Соёлын тэргүүний ажилтан, дуучин А.Түмэн-Өлзийтэй ярилцлаа.
-Таныг жүжигчин Л.Сөрөлттэй хамтран тоглолт хийнэ гэж дууллаа…
-Тийм ээ. СТА, жүжигчин Л.Сөрөлт бид хоёр хамтран ирэх сарын 9-нд Монгол бөхийн өргөөнд “Хайрын тэнгэр диваажин” тоглолт хийхээр төлөвлөөд байна.
-Мэргэжлийн дуучин, жүжигчин хоёр хамтарч тоглолт хийнэ гэхээр их сонирхол татаж байна?
-Л.Сөрөлт бол мэргэжлийн жүжигчин. Харин миний хувьд мэргэжлийн дуучин. Жүжигчин хүнтэй хамтарч дууны тоглолт хийнэ гээд бодохоор үзэгчдэд ч гэсэн сонирхолтой байгаа болов уу. Энэ утгаараа бид хоёрын тоглолтыг тэсч ядан хүлээж буй хүн олон байна. Тиймээс бид хоёрын хувьд тоглолтоо илүү сонирхолтой, гэнэтийн бэлэг ихтэй, үзүүштэй зүйлээр дүүрэн байлгахыг хичээж байгаа. Сөрөлтийн хувьд дуулахаас гадна жүжиглэнэ гээд олон авьяасаа дэлгэх байх.Үнэхээр сайхан тоглолт болно гэдэгт итгэлтэй байна.
-Та жүжиглэх үү?
-Бид тоглолтдоо Дархад ардын харилцаа дуу дуулна. Харилцаа дуу дуулахад жүжиглэлт, нүүр хувиралт шаарддаг. Тэгэхээр тодорхой хэмжээний жүжиглэлт гаргаж л таарна даа. инээв/
-Тоглолтод сүүлийн
үеийн Монголын урлагийн нүүр царай гэгддэг уран бүтээлчид урилгаар оролцож байгаа гэж сонссон?
-Рок попын өнөө цагийн өнгө аясыг тодорхойлж буй залуу дуучин П.Баярцэнгэл, нийтийн дууны нүүр царай болсон СТА дуучин Э.Төрмандах эхнэр О.Гансувдын хамт тоглолтод маань ая дуугаа өргөнө. Мөн Азийн томоохон шоунд амжилттай оролцож эх орныхоо нэрийг өндөрт өргөөд ирсэн “Хөсөгтөн” хамтлаг, бүжгийн “Улаан сарнай”, “Маршал” хамтлагууд оролцоно. Түүнчлэн манай тоглолтод “Шинэ үе” продакшны уран бүтээлчид оролцохоос гадна циркийн уран бүтээлчид сонирхолтой үзүүлбэр толилуулахаар бэлтгэж байна. Тоглолтыг үзэгчдэд хүртээмжтэй, үзүүштэй болгох тал дээр их анхаарч байгаа. Энэ ч үүднээс урлагийн салбарт манлайлж буй бүхий л уран бүтээлчдийг нэгтгэхийг зорьж байна.
-Таны хувьд жүжигчин Л.Сөрөлттэй хамтран хичнээн уран бүтээл хийгээд байна вэ. Шинэ гэсэн дуу болгоныг хамт дуулж харагддаг?
-Бид хоёр дөрвөн ч дуу хамтарч дуулсан байна. “Хөөрхөн”, “Хайрын тэнгэр диваажин”, хамгийн сүүлд “Нандин” гээд дууг хамт дуулсан. Клип нь цацагдаад эхэлчихсэн. Хүмүүст нэлээд хүрч байх шиг байна.
-Жүжигчин Л.Сөрөлтийг та дуунд уруу татчихав уу. Анх хамт дуулах санааг хэн гаргаж байв?
-Сайн яривал бид хоёр чинь Хөвсгөл аймгийн нэг нутгийн хүмүүс л дээ. Би Завхан аймгийн Улиастай хотод төрсөн ч аав, ээж маань Хөвсгөлийн уугуул. Жүжигчин Л.Сөрөлт анх надад хамт дуулах санал тавьсан. Бид хоёр хамт уран бүтээл хийхэд нэлээд тохирч байгаа. Хоолой сайхан нийлж, хэд хэдэн дуу гаргачихлаа. Гаргасан дуу болгон маань ард түмэнд ч сайхан хүрч байна. Сөрөлт жүжиглэхээс гадна бурханаас заяасан их сайхан хоолтой залуу.
-Хамтын бүтээлийн анхны гараа “Хөөрхөн” дуу байсан байх аа?
-Тийм. Сөрөлт анх “Хөөрхөн” гээд их аятайхан дуу байна. Хоёулаа хамт дуулъя гэсэн.
-Ер нь та хоёрын дуулсан дуунууд их хөнгөн хэрнээ гэгээлэг өнгө аястай байдаг. Та хоёрын хоолойны өнгө, онцлогтой холбоотой юу?
-Тэгж хэлж болно. Бид хоёрын хувьд залуучуудад хандсан гэгээлэг уран бүтээл хийхийг зорьдог. Нийгэмд тэртэй тэргүй бусад нь бараг хар бараан зүйл ярьж, нийгмээ шүүмжилж байна шүү дээ. Тэгээд ч жүжигчин хүнтэй уран бүтээл хамтарч хйиж байгаа нь нөлөөлж байгаа байх л даа.
-Ингэхэд одоогийн нийгэмд иймэрхүү гэгээлэг, хөнгөн кино, дуу үзэгчдэд илүү хурдан хүрч байх шиг. Үүнтэй та санал нийлэх үү?
-Тэгэлгүй яахав. Өнөөгийн залууст гэгээлэг, хөнгөн хэмнэлтэй, үг, ая нь амархан цээжлэгдэх тийм л уран бүтээл хурдан хүрч байна. Дагаад дуулахад хялбар. Энэ зөвхөн дууны уран бүтээлд ажиглагдаж байгаа зүйл.
-Саяхан цацагдсан “Нандин” дууг Сөрөлт та хоёрт зориулж бүтээсэн үү?
-“Нандин” дууг бид хоёрт зориулж аяыг нь саяхан Монгол бөхийн өргөөнд “Жаргалтай явна хоёулаа” тоглолтоо хийсэн хөгжмийн зохиолч О.Эрдэнээ ах бичиж, шүлгийг нь Э.Түдэв гэдэг хүн тэрлэсэн байгаа.
-“Хөөрхөн” дууг уран бүтээлчдээс нь зөвшөөрөл авалгүй дуулсан гээд та хоёрыг нэлээд шүүмжилж байсан. Үнэхээр зөвшөөрөл аваагүй дуулсан юм уу?
-Анх Сөрөлт Өвөрмонголд тоглолтоор явж байх үедээ “Хөөрхөн” дууг сонссон юм билээ. Тэгээд энэ дууг хэний дуу болохыг асуусан чинь мэдэхгүй байсан гэсэн. Тэгсэн хэрнээ хүмүүс маш их сонсох дуртай дуу болчихсон байсан юм билээ. Ингээд эх орондоо ирээд надад хамт дуулах санал тавихад нь би дуртай хүлээж авсан. Тухайн үедээ Өвөрмонголын хаанаас гэж уран бүтээлчдийг нь хайж олох билээ гэж бодсон. Бид хоёр энэ дууг дуулаад клип нь цацагдаад эхэлсэн чинь Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзан гуай утасдаад “Та хоёр хүний уран бүтээлийг зөвшөөрөлгүй дууллаа” гэж загнасан.
-Д.Данзан гуай үг, аяыг нь бичсэн хэрэг үү?
-Олон жилийн өмнө Д.Данзан гуай шүлгийг нь бичиж, Ховдод амьдардаг Хүрэлбаатар гээд ах аяыг нь хийсэн байж таарсан.
-Тэгээд уучлал гуйгаагүй юу?
-Бид хоёр албан ёсоор МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан, Хүрэлбаатар нараас уучлал гуйсан. Үнэхээр эндүүрэл гарлаа. Өвөрмонголчуудын уран бүтээл гэж бодсон гэдгээ хэлсэн. Хөгжмийн зохиолчтой нь дараа дахин холбогдсон. Бид хоёрыг ч дэмжсэн. Дараа бид хоёрт зориулж уран бүтээл хүртэл хийж өгөхөөр болсон.
-Та хоёрын “Хайрын тэнгэр диваажин” дууг мөн л хүний дуу гэх юм?
-“Хайрын тэнгэр диваажин” дууг хөгжмийн зохиолч Т.Сэр-Од багш олон жилийн өмнө хоёр оюутанд өгч дуулуулж байсан юм билээ. Бид Т.Сэр-Од багшид хэлж байгаад дуулсан дуу. Хүмүүс буруугаар ойлгоод байх шиг. Ер нь энэ дууг хэн дуулж, ард түмэнд хүргэж чадаж байна гэдэг нь чухал шүү дээ. Манайхан нэгнийгээ дэмжихээс илүүтэйгээр муулахаа урдаа барьдаг. Үнэндээ хүн хүнээ урмаар тэжээж байж амьдардаг хорвоо ш дээ.
-Таны хувьд драмын “Бүүвэй” жүжгийн дууг дуулсан. Ер нь сүүлийн үед нийтийн дуучдын дунд өөрийн өнгө аясаа тодорхойлж буй цөөхөн дуучдын нэг. Энэ эрчээ алдахгүйн тулд цаашдаа хийх уран бүтээлээ ч төлөвлөсөн байх гэж бодож байна?
-Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав ахын ая, УГЗ Н.Ганхуяг багшийн шүлэг “Хайртай бүхнээ” гээд “Бүүвэй” жүжгийн дууг дуулж олонд хүргэсэн. Уран бүтээлч хүн дандаа шинийг эрэлхийлж, содон зүйлийг олж харах ёстой. Тиймээс өөрийгөө аль болох илүү олон зүйлд сорихыг хичээдэг. Үүний нэг нь энэхүү драмын жүжгийн дууг дуулсан явдал байсан.
-Цаашид уран бүтээлийн ямар төлөвлөгөө байна?
-Би СУИС-ийг мэргэжлийн уртын дуучин мэргэжлээр төгссөн. Тиймээс дан уртын дуунаас бүрдсэн цомог гаргахыг төлөвлөж байна. Ойрын үед энэ удаагийн тоглолтоос эхлээд мэдээж олонд чиглэгдсэн уран бүтээлээ хийгээд завгүй л явна.
-Өнгөрсөн жил өөрийг тань нэгэн хэвлэлийн компанийн захирал дотно харилцаа үүсгэхийг хүсч дарамталсан гээд нэлээд шуугиан тарьж байсан. Үнэхээр тийм явдал болсон юм уу?
-Тухайн үед “Хөх Монгол” хэвлэлийн компанийн захиралтай ярилцаад миний тоглолтыг ивээн тэтгэхээр болсон юм. Тус компани миний 21 аймгаар аялан тоглолт хийх талаарх мэдээлэл бүхий рекламны самбарыг бэлэн болгочихсон байсан. Би яг маргааш нь Архангай аймгаас тоглолтоо эхлэх гээд бүх бэлтгэлээ хангачихсан хөдлөхөд л бэлэн байлаа. Гэтэл орой нь надад тэр хүнээс “Хоёулаа илүү дотно харилцаатай баймаар байна” гэсэн утгатай мессеж ирсэн.Юу вэ, маргааш нь миний тоглолт эхлэх гэж байхад ийм юм ирэхээр ёстой гайхна биз дээ. Үнэндээ шоконд орсон. Голдоо ортол гомдсон.
-Өмнө нь таньдаг байсан юм уу?
-Ажил хэргийн журмаар л танилцсан хүн. Урлагийн хүмүүст тоглолтын ивээн тэтгэгч хамгаас чухал. Үүнд дөрөөлж хүнийг тэгж шантаачилж болохгүй биз дээ. Би чинь бас хүн ш дээ. Хүнд дээрэлхүүлээд доромжлуулаад баймааргүй санагдсан. Тэгээд фэйсбүүкт мессежийг нь тавьсан юм. Гэхдээ би өөрөөс нь асуулгүй тавиагүй. Та надад ингэж хандаж байгаа бол би таны мессежийг олон нийтийн сүлжээгээр цацлаа шүү. Эхнэр чинь харна биз гэж хүртэл хэлсэн. Тэгсэн өөдөөс асуудалгүй, өшөө олон хүнд түгээ гэсэн. Тухайн үед үнэхээр шар хөдлөөд фэйсбүүкт тавьчихсан. Гэхдээ таван минут болоод л хүний мууг үзээд яахав дээ гэж бодоод устгах хооронд олон хүнд хүрчихсэн байна лээ.
-Дараа нь танаас уучлал гуйсан болов уу?
-Үгүй. Харин ч хэвлэл мэдээллийнхэнд намайг огт танихгүй гэж ярьсан байсан. Миний хувьд уран бүтээлийн төлөө зүтгэж яваа, тэр дундаа эмэгтэй хүмүүсийг ингэж доромжилж болохгүй л гэж санасан. Тийм үйлдлийг нь хүлээн зөвшөөрмөөргүй санагдаад л нийтэд илчилсэн хэрэг. Би ер нь их шартай хүн шүү дээ, бас. Тэгээд ч цаашдаа эмэгтэй уран бүтээлчдийг ийм өнгө аясаар битгий хүлээж аваасай гэсэн үүднээс асуудалд хандсан.
-2013 онд таныг “Баясгалантай сайхан” тоглолтоо хийх гэж байхад тантай ярилцаж байлаа. Тухайн үед та хараахан гэр бүлтэй болоогүй байна гэж байсан. Харин өнгөрсөн хугацаанд ханьтай болж, амаржаад ч амжсан байна…?
-Сайхан ханьтай болсон. Баруун аймгийн уугуул. Дархан хотод сурч, амьдарч байгаад гадагшаа явсан байсан. Тухайн үед миний хань харийн нутагт байсан. Би ханийгаа удаан хүлээсэн. Бид хоёр хоорондоо хэдий харилцаатай байсан ч хүний амьдралыг тааж мэдэхгүй шүү дээ. Тиймээс нууцалж байлаа. Одоо бид хөөрхөн охинтой болсон.
-Охин тань хэдэн сартай вэ?
-Одоо гурван сартай. Эх хүн болно гэдэг үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй жаргал байдаг юм байна. Хором бүрийг охинтойгоо өнгөрүүлмээр байгаа ч залуу насандаа илүү сайхан олон бүтээл хийхийг хүсч, яалт ч үгүй уран бүтээлдээ ороод л явж байна. Хөгшрөх тусам намайг сонсох хүний тоо цөөрнө шүү дээ. Тиймээс залуу насандаа амьдралаа ч, ажлаа ч амжуулах гээд завгүй л явна даа.