажавын Хүрэлбаатар тэргүүтэн өмнийн цэнхэр говиороо аялаад ирлээ. Улсын нууцын зэрэглэлд анги, заставууд ордог болохоор арваад газраар орлоо.

-Намар ч ёстой нэг налайж байгаа биз?

-Өмнөговьд энэ жил дахиад зун болж байна. Би өдий наслахдаа говь нутагт есдүгээр сарын хуучдаар үер болж буухыг үзээгүй. Жаран долоон оны үерийг манай Явуухулан “Хорхойтсон баавгай шиг” гэж бичсэн. Тийм үер бидний унааны урдуур өнгөрлөө. Хүн ард нь эвтэй байвал луут тэнгэр хураа хайрлаж, луст газар дахин зуншиж цэцэглэхийг нүдээрээ үзлээ дээ.

Таана арван хуруу хэртэй сугсраа, хөмүүл мэтийн говийн цэцэгсийн анхил цээж уужлаад хачин сайхан байх юм. Дундговь руу ороод ирэхэд намраараа. Өвснийх нь бүрсрүү шарласан уу гэхээс өвснийх нь сөл доошоогоо исгэсэн айраг шиг л сайхан байна. Говь нутгийнхны хувьд мал тарган, магнай нь тэнэгэр байвч өвөл болдог шүү гэдгийг санаад үйлс ажлаа цалгардуулахгүй байгаа нь сайхан л харагдлаа.

-Та “Хил манаагүй хөвгүүнийг эр гэдэг юм уу” гэж ёжтой “Болор цом” авахдаа их асуусан найрагч. Өөрөө ингэхэд цэргийн алба хаасан уу?

-Далын даваа өөд мацаж яваа Хүрэлбаатар найрагч, дөчин нас дөнгөж гарч яваа Буянзаяа, Баяржаргал нар чинь бүгд цэргийн алба хаачихсан эрийн эр байдаг юм байна. Тэр дунд цэргийн алба хаагаагүй гав ганцхан нөхөр би байдаг юм байна. Бидний үед дээд мэргэжилтэн ховорхон. Гадаадын ч бай, өөрийнхөө ч бай дээд мэргэжилтнийг дээдлээд, цэрэгт явуулдаггүй тийм үе байсан л даа. Дараа нь намайг хэрвээ цэрэгт явуулчихвал эсэргүүн очоод армийг эргүүлчихнэ гээд явуулаагүй. Зайлуул даа хөөрхий, өөрийнх нь төрсөн хүү эх орныхоо эсрэг элдэв бурчиг хийхгүй шүү дээ. Гэвч, би эх орныхоо хилийг шүлэг найргаараа хамгаалж явсан юм байна. Тэрнийг өөрөө мэдсэнгүй. Хилийн цэргийнхэн өөрсдөө надад унших юм. “Цэрэг татлагын үеэр таны шүлгүүдийг л бид уриа болгон намируулна шүү дээ. Жишээ болгоход цэрэгт явахгүй байгаа залуусын тухай

“Яншаа эмээ шиг гачигдал тоочиж шившгээ дэлгээд

Ялааны хор ууж эмнэлэгт хэвтэж, ходоодоо угаалгаад

Яаж ийгээд цэрэгт явдаггүй хөвгүүн охидын нүдэнд

Ямааны гурвын шулдан хаа шиг харагдана аа” гэхэд л нэг нэгнээсээ ичиж нэрэлхээд бүртгүүлж эхэлдэг юм даа гэж байна. Цэргийн алба хаагаад ирсэн хүү ямар сайхан эрийн эр, дарцаг биш туг болоод очдог тухай

“Саяхан цэргээс халагдсан ханхар эр

Саахалтын тэртээгүүр исгэрэн жавхалзан өнгөрөхөд

Сайхан хүүхнүүдийн бүсний үзүүр алдуурна

Санаа алдахад нь энгэрийн товч нь мулт мулт үсэрнэ ээ” гэж та бичсэн шүү” гээд урдаас унших юм. Миний энэ “Жирмийн сүлжээ”-нүүд цэрэг татлагад маш их нөлөө болдог гэнэ л дээ.

-Хэдийгээр та цэрэгт яваагүй ч эх орон, иргэний уянгын олон сайхан найргаараа аргагүй л хилээ манаж, хиргүй тунгалаг сэтгэлээр эх орноо хамгаалжээ…

-Цэргийн их жанжин Ёндон генерал “Болор цом”-ыг үзэж, өөрөө заавал тэр тэмцээнийг “шүүж” оноо таарах нь уу, үгүй юу гэж хардаг Гаваа генерал нар

“Тал туулаагүй морийг унаа гэдэг юм уу

Гол гатлаагүй хүнийг усчин гэдэг юм уу

Гал асаагаагүй бүсгүйг бэр гэдэг юм уу

Хил манаагүй хөвгүүнийг эр гэдэг юм уу” хэмээх шүлгийг дандаа бидэнд уншиж яруу найргаар “зэвсэглэдэг” байсан. Бид ч гэсэн тэгж зэвсэглэх ёстой. Тэгтэл та нарын яруу найргийн эх орон, хилийн тухай бүтээлүүд бидэнд яагаад ирэхгүй байна вэ. Яруу найрагч Данзангийн Нямаагийн гаргадаг “Улирал ба зохиолч” сэтгүүлийн зохиолч Санжийн Пүрэвийн тууж, таны “Хилийн овооны нууц” гэдэг найраглал оны шилдэг бичлэгийн шагнал хүртсэн гэж сонссон. Тэр найраглал яагаад бидэнд олдохгүй байна. Баяржаргал гуай тэр найраглалыг сониндоо хэвлээд өгөөч гэх мэтээр цэрэг дайчид, гэрээт хил хамгаалагчид хүсэж байна. Уулзалт хийхэд барилгын цэргүүд суугаагаараа сайхан унтаад өгдөг юм ш дээ. Яаж тэгж суугаагаараа сайхан унтаж чаддаг юм. Тэгэхэд хилийн цэргүүд манай нөхдийг шүлэг унших тусам сандал чихар чихар дуугараад урагшаа дөхөж суугаад, чихээрээ биш нүдээрээ сонсож байгаа нь ил харагдаад, нүдэнд нь амьдралын хэтийн ирээдүй, амраг бүсгүй нь, иргэнийхээ үүргийг биелүүлсэн шиг биелүүлээд эр хүн болоод нутагтаа очихын итгэл нь харагдаж байх их сайхан байлаа даа.

-Та “Монгол кино” үйлдвэрт олон жил ажиллахдаа “Аргаль”, “Янгир” зэрэг олон баримтат бүтээл хийж эх орноо дугуйлсан нь тодорхой. Энэ жил таны ажиллаж байсан энэ том байгууллагын тэгш ой тохиож байгаа байх шүү?

-“Монгол кино” үйлдвэр гэсэн тэр том байгууллагын урлагийн аваргуудын дунд монгол хэл-уран зохиолын багш мэргэжилтэй мань мэтийн хүн яваад очиход далай даян дархан аваргуудын аманд нэгдүгээр ангийн хүүхэд гараад очиж байгаа юм шиг л байсан даа. Аугаа их Дооров (ардын уран зохиолч Сормууниршийн Дашдооров. сурв) гэхэд Горькийн утга зохиолын дээд сургууль төгсчихсөн, үгүй ядахнаа дүр хөргийг нь харъя гэхэд духандаа дааганы туурайн тамгатай. Монголын тухай анхны найраглалыг говийн гурван аймаг хариуцсан мэргэжлийн зохиолч байхдаа бичсэн хүн дээ.

“Монгол, бичихэд хэдий богино ч

Мориор туулаад баршгүй уудам дэлгэр орон оо

Монгол, дуудахад хичнээн авсаархан ч

Мохож, мөхөж үзээгүй яруу алдарт түмэн ээ” ч билүү, монгол үндэстний ухамсрыг сэргээсэн олон сайхан бүтээл туурвисан гайхамшигтай зохиолч шүү дээ. Дооровын маань “Эх бүрдийн домог” чинь ерөөсөө хилийн тухай, эх орны алга дарам газрын төлөө харийнхны шүлс яаж савирч байдаг тухай кино байж шүү дээ. Сангал гэдэг жирийн өвгөн, Найгал хэмээх эмгэн, түүний Нарангаравуу эх нутгаа хамгаалахын тулд амь насаа, алаг үрээ зориулж байж энэ нутгийн алга дарам газар үлдсэн юм шүү гэдгийг үзүүлсэн кино байх жишээтэй.

-Монгол айл бүхэн л хилчин, эх оронч байжээ?

-Монгол бол Хүн овогтны өвөг үндэстний нэг. Гэр-улс нь хүчирхэг үедээ төр-улс нь хүчирхэг байсан. Одоо манайд гэр-улс нь буурсан, буруудсанаас болоод төр-улс нь түйвэргээнтэй байна.

-Та яагаад ийм муу өнгөтэй үг хэлнэ вэ?

-Нууж болохгүй муу ёрт таван гэр бүл байна. Тэднийг бат бэх гэр-улс гэхэд хэцүү.

-Та “Төр улсын дотор гэр улс бат оршихуйн нууц” гэж сэнхрүүлэг исээний номдоо энэ тухай нэлээд тодорхой дурдсан байх аа?

-Нэгдүгээрт, Үнсэх хөөрхөн үртэй, өвлөх их бага хөрөнгө нэгтэй атлаа Монгол төрөөрөө баталгаажуулдаггүй, түмний урд хуримладаггүй, өөрөөр хэлбэл гэрлэлтийн баталгаагүй хэврэг гэр бүл. Хоёрт, зуны гурван сар хамт зугаалдаг (намар салдаг) өвөл болохоор бөөрөө бүлээтгэхийн тулд нэг хөнжилд хамт өвөлжөөд, хавар болохоор хар цагаан дуугүй салан одогсод буюу америк маягийн хамтран амьдрагсад. Дараагийнх нь гадаад ханьтай. Хоёрдмол иргэншилтэй, эрлийз хэл бүхий хүүхэдтэй, эх орон тодорхойгүй, эвлэх эвдрэх нь цөөнгүй, хэтийн ирээдүй нь хэврэг гэр бүл. Мөн аль нэг улс гүрэнд ажиллаж байгаа, ар гэрийнхнээ алсаас тэжээж байгаа, гэвч илгээдэг мөнгө нь ихэсч бус багасч байгаа, энд байгаа нь ч, тэнд очсон нь ч “илүүдэл орон тоотой” болж буй тэнэмэл гэр бүл. Тэр хэрээрээ хэврэг гэр бүл. Эцэст нь өр өвдөм, өрөөсөн багана шиг ганцаардмал өрхийг толгойлсон эмэгтэйчүүдийн гэр бүл гэж ийм таван янзын гэр бүл байна.

-“Гэр-улс” гэж та яг юуг хэлээд байна вэ. Ийм үг монгол хэлний үгсийн санд байдаг гэж үү?

-Гэр, улс гэдэг хоёр үгээс бүтсэн юм. Гэр гэдэг нь,

Гэрэл урьсан тоонотой

Гийчин урьсан үүдтэй

Гиймэл нандин өргөө шүү дээ.

Улс гэдэг нь нэгдмэл эрх ашигтай, нэг хэл бичигтэй, ёс заншил хэмээх аман хуультай, эртний түүх нэгтэй, ирээдүйн хувь заяа нэгтэй ард түмэн шүү дээ. Энэ хоёр үг хоршиход л гэр-улс гэдэг шив шинэ сайхан үг үүсч байгаа юм. Шинэ үг бүхэн шинэ ухагдахуун илэрхийлдэг. Төр улс бий болохоос хэдэн мянган жилийн урьд гэр-улс бий болсон түүхтэй. Монголчууд “Одны гэр”-ийн онолоор гэр-улсаа байгуулсан. Түүнийхээ ачаар цөөхөн атлаа олноос хүчирхэг улс байв. Өөрөөр хэлбэл гэр-улсын хүчирхэгжил нь төр улсын хүчирхэгжлийн үндэс байжээ.

-Танайх гэхэд ямар гэр улс вэ?

-Дээр дурдсан таван муу ёртой гэр бүлээс онхи өөр. Үр ачдаа үлгэр дуурайлтай таван буман (таван зуун мянган) гэр улс Монголд бий. Тэдний л нэг нь манайх. Би бол Галсан. Бүгд найрамдах улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд, сангийн сайд, миний хань бол Галсан хэмээх гэр-улсын эрүүл мэндийн, гэгээрлийн, хөнгөн хүнсний, хүн ам зүйн бодлогын сайд бас төв банкны захирал. Хэдэн хүүхэд маань эрүүл өссөн. Энэ бол эрүүл мэндийн сайдын ач. Нэг нь ч дунд сургуульд дунд, муу сураагүй. Тэр бол гэгээрлийн сайдын тайлан. Ганц Галсанг дөрвөн хүү, нэг охинтой болгож, манай удмыг өнөржүүлсэн. Энэ бол хүн ам зүйн бодлогын сайдын том гавьяа.

-За тэгвэл гэр-улсын ерөнхийлөгч та ямар үүрэгтэй хүн билээ?

-Манайх гэдэг гэр-улс хэзээ ч хиртэй, өртэй, хилэнцтэй байгаагүй. Хиргүй гэдэг эрүүл, өргүй гэдэг баян, хилэнцгүй гэдэг буянтай гэсэн үг. Гэр-улсын тэргүүн байх сайхан. Гэвч гэр-улсынхаа тусгаар тогтнол, эв эе, тэгш эрх, амь зуулга, хувь заяаг данайтал дааж явна гэдэг өндөр үүрэг, хатуу хариуцлага. Ер нь айл өөдлөн дэвжих үү, уруудан доройтох уу гэдэг нь Гэр-улсын тэргүүнээс ихээхэн шалтгаална.

“Удмаа доортговоос

Уул нурахын дайтай.

Ханиа гомдоовоос

Хайрхан нурахын гайтай” гэж би боддог. Миний хань Найгалмаа “Нэрээ хөдөс болгуузай. Гэрээ гахайн үүр болгуузай” гэх сургаалаар одоо ч үр ачаа хүмүүжүүлсээр байгаа өндөр эх хүн.

-Монгол Улс төсөвтэй байдаг шиг гэр-улсад ч төсөв байх нь ойлгомжтой?

-Байлгүй яахав. Тоонот гэрт толгой холбож, тостой шөлөнд хошуу холбосон өдрөөсөө гэр-улс төсөв зохиож сурдаг. Төсвийг хамтран батална. Гэр бүлийн төсөв нь орлого, зарлага, хуримтлал гэсэн үндсэн гуравхан хэсэгтэй. Орлого бол цалин, туслах аж ахуйн унац, хадгаламжийн хүү зэргээс бүрдэнэ. Тогтмол орлогынхоо хорин таван хувийг хадгаламжинд хийдэг айл хэзээ ч гачигдахын зовлонд тарчлахгүй. Ингэж чадсан айл дөчин наснаасаа эхлээд

“Яана аа гэхийн гачигдал зовлонгүй

Явган гэлдрэхийн ядаргаат сажлалгүй

Үүц хийх амбан шартай

Ууц тавих халзан ирэгтэй” болно шүү дээ.

-Орлогоос гадна бас зарлага гэж нэг сүрхий гайтай юм байдаг биз дээ?

-Гайтай биш ээ, жамтай юм. Таван шанага цай хийдэг домбонд тавин мянган шанага сүү хийж болно. Тэгэхийн тулд арван мянган удаа суллах хэрэгтэй. Суллах тутамдаа дүүргэх ёстой. Яг түүн шиг зөв гарсан гарлага эргээд олон дахин арвижсан орлого болдог. Зарлагыг орлого болгоход ухаан хэрэгтэй.

-Зарлагыг яаж орлого болгох вэ?

-Гэр-улсын сарын зарлага орлогоосоо хэзээ ч давж гарах ёсгүй. Хэрвээ ахиу зарлага гарч гэмээнэ орлогын ондоо эх үүсвэрээр дутсаныг нөхөж, дундуурыг дүүргэх ёстой. Жишээ нь, цагаан сараар малчин хүн хоёр ирэг зарлаа гэхэд оронд нь гурав дөрвөн охин төлөг авах жишээтэй. Тэр нь хойтон хавар төллөхдөө зургаагаас найман хонь болно. Хот суурингийнхан бол хос зурагтынхаа нэгийг зарж болно. Илүү өрөөгөө, эзгүй зусдаг зуслангаа түрээслүүлж болно. Итгэлтэй хүнд мөнгө хүүтэй зээлүүлэх ч унацтай. Олон хэл мэддэг бол орчуулга хий. Арван насны хулгайч архи, таван насны хулгайч тамхи авахаа боль. Орой үдэш зорчигч зөөвөрлө. Хэтэрсэн зарлагыг дор нь нөхөөд багагүй орлого олох энэ мэтийн боломж айл бүрт зөндөө бий. Эрдэм, ажил хоёр эргээд буян арвижуулдаг жамтай. Арга барагдсан үеийн нэг аврал бол зохист зээл. Богино хугацаатай, их хүүтэй зээл бүү ав. Тэр бол түймэртэй адил. Харин урт хугацаатай, бага хүүтэй зээл аваад хурдан эргэлдүүл. Нэг мэгж аваад олон тооройтой болох шиг мөнгө чинь үржинэ. Чи зээлийн өрөөс гарах төдийгүй, зээлдүүлэх мөнгөтэй болно. Ер нь гачигдаж өрийн нээнтэгт орох тусмаа хүн гайхалтай сэтгэж, гавшгайлан зүтгэж, олзны орд нээдэг. Лоохууз 17 төгрөгийн цалинтай үедээ, би 70 төгрөгийн цалинтай болуутаа л тосон чөмөгтэй амьдрахын ухааныг олсон. Тийнхүү гарлагын үүдийг хааж, орлогын үүдийг нээсэн гэр-улсад эрүүл энхийн цагаан буян, эд хөрөнгийн арвис буян, инээд баяслын далай буян, эрдэм ухааны гэгээн буян өдрөөс өдөрт чуулаад эхэлдэг дээ хө.

-Гэр-улсыг байгуулахын тулд ирээдүйн хань буюу таны хэлдгээр “Хос багана”-ын нэгээ хэрхэн шинжиж олох вэ?

-Танилцсан залуу хос төдийгүй, аав ээж нь энэ шинжээнд хамтран орох үүрэгтэй. Яагаад гэвэл гэр-улсыг байгуулах нь хүүхэд чулуугаар гэр барьж тоглохтой адилгүй. Манай монголчууд удмаар нь, үг яриагаар нь, эрдэм авьяасаар нь эзэмшсэн ажил мэргэжил, зан аашаар нь заяа төөргөөр нь, тэр ч байтугай унаж яваа мориор нь, одоо цагт унаж буй тэргээр нь залуусыг шинждэг уламжлалтай. Тэр дунд хамгаас эрхэм нь удам. “Сүх авахдаа онгийг нь хар. Хүн авахдаа удмыг нь хар” гэдэг мундаг сургаал шүү.

-Гэр-улсыг өөд татдаг гэгээн буянд юу юу багтдаг вэ?

-Гэр-улс бат байхын гам хошлон нь нэг сэтгэл, нэг итгэл үнэмшил. Эрийн ясан чөмөг сунаж, эмийн цусан цэнэг ханасан үедээ нийлсэн гэр нэг, ор нэг, дэр нэг, амь зуулга нэг хосын бие нь тус тусдаа боловч итгэл үнэмшил нь нэг байдаг. Нэг нь бөө шүтдэг, нөгөө нь Есүс шүтдэг бол хэтийн заяа гэгээн болохгүй. Арвилан хэмнэлт бол эд хөрөнгөөр дутуухан ч ирээдүйд элбэг дэлбэг амь зуухын нөөц. Балгадаг айлд хэзээ ч буян чуулдаггүй. Бага багаар хэмнэдэг айлын буян дундардаггүй.

-Гэр бүлийг доройтуулдаг гэмт нүгэл юу байдаг бол?

-Аз жаргалыг хөндөгч айл гэрийг түйвээгч арваад муу ёрын нүгэл бий. Нэг дэх нь хар. Хар бол ижил ханиа эмээлтэй морь, эмжээртэй дээл шиг өмчирхөх дон, аминч үзэл, арчаагүй тэнэглэл. Хар хүүшилсэн айл цоожгүй шоронтой адил. Ханиа хардагч бол буугүй хуягтай адил. Харыг хог дээр хаяж чадсан гэр-улс жаргалтай.

-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам танд их мундаг исээ захиалж дээ?

-Сайд С.Эрдэнэ хэлэхдээ “Монгол Улс хүнлэг энэрэнгүй иргэний ардчилсан нийгэм байгуулах зорилготой. Энэ бол иргэн бүрийн төв үзэл зөв ухаан бодлыг Монгол төрийн үйл хэрэгт дайчлан ашиглана гэсэн үг. Манайханд ярьсан Галсан гуайн үгэн дотроос “Төр улсын доторхи гэр улс” гэдэг үг цочирдом содон дуулдсан. Тэгээд л бид захиалж, гэрээ хийж ном бичүүлсэн. Энэ ном ганц бие залууст байтугай гал голомтоо аль эрт бадраасан эхнэр, нөхрүүдэд ахин дахин уншууштай, алт мэт санаануудтай, аван шууд хэрэглэх өгөөж хишигтэй юм” гэж үнэлсэн байсан шүү.

Үргэлжлэл нь “Өдрийн сонин”-ы №239 (5191) дугаараас уншина уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *