Categories
мэдээ улс-төр

З.Энхболд: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль намуудын зөвшилцлөөс шууд шалтгаална

-УИХ-ЫН 2015 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ НЭЭЖ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ-

УИХ-ын Эрхэм гишүүд ээ,

Хүндэт зочид оо,

Өнөөдөр Улсын Их Хурлын долоо дахь удаагийн намрын ээлжит чуулган нээгдэж байна. Хаврын чуулганы завсарлагааны хугацаанд Монгол Улсад олон чухал тэмдэглэлт үйл явдал тохиолоо. Тухайлбал, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан уламжлалт арга хэмжээнүүдээс гадна Ардын Их Хурлын дарга, орлогч дарга, Улсын Бага Хурлын гишүүд, үе үеийн парламентын дарга, Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нарыг оролцуулан хүндэтгэлийн хуралдааныг зохион байгууллаа.

Мөн Монгол Улсад анх удаа ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн намрын хурлыг амжилттай зохион байгуулж, тус Ассамблейн ерөнхийлөгч Илкка Канерва, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкин зэрэг 47 орны 300 гаруй парламентын гишүүд, олон улсын 13 байгууллагын 19 төлөөлөгчид оролцлоо. Дэлхийн нэр хүндтэй энэхүү хурлаар “ЕАБХАБ-ын бүс нутаг болон олон улсын түвшин дэх аюулгүй байдлын сорилт бэрхшээлүүдийг хэлэлцэх нь: Бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд парламентчдын гүйцэтгэх үүрэг” сэдвийн хүрээнд бүс нутгийн аюулгүй байдал, терроризм, хүний наймаатай тэмцэх, бүс нутагт тулгараад байгаа эдийн засгийн сорилт бэрхшээлүүд зэрэг олон чухал асуудлаар өргөн хэлэлцүүлэг явууллаа.

Миний бие Нью-Йорк хотод болсон Олон улсын Парламентын холбооноос 5 жил тутамд зохион байгуулдаг Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцож үг хэллээ. Бага хурал 2015 онд дуусч байгаа Мянганы хөгжлийн зорилтуудыг дүгнэх, ирэх 15 жилийн зорилтуудыг тодорхойлоход парламентын түвшинд ямар ажил хийвэл зохистой талаар хэлэлцсэн. Эцэст нь бага хуралд оролцогч 140 гаруй орны Парламентын спикерүүд “Энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх ардчиллыг хөгжүүлэх асуудал: Бидний хүсч буй ирээдүй” сэдвээр тунхаглал батлан гаргасан. Хэдхэн хоногийн өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар энэхүү “Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030 хөтөлбөр”-ийг хэлэлцэж баталлаа. Энэ хөтөлбөр НҮБ-ын 2000 онд баталсан Мянганы хөгжлийн зорилтуудын шууд үргэлжлэл бөгөөд улс орнууд дээрх хөтөлбөрийг өөрийн улс орны онцлогт нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэг хүлээж байгаа.

Монгол Улсын Их Хурал Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор 2005, 2008 онд Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтыг шалгуур үзүүлэлтийн хамт баталж, өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлж дууссан. Тийм болохоор НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар баталсан “Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030 хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газар уг хөтөлбөрийг боловсруулж, шалгуур үзүүлэлтийн хамт УИХ-д оруулж батлуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Өнгөрсөн сарын төгсгөлд миний бие ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкогийн урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийж, парламент хоорондын хамтын ажиллагаа, улс төр, эдийн засаг, боловсрол, бүс нутгийн болон олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин болон Засгийн газрын зарим гишүүдтэй уулзах үеэр миний бие уламжлалт найрсаг харилцаатай ОХУ-тай хийх Монгол Улсын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлж, “Талын зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, 2009 онд хоёр орны Ерөнхийлөгчийн тохиролцоонд хүрсэн Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эд хөрөнгийн асуудлыг богино хугацааны дотор шийдвэрлэх, ОХУ руу хийх уламжлалт экпортыг сэргээж, Монгол Улсаас экспортлох бараа бүтээгдэхүүний гаалийн тарифыг хөнгөвчлөх зэрэг асуудлыг хөндөж тавилаа. ОХУ-ын тал “Эрдэнэт” үйлдвэрийн Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг Монгол Улсын Их Хурал ойрын хугацаанд хэлэлцэж шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Эдгээр асуудлыг ажил хэрэг болгохын тулд Монгол Улсын Засгийн газар анхаарал хандуулж, бодитой санаачлага гаргаж ажиллах шаардлагатай болсныг онцлон тэмдэглэж байна.

Эрхэм гишүүд ээ,

Хаврын чуулганы завсарлагааны хугацаанд хоёр удаа Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хуралдлаа. Чуулганаар хэд хэдэн асуудлыг шийдсэн бөгөөд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэж эхэлсэн боловч дуусгаж амжилгүй намрын чуулганд шилжүүлсэн. Мөн Өршөөлийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хүлээж авсан хэдий ч зохих өөрчлөлтийг хийж чадалгүй завсарласан. Энэ асуудлыг хуулийн дагуу намрын чуулганы эхний асуудал болгон оруулж байна.

2016 оны Монгол Улсын төсөв, хүний хөгжил сангийн болон нийгмийн даатгалын сангийн төсөв, төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг энэ чуулганаар хэлэлцэж батална. 2015 оны эхний 8 сарын байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 629,3 тэрбум төгрөгөөр тасарч байна. Дэлхий даяар түүхий эдийн үнэ унаж байна. 2011 онд нэг тонн коксжих нүүрс 150 ам.доллар байсан бол өнөөдөр 50 ам.доллар, нэг тонн зэс 7000-8000 ам.доллар байсан бол 5000 гаруй ам.доллар, унци алт 1500 ам.доллар байсан бол 1100 ам.доллар болж буурлаа. Түүхий эдийн үнэ унахаар манай эдийн засагт сөргөөр нөлөөж байгаа нь үнэн. Гэхдээ бид буруутныг гаднаас биш өөрсдөөсөө хайх хэрэгтэй.

Оюутолгойн орд газрыг ашиглахад оруулсан нэг удаагийн 6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын үр дүнд тухайн үедээ эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрсэн. Үүнийг бодит өсөлт байнга байх мэтээр хүлээн авч, цаашид энэ түвшиндээ байх мэтээр төсөөлөн тооцоо судалгаагүй их хэмжээний хөрөнгийг үр ашиггүй зарцуулж ирсэн. Мөн хөдөө аж ахуйн болон уул уурхайн бус салбарыг хөгжүүлэх асуудлыг орхигдуулж, уул уурхай, газрын баялагт хэт шүтэж ирлээ. Бидний өмнөх үед хийсэн энэ алдаатай бодлогоос улбаалан өнөөдөр эдийн засагт бодитой хүндрэл учирч байна. Гэхдээ Улсын Их Хурал эдийн засгийн бодит байдалд дүн шинжилгээ хийж, цаг тухайд нь эрх зүйн зохицуулалт хийсний үр дүнд нааштай өөрчлөлтүүд гарч байна. Тухайлбал, эдийн засаг хүндрэлтэй гэж байгаа ч өнгөрсөн нэг жилийн хугацаанд айл өрхүүдийн хэрэглээ 4 хувиар өссөн байна. Энэ хугацаанд төрийн байгууллага болон Засгийн газрын хэрэглээ 4 хувиар буурчээ. Энэ бол Монголын эдийн засаг эрүүлжих тал руугаа явж байна гэсэн үг. Өмнөх жилүүдэд төрийн байгууллагуудын хэрэглээ хэзээ ч буурч байгаагүй, харин ч эдийн засгаасаа хурдтай өсч ирсэн байна. Сүүлийн 12 сард инфляцийн түвшин 6 хувьтай, гадаад худалдааны тэнцэл 2015 оны эхний 8 сард 704,8 сая ам.долларын ашигтай гарлаа. Эдийн засгийн өсөлт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 3.1 хувьтай байгаа нь чамлахаар үзүүлэлт биш. Нэг жилийн дотор ХАА-н салбар 9.4 хувиар, аж үйлдвэр, барилгын салбар 12.1 хувиар өслөө. Статистикаар илэрхийлвэл, сүүлийн 3 жил том, жижиг 1055 үйлдвэр ашиглалтад орсоноор аж үйлдвэрийн салбарын ажиллах хүч 10 хувиар өссөн нь сүүлийн 25 жилд гарч байгаагүй тоо юм. Ганц жишээ дурдахад Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд ноос угаах үйлдвэр ашиглалтад орсоноор 250 хүн тогтмол ажлын байртай болж, бүтээгдэхүүнийхээ 70 хувийг экспортолж байгаа нь үүний нэг жишээ юм.

Төрийн бодлогоор импортын зарим бараа бүтээгдэхүүний гаалийн албан татварыг нэмэгдүүлж, дотоодын зах зээлээ хамгаалж байна. “Чингис бонд”-ын санхүүжилтээр үндэсний үйлдвэрлэл, эрчим хүч, дэд бүтцийг хөгжүүлэх бодлогыг бодитой хэрэгжүүлж, дэлхийн түүхий эдийн үнийн огцом уналтын сөрөг нөлөөг саармагжуулж чадлаа.

Цаашид Монгол Улсын үндэсний эрх ашиг, олон нийтийн ашиг сонирхолд нийцүүлэн, хуулийн хүрээнд харилцан ашигтай, эрх тэгш байх зарчмаар стратегийн ордуудын томоохон төслүүдийг хөдөлгөөнд оруулах нь чухал ач холбогдолтой юм. Үүнд Засгийн газар бодит алхам хийх шаардлагатай байна.

Эдийн засгийн хямрал, төсвийн хүндрэлтэй холбоотойгоор Засгийн газар хэмнэлтийн горимд шилжих төсөв оруулж ирэх гэж байгааг дэмжиж байна. Шилэн дансны тухай хуулийг баталж хэрэгжүүлснээр төсвийн үрэлгэн байдал ард түмний нүдэн дээр ил тод боллоо. Анхаарал татсан нэг жишээ дурдахад нийслэл, дүүргийн хэмжээнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарт олгож байгаа олон арван сая төгрөгийн урамшуулал иргэдийн хатуу шүүмжлэлд өртөж байна. Иргэдийн төлөөлөгчөөр ажиллана гэдэг цалин, урамшуулалтай ажил биш учраас энэ улирлаас эхлэн дээрх урамшууллыг зогсоох хэрэгтэй гэж үзэж байна. Сүүлийн үед төсөв хөрөнгийн үрэлгэн, замбараагүй байдал шилэн дансаар ил тод болохын хэрээр төрийн байгууллагууд шилэн дансны мэдээллийг бүдэгрүүлэх сонирхолтой болж байгааг иргэд шүүмжилж байна. Энэ бол байж болшгүй зүйл. Ийм учраас Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд тавих Засгийн газрын хяналтыг хүчтэй болгож, төсвийн хөрөнгийг үрэн таран хийсэн, буруу зарцуулсан албан тушаалтнуудыг албан тушаалаас нь чөлөөлөх хүртэлх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт үүрэг болгож байна.

Эрхэм гишүүд ээ,

Энэ удаагийн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа дуусахад зөвхөн 1 удаагийн хаврын чуулган үлдэж байна. Хаврын чуулган сонгуулийн бэлтгэл ажилтай давхцдаг болохоор энэ намрын чуулган цаг хугацааны хувьд ч, хэлэлцэхээр төлөвлөгдсөн асуудлын хувьд ч маш чухал, хамгийн хариуцлагатай чуулган гэдгийг эрхэм гишүүд Та бүхэн сайтар ойлгож байгаа.

Улсын Их Хурлын даргын захирамжаар батлагдсан 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай, Шүүх, Прокурор, Цагдаагийн албаны тухай болон Эрүүгийн хэргийн тухай, Зөрчлийн тухай, Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай зэрэг зайлшгүй батлах ёстой чухал хуулиуд тусгагдсан. Түүнээс гадна Сонгуулийн тухай, Улс төрийн намуудын тухай, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиуд өргөн баригдахаар хүлээгдэж байна.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт, оруулах тухай болон Сонгуулийн тухай хууль сонгууль болохоос 6 сарын өмнө батлагдсан байх хуультай. Миний бие Сонгуулийн хуульд оруулах цөөн тооны өөрчлөлтийг улс төрийн намууд харилцан зөвшилцсөн тохиолдолд хуулийн хугацаанд батлах боломжтой гэж үзэж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль ч ялгаагүй намуудын зөвшилцлөөс шууд шалтгаална.

Эдгээр асуудлыг цаг алдалгүй хэлэлцэж шийдвэрлэх нь эрхэм гишүүд Та бидний хариуцлага, санаачлага, идэвх зүтгэлээс шууд хамаарна. Нам, эвслийн бүлэг, холбогдох байнгын хороод асуудлыг цаг тухайд нь хэлэлцэж, хурдтай ажиллах хэрэгтэй. Эрхэм гишүүд Та бүхэн зөвхөн улс орны болон ард түмнийхээ эрх ашгийг дээдлэн хурлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох тохиолдолд бид өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлж чадна.

Та бүхэнд чуулганыхаа үйл ажиллагаанд сэтгэл, зүтгэл гарган идэвхтэй оролцохыг уриалж, Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганыг нээснийг мэдэгдье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *