Хойд хөрш рүү визгүй зорчдог болсноос хойш Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын ачаалал эрс нэмэгдсэн билээ. Тус боомтоор наймаас дээш суудалтай тээврийн хэрэгслээр нэвтрэхэд зөвшөөрлийн бичиг буюу “Цэнхэр бичиг” авах шаардлагатай. Энэ зөвшөөрлийг ОХУ-ын талаас жилд 2000 ширхэгийг үйлдвэрлэж, манай улсад өгдөг байна. Уг зөвшөөрлийн бичиг нь өдөрт нэг боомтоор нэг зорчигч тээврийн хэрэгсэл гарахад ч хүрэлцдэггүйг албаныхан хэлж байгаа юм. Тиймээс ОХУ-ын талд зөвшөөрлийн бичгийг нэмж өгөх хүсэлтийг тавиад байгаа аж.
ОХУ руу зорчих наймаас дээш суудалтай тээврийн хэрэгсэлд олгох Оросын талын зөвшөөрлийн бичгийг Автотээврийн үндэсний төвтэй байгуулсан гэрээний үндсэн дээр Монголын Автотээвэрчдийн нэгдсэн холбоо олгож буй юм. Тус бичгийг 15.000 төгрөгөөр олгодог байна. Гэвч сүүлийн үед иргэд, жолооч нар тус зөвшөөрлийн бичгийг 500-750 мянгаар худалдаж авч байна гэх гомдол тасрахаа больжээ. Шагийн үнэ нь сая төгрөгт хүрсэн гэх мэдээлэл ч байна.
Бид энэ талаар Авто тээвэрчдийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Г.Батхүүгээс тодруулахад “Би холбооны үйл ажиллагаанд тэр бүр оролцдоггүй. Та бүхэн Гүйцэтгэх захирлаас мэдээлэл авч болно. Гэхдээ одоогоор зөвшөөрөл олгохгүй байгаа. Манай холбооноос үнэ нэмж зарсан зүйл байхгүй. 15 мянгаар зөвшөөрөл өгдөг. Зөвшөөрлийн бичиг дээр тухайн автомашины марк, улсын дугаар бичигддэг” гэсэн юм.
-МАНАЙ МОНГОЛЧУУДААС БОЛООД ОРОСУУД ЗӨВШӨӨРӨЛ ӨГӨХӨӨС
ТАТГАЛЗААД БАЙДАГ-
Монголын Авто тээвэрчдийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Д.Наранпүрэвээс дараах тодруулгыг авлаа.
-ОХУ-ын хилээр нэвтрэхэд олгодог Цэнхэр бичигийг 500-750 мянган төгрөгөөр худалдаж авсан гэх иргэдийн гомдол байна. Танай холбооноос хэдэн төгрөгөөр өгдөг юм бэ?
-15 мянган төгрөгөөр зөвшөөрөл өгдөг. Манайхаас олгохдоо Тээврийн хэрэгслийн эзэмшигчид нь олгодог юм. Тээврийн хэрэгсэл эзэмшигч гэдэг нь албан байгууллага бол албан байгууллагад нь өгнө. Хувь хүн тээврийн хэрэгслийг нь эзэмшдэг бол хувь хүнд нь өгнө гэсэн үг. Өөр ямар нэгэн хүнд өгдөггүй. Өөрөөр хэлбэл ОХУ руу гаргах тухайн тээврийн хэрэгслийн баримт, хүнээр бол гадаад паспорт нь гэсэн үг. Тэрийг нь манайхаас олгохдоо яадаг вэ гэхээр дэвтэр дээр албан байгууллага, хувь хүнийх нь бичиг баримт бүгдийг нь бичиж, авч байгаа хүнээр нь гарын үсэг зуруулаад ямар тээврийн хэрэгсэл явах юм, тэр тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг нь бичээд олгодог. Тийм юм бичихгүйгээр олгоно гэсэн юм бол байхгүй. Аймгуудад бас олгож байгаа. Монгол, Оросын хооронд нийт 29 хилийн боомттой. Тэрнээс 20 хилийн боомт нь авто тээврийн зорчих зориулалттай хилийн боомт. Тэр 20-иос есөн хилийн боомт нь улирлын чанартай, 11 нь байнгын ажиллагаатай. 11 хилийн боомтоор гарах тээврийн хэрэгсэлд манайхаас зөвшөөрөл олгож байгаа. Мөн зөвхөн тэр боомтоор нэвтрэхэд энэ зөвшөөрөл хүчинтэй гэсэн бичигтэй байдаг. Өөр хилийн боомтын зөвшөөрлөөр Алтанбулаг хилийн боомтоор гарах тийм үндэслэл байхгүй. Оросууд хил гаргахгүй шүү дээ.
–Зөвшөөрлийн бичиг авсан хүн л тэр бичгээрээ хил нэвтэрнэ. Өөр хүнд зараад тэр нь гарна гэсэн асуудал байхгүй юм байна?
-Өөр хүнээс зөвшөөрлийн бичиг худалдаж аваад хуурамчаар хил нэвтрэх ямар ч боломж байхгүй. Машиных нь марк, дугаартай нь бичээд өгчихөж байгаа. Тийм боломж байхгүй. Манай холбооны нэр хүнд ч гэсэн унаад байна. Зөвшөөрөл дуусчихсан гэчихээд гадуур өөр хүмүүсээр заруулж байна, шаглаж байна гэх яриа гарч байна. Бид наадахтай чинь харин тэмцэж байгаа. Хэд, хэдэн тээврийн хэрэгслийн зөвшөөрлийг бусдад дамжуулсан зөрчил ирсэн. Тэр хүмүүст бид дахиж зөвшөөрөл олгохгүй.
Харин таван автобустай ч юм уу, арван автобустай аж ахуйн нэгж байна. Тэр аж ахуйн нэгж маргааш гарах гэж байтал өнөөдөр нөгөө автобус нь эвдэрчихдэг. Тэгээд өөр автобус явуулах болохоороо нөгөө, номер дугаар бүх юм биччихсэн болохоор бүх юм болж өгдөггүй. Тэгээд манай дээр хүрч ирээд аж ахуйн нэгж нь тэр үндэслэлээ хэлээд бид зарим нэг зөвшөөрлийг нь сольж өгсөн. Хувь хүн бол ганц л тээврийн хэрэгсэлтэй байдаг. Тийм хувь хүнд бол “Уучлаарай, та тээврийн хэрэгслээ засуулаад гарах боломжтой. Бид сольж өгөх боломжгүй” гээд сольж өгөхгүй байгаа. Яагаад гэхээр өөрийн чинь хэлдэгээр хардалт яваад байгаа байхгүй юу. Одоо нэг нөхөр зөвшөөрлийн бичиг авчихаад ашиглахгүй байж байгаад өөр жолоочид зарах тохиолдол гарч болзошгүй учраас тэр үндэслэлээр бид сольж өгөхгүй байгаа.
-Зөвшөөрлийн бичиг нь хүчинтэй хугацаа гэж байна уу?
-Тав, зургаан сард зөвшөөрлийн бичиг авчихаад тэрийгээ ашиглаагүй нөхдүүд одоо хүртэл байна. Яагаад гэхээр тэр зөвшөөрлийн бичиг өөрөө 2015 оны 12 дугаар сарын 31 хүртэл хүчинтэй гээд биччихсэн байдаг. Оросын тээврийн яамнаас ирүүлэхдээ тийм хугацаа заасан. Нэг нөхөр зөвшөөрлийн бичиг авангуутаа би нөгөөдөр гарлаа гэчихээд дараа долоо хоногт нь дахиад ирээд би гарчаад ирлээ дахиад зөвшөөрлийн бичиг авья гэж болно. Тийм юм гаргуулахгүйн тулд дөрвөн сард журам гаргаад “Та гарсан бол ашигласны чинь дараа зөвшөөрлийн бичиг олгоно” гэж заасан. Өөрөөр хэлбэл зөвшөөрлийн бичиг цөөхөн байхад нэг хүн гарсан гээд дөрөв, таван удаа зөвшөөрлийн бичиг авахуулаад нөөцөлчихөж болно ш дээ. Тэгүүлэхгүйн тулд ийм арга хэмжээ авсан.
-Иргэд тэгвэл 500 мянгаар зөвшөөрлийн бичиг аваад хохирч байгаа гэсэн үг үү?
-Нэг хүн саяхан гомдол гаргасан. 500 мянгаар зөвшөөрлийн бичиг авсан гэж байна. Бид шалгаад үзсэн чинь тавдугаар сард авсан зөвшөөрлийн бичиг байгаа юм. Тэр нөхөр тавдугаар сараас хойш ганц ч удаа гараагүй байсан. Ихэнхи нь хувь жолооч ийм асуудал гаргаж байна. Өөрт нь зөвшөөрөл байсан мөртлөө гэрээ байгуулахдаа “Наадах чинь олддоггүй юм. Бид олдог юм, наадахыг чинь дамлаж авна. Тэдэн төгрөг нэмж өг гэж авуутаа зөвшөөрлийн бичгээ та нараас илүү авсан мөнгөөрөө авчихлаа” гэдэг асуудал гаргаж байгаа байхгүй юу. Жолооч нар авчихсан, ганц ч гараагүй байж байгаад цөөхөн болсон үед нь тийм яриа гаргаж гэрээт хүмүүсээс үйлчлэгч мөнгө авч байгаа тийм тохиолдол байж магадгүй.
-Одоо бол зөвшөөрлийн бичиг олгохгүй байгаа гэсэн. Хүсэлт тавиад хариу ирсэн үү. Хэзээ ирэх вэ?
-Зөвшөөрлийн бичиг маань серийн дугаартай байдаг. Серийн дугаараар нь ямар тээврийн хэрэгсэлд олгосон, тэгээд авсан хүн гарын үсгээ зурдаг гэж хэлсэн. Одоо удахгүй зөвшөөрлийн бичиг ирэх гэж байгаа. Оросын талаас хэвлэгдэж байна гэсэн мэйл ирсэн. Зам тээврийн яам 2015,2016,2017 онуудад жилд 2000 зөвшөөрлийн бичиг авахаар Оросын талтай тохирсон. 2000 зөвшөөрлийг дөрөвдүгээр сард авсан юм. Тэгсэн чинь наймдугаар сард дуусчихсан. Тэгээд оросуудаас гуйгаад оросууд хариу өгдөггүй. Наймдугаар сарын 7-нд Оросын тээвэрийн яаманд очиж уулзалт хийсэн.
-Хоёр улс харилцан визгүй зорчидог болчихсон. Гэтэл оросууд яагаад манайд зөвшөөрөл өгөхөөс татгалзаад байна вэ?
-Оросын тээврийн яам юу гэж хэлсэн гэхээр зөвшөөрлийн бичиг одоо олгох боломжгүй. Танай жолооч нар хэтэрхий замбараагүй явж байна. Маш их осол, аваар гаргадаг, зам тээврийн зөрчил гаргадаг гэж хэлсэн. Наадуулдаа арга хэмжээ авсны дараа манайхаас зөвшөөрөл олгох асуудлыг ярина. Манай монголчуудаас өөрсдөөс нь болоод байгаа байхгүй юу. Яг Монголдоо явж байгаа юм шиг Оросод явж байгаа юм. Улаан-Үдэд зогсоол дээр нь зогсохгүй, боржур дээр нь гаргаад машинаа тавьчихна, шөнө орой явахдаа гэрлээ шилжүүлэхгүй, автобуснууд ээлжийн жолоочтой явахгүй, ганцаараа явдаг. Энэ чинь аваар гарахын эх үүсвэр байхгүй юу. Оросын тээврийн яамныхан танай монгол хүний амь нас хамаагүй байж болно, энэ замбараагүй байдлаас чинь болоод орос хүний амь нас эрсдвэл хариуцлагыг нь зөвшөөрөл олгосон гэдгээрээ манай яам үүрнэ. Тийм учраас та нар арга хэмжээ авах хүртэл бид зөвшөөрөл олгохгүй гэсэн. Манай Монголын жолооч нарын өнөөгийн соёл бие, биендээ гай болоод байгаа байхгүй юу. Тэгээд оросууд 2015 оны эхний зургаан сарын байдлаар монголчуудын гаргасан зөрчил нь 2014 онтой харьцуулахад 4,5 дахин, 2013 онтой харьцуулахад зургаа дахин их зөрчил гаргасан байна гэсэн судалгааг гаргасан.
-Танайхаас зөрчил гаргасан жолооч, аж ахуйн нэгжүүдэд ямар нэгэн хариуцлага тооцох уу?
-Зөрчил гаргасан том оврын тээврийн хэрэгсэл, автобусын дугаар, марк, байгууллага, хувь хүний жагсаалтыг ирүүлсэн. Одоо зөвшөөрөл ирэхээр зөрчил гаргасан жолоочид зөвшөөрөл олгохгүй. Тэгэхээс өөр арга алга. Дахиад олгодог, манайхан дахиад зөрчил гаргана. Тэгээд оросууд зөвшөөрөл өгөхөө больчихно. Явах гэж байгаа нөхдүүддээ ном, дүрмээр нь яваарай гээд оросын дүрэм, журмыг танилцуулаад анхааруулга өгнө. Мөн одоо ирэх зөвшөөрлөө жилдээ хүчинтэй гэж зөвшөөрөл өгөхгүй. Та хэзээ гарах гэж байна. тэдний өдөр гэдгээр нь зөвшөөрлөө бичиж өгнө. Ийм л арга хэмжээ авна.