Categories
мэдээ нийгэм

Нийслэлд амьдарвал татвартай болох талаар хэлэлцэж байна

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжит 29-р хуралдаан өнөөдөр Хангарьд ордны 14 давхарын хуралдааны танхимд өглөөний 9:50 цагаас эхэлсэн юм. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт иргэдийн төлөөлөгчид хуралдаж, “Нийслэл хотын албан татвар”-ын хувь хэмжээг тогтоож, ажлын хэсгээс боловсруулсан хууль хэрэгжүүлэх журмыг батлах ёстой байсан. Гэвч Монгол ардын намын бүлгээс тав хоногийн завсарлага аваад байсан билээ. Харин өнөөдөр 09.50 цагийн орчимд төлөөлөгчдийн ирц бүрдэж, хурал эхэллээ. Тэд “Нийслэлийн албан татвар”-ын хувь хэмжээ тогтоох, албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл солилцох журам батлах зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Улмаар хурлын дэгийн дагуу эхлээд нийслэлийн засаг дарга бөгөөд, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Нийслэл хотын албан татварын тухай хууль”-ийн зорилгыг танилцуулж, бусад хотуудын татварын талаар мэдээлэл өгсөн юм. Дараа нь ажлын хэсгээс хууль хэрэгжүүлэх журмыг танилцууллаа. Өнгөрсөн зургадугаар сарын 19-нд УИХ-аас баталсан энэ хууль аравдугаар сарын 1 буюу нөгөөдрөөс хэрэгжиж эхлэнэ. Жижиглэнгээр борлуулсан бүх төрлийн согтууруулах ундаа, тамхи, зочид буудал, амралтын газар, ресторан, баараас албан татварыг авах бөгөөд 0-1 хувь байна гэж хуулийг хэрэгжүүлэх журманд тусгасан. Гэхдээ хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор дээрх хувь хэмжээг НИТХ-ын тэргүүллэгчдийн өнөөдрийн хурлаар эцэслэн хэлэлцэж, тогтооно. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тухайд хот татвартай болох нь зөв. Гэхдээ УИХ-аар хэлэлцэн батлагдсан хуулийн төсөл, санасан хэмжээнд боловсрогдон батлагдаагүй тухай тодотгон ярив. Тухайлбал НИТХ дахь Монгол ардын намын бүлэг худалдан авах чадвар буурч буй энэ үед татварын хэмжээг хамгийн өндөр буюу нэг хувиар тогтоож үзсэн нь өнөөгийн байдалд зохицоогүй тул иргэдийн амьдралыг сайжиртал 0 хувиар тооцохыг санал болголоо. Мөн магадлан итгэмжлэгдсэн ахмадад зориулсан 11 амралтын газар нийслэлд үйл ажиллагаа явуулдаг. Иймээс хотын татвараас ахмад настны авсан үйлчилгээг чөлөөлж өгөх саналыг Баянгол дүүргийн засаг дарга Д.Оросоо хэлсэн юм.

Харин нийслэлийн иргэдийн төлөөлөгч С.Амарсайхан: “Хэрэглээний соёлыг нэвтрүүлэхээр эрмэлзэж байгаа ард иргэдийн эсрэг чиглэсэн хууль болсон байна. Хотын тогтвортой хөгжлийн үндсийг бий болгосон хууль байх болов уу гэж найдаж байсан ч түүнд маань хүрсэнгүй. Тансаг чамин хэрэглээг танах гэж байхад өнөөдөр талхаа авч идэж чадахгүй хүмүүс их байна. Архи тамхинаас татвар авна гэж байна. Тусгай зөвшөөрөл, онцгой татвар төлж байна. Тансаг, чамин хэрэглээ гэж чухам юу юм? Таваг шөл ресторанд орж идэхийг хэлэхгүй байх” гэв.

Ж.Амарсанаа төлөөлөгчийн тухайд хот татвартай болох нь зарчмын хувьд зөв. Гэхдээ татварын хэмжээг тогтоохдоо ялгаатай байлгах ёстой. Тухайлбал баар, ресторан бүр л иргэдэд хоол, хүнсний зүйл зарж борлуулдаг гэх саналыг илэрхийллээ. Энэ маягаар иргэдийн төлөөлөгчид “Нийслэл хотын албан татвар”-ын хувь хэмжээ, хэрэгжилтийн журмын талаар санал солилцож, түр завсарлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *