Categories
мэдээ нийгэм

Эхийн сүүгээр хооллосон хүүхдийн амьдрах чадвар илүү байдаг

Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн, эрдэм шинжилгээний ажилтан, хүний их эмч Д. Энхмягмартай эхийн сүү орлуулагчийн талаар ярилцлаа.

Эхийн сүү орлуулагчийн талаар дэлхий нийтийн чиг хандлага ямар байгаа вэ?

-Нялхас бага насны хүүхдийн хоол тэжээлийн хамгийн чухал хэсэг нь хүүхдийг төрөнгүүт нэг цагийн дотор ангир уургаар амлуулах, төрсний дараа эхний зургаан сар эхийн сүүгээр дагнан хооллох бодлогыг олон улсын хэмжээнд хэрэгжүүлж байна. Учир нь зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллосон хүүхдийн амьдрах чадвар хооллоогүй хүүхдээс 14 дахин илүү байдаг. Түүнчлэн бага насны хүүхдийн өвчлөлийн шалтгааны 10 хувь, нас баралтын шалтгааны 13 хувь нь эхийн сүүгээр хооллоогүйтэй холбоотойг судалгааны дүн харуулдаг. Түүнчлэн хөгжиж байгаа орнуудад эхийн сүүгээр хооллоогүйн улмаас хүүхдийн өвчлөл, нас баралт ихсэж байгааг дээрх судалгаанд дурьджээ. Өндөр хөгжилтэй оронд эхийн сүүгээр хооллоогүй байх нь хүүхдийн нас баралтад шууд нөлөөлөхгүй ч нялхасын хоол боловсруулах, амьсгалын замын эрхтний өвчлөл, дунд чихний хурц үрэвсэл зэрэг өвчний шалтгаан болж байна.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн мэдээлснээр эхийн сүүгээр дагнан хооллолтын үзүүлэлт Баруун/Төв Африкт 20 хувь, Төв/Зүүн Европт 22 хувь, Зүүн/Хойд Африкт 41хувь, Зүүн Өмнөд Ази, Номхон Далайн бүсийн орнуудад 43 хувь байна.

Хүүхэд эхийн сүүгээр хооллохгүй байх нэг гол шалтгаан нь эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, зар сурталчилгаа газар авсантай холбоотой. Иймээс ч хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэлхий даяар дэмжин, хамгаалах зорилгоор 1981 онд анх ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн Сан “Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний маркетингийн олон улсын хууль”-ийг баталсан байдаг. Өдгөө дэлхийн 199 орноос 37 орон хуулийн бүх заалтыг хэрэгжүүлэхээр баталсан, 69 орон ЭСОБ-ний зар сурталчилгааг бүрэн хориглосон, 62 нь үнэгүй болон бага үнээр түгээх, 64 нь эрүүл мэндийн байгууллага, ажилтанд өгөхийг хориглосон, 83 нь Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний шошгон дээр эхийн сүүгээр хооллолтыг дэмжсэн үг, уриатай байхыг шаарджээ. Зөвхөн 45 орноос жил бүр “Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний маркетингийн хууль”-ийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийсэн тайлангаа ирүүлдэг байна.

Хүүхдийн Хоол, Хөдөлгөөний Олон Улсын Сүлжээ (ХХХОУС)-нээс гурван жил тутамд “Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний маркетингийн олон улсын хууль”-тай холбоотой үйлдэгдсэн зөрчлүүдийн талаар мэдээлдэг байна.

-Эхийн сүү орлуулагчийн тухай хууль байдаг. Хэрэгжилт нь ямар байдаг вэ?

-Манай улсын эхийн сүүгээр хооллолтын үзүүлэлт бүс нутагтаа төдийгүй дэлхийн түвшинд сайн гэж тооцогддог. Гэвч хүүхдийг эхийн сүүгээр хооллох үзүүлэлт сүүлийн жилүүдэд буурах хандлагатай байгаа бөгөөд эхийн сүүгээр дагнан хооллох үзүүлэлт 2000 оноос хойш 10 гаруй жилд харьцангуй тогтонги 55-60 хувь байснаа 2013 онд 47 хувь болж буурсан байдаг. Энэ үзүүлэлт хот суурин газарт илүүтэй байдаг. Эхийн сүүгээр хооллолтын үзүүлэлт буурах нэг шалтгаан нь яах аргагүй эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний худалдаа, зар сурталчилгаа юм.

Үүнтэй холбоотой манай улс 2005 онд “Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хууль”, 2008 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн, угж түүнтэй адилтгах зүйлийн чанар, аюулгүй байдлыг хангах, тэдгээрт хяналт тавих журам”-ыг тус тус баталсан. Хэдийгээр манай улс эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний талаар хууль, журам байгаа ч хэрэгжилт нь хангалтгүй байгааг зарим судалгаа, Мэргэжлийн Хяналтын газраас хийсэн хяналт-шинжилгээний дүнгээр батлагдаж байна. Үүнд:

Улаанбаатар, Ховд, Дорнод, Сэлэнгэ аймгийн нийт 72 хүнсний дэлгүүр, 9 хүнсний зах, 7 бөөний төв, 110 хүнсний цэгийг хамруулан хийсэн судалгаагаар эдгээрийн 42.7 хувьд эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг худалдаалж байсан бөгөөд хүүхдийн хоолны импортын хэмжээ жил бүр нэмэгдэж, 2001 он гэхэд 6.6 дахин нэмэгдсэн гэсэн дүгнэлт хийжээ.

Супермаркет, дэлгүүр, эмийн санд худалдаалагдаж буй Эийн сүү орлуулагч бүтээгдэхүүний ихэнх нь шошгын зөрчилтэй, сүүлийн арваад жилд Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний импорт жил ирэх тутам нэмэгдсэн, “Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хууль”-ийн хэрэгжилт туйлын хангалтгүй байгаа талаар 2012 оны Монгол дах “Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хууль”-ийн хэрэгжилт, мониторингод дүгнэжээ.

Манай улсын “Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хууль”-ийн зургадугаар дугаар зүйлд: Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн болон угж, түүнтэй адилтгах зүйлийг үйлдвэрлэх, импортлох, худалдах, сурталчлахад тавих шаардлага нь, 7 дугаар зүйлд: Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн болон угж, түүнтэй адилтгах зүйлийг үйлдвэрлэх, импортлох, худалдах, сурталчлахад хориглох зүйлсийг тусгасан байдаг ч олон улсын хуулийн заалттай харьцуулахад хангалтгүй байдаг. Нөгөө талаар 2005 онд батлагдсан энэхүү хууль өнөөгийн зах зээлийн хөгжлийг дагаад сайжруулах шаардлагатай нь харагдаж байгаа юм.

Эхийн сүү орлуулагчийг Монголд хэр их хэрэглэж байна вэ?

-Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн гэдэг нэр томьёоноос эхлэх хэрэгтэй. Тэгэхээр эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн гэж юуг хэлээд байна вэ? (ЭСОБ гэж товчилдог.)– 6 сар хүртэлх насны хүүхдийг хооллоход зориулан бэлтгэсэн аливаа хоол хүнс, ундааны зүйлсийг тухайлбал: хүүхдийн сүүн тэжээл, зутан, хүүхдийг шууд хооллоход бэлэн ногоо, жимс, махны нухаш, нялхасын цай, ургамлын ундаа, жигнэмэг, эрдэс ус ба шүүс бүгд орно.

Жишээ татахад, 2001 онд судалгаанд хамрагдсан 651 ээжээс ес нь л хүүхдээ Эхийн сүү орлуулагчаар хооллож байсан бол 2011 оны хяналт-шинжилгээний тайлангаас харахад судалгаанд хамрагдсан 42 ээжийн 18 нь хүүхдээ ийм төрлийн бүтээгдэхүүнээр хооллодог гэж хариулсан байдаг.

-Эхийн сүү орлуулагч оруулж ирдэг хэдэн компани байдаг гэсэн. Чанар, аюулгүй байдалд нь анхаарал тавьдаг уу?

-Мэргэжлийн хяналтын Ерөнхий Газрын мэдээгээр, Монгол Улсад эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн импортлодог “Чирон”, “Монгол саплай чейн”, “Бонзер”, “Номин фүүдс”, “Анунгоо”, “Монос хаус холд” ХХК гэх мэт есөн аж ахуйн нэгж байгаа.

Сүүлийн гурван жилийн Гаалийн Ерөнхий Газрын статистикийн мэдээгээр дээрх бараа нь хүүхдийн хоол тэжээл гэсэн ангилалд хамаарагдан 2014 онд 758,20 тн импортлогдсон байна. Гол импортлогч орнууд нь Япон, ХБНГУ, Нидерланд улсууд байна.

МХЕГ-ын даргын 2014 оны 309 дүгээр тушаалаар хилийн мэргэжлийн хяналтад хамрагдах импортын 2194 /их, дунд, бага эрсдэлтэй / бараанд хийх хяналт шалгалтын заавар, ашиглах хяналтын хуудас, бараа шалгах кодыг тус тус баталж, хэрэгжүүлсэн бөгөөд импортын эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн нь 9.3.2 код бүхий “Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн импортлох үеийн хяналтын хуудас” -аар хянагдаж байна. Энэ тушаалын дагуу эрсдлийн ангилалаар импортын бараанд хяналт шалгалт хийх зааврын дагуу их эрсдэлтэй бүтээгдэхүүнд хамаарах Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнд

баримт бичгийн хяналт,

-биет үзлэг шалгалт,

-лабораторийн шинжилгээтэй хяналт шалгалтыг тус тус хийж байна.

-Эхийн сүү орлуулагчийг ямар нөхцөлд хэрэглэхийг зөвшөөрдөг вэ?

-Нялхас, бага насны хүүхдийн хооллолтын дэлхийн стратегид “Эхийн сүү нь хүүхдийн бие махбодын хэвийн өсөлт, хөгжилтийг хангахад зориулагдсан төгс найрлагатай юугаар ч орлуулашгүй бүтээгдэхүүн болохоос гадна эхийн эрүүл мэндийн хамгийн чухал нөхөн үржихүйн үйл ажиллагааны салшгүй хэсэг мөн” гэж заасан. Олон улсад “сүүгүй” ээж гэж байдаггүй хэмээн, эхийн сүүний ач холбогдлыг нэн тэргүүнд тавьдаг бөгөөд зайлшгүй нөхцөлд эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг түр хугацаанд хэрэглэсэн хүүхдийг дахин эхийн сүүгээр хооллох бодлогыг дэмждэг. ДЭМБ-ын “Нялхас, бага насны хүүхдийн хооллолт” гарын авлагад ямар нөхцөлд эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг тогтмол болон түр зуур хэрэглэх талаар зааж өгсөн байдаг ч эдгээр тодорхой нөхцөлд хамаарах эх, болон хүүхдийн тоо маш бага гэдгийг онцолдог. Үүнд:

  • Хүүхдийн талаас:Доорх тохиолдлуудад хүүхэд эхийн сүүгээр огт хооллохгүй бөгөөд тусгай найрлагатай Эхийн сүү орлуулагч хэрэглэнэ.

  • Удамшлын эмгэг – сонгомол галактоземиа. Энэ нь 60 000 төрөлтөд нэг тохиолддог. Галактоз хэмээх энгийн сахарыг задалж, боловсруулж чадахгүй байх. Ийм хүүхдэд найрлаганд нь галактоз хэмээх сахаргүй ЭСОБ хэрэгтэй.
  • Зарим (англиар-*Maple syrup urine disease) аминхүчлүүд болох лейцин, изолейцин, валин гэх аминхүчлүүдийг задалж чадахгүй, өөрөөр хэлбэл 185 000 төрөлтөд нэг тохиолдох удамшлын эмгэг юм. Энэ тохиолдолд найрлагадаа эдгээр аминхүчлүүдийг агуулаагүй Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн хэрэглэнэ .
  • Нярайн фенилкетонури өвчин-*мөн фенилаланин гэх аминхүчлийг задлах ферментийн эмгэгийн улмаас үүсдэг удамшлын өвчин. Энэ тохиолдолд найрлагадаа фенилаланин гэх аминхүчлийг агуулаагүй Эхийн сүү орлуулагч хэрэглэнэ .

Харин доорх тохиолдолд Эхийн сүү орлуулагчийг түр хугацаанд, хязгаартай хэрэглээд хүүхдийн биеийн байдлаас хамаарч эхийн сүүгээр хооллох асуудлыг дэмжинэ.

Дутуу нярай -1500 г ба түүнээс бага жинтэй төрсөн бол

32 долоо хоногтой болон түүнээс бага хугацаанд тээгдэж төрсөн нярай

Гипогликемиа буюу цусанд сахар багасах эмгэгт өртөх эрсдэл бүхий нярай

Эхийн талаас: Доорх тохиолдолд хүүхэд эхийн сүүгээр огт хооллохгүй.

  • Эх ХДХВ-ээр халдварлагдсан бол – Энэ тохиодолд эх, хүүхэд хоёрын биеийн байдлаас хамаарч эмч зохих заавар, зөвлөгөө өгч хэрхэн хооллох талаар шийдвэрлэнэ.

Харин доорх тохиолдолд ЭСОБ-ийг түр хугацаанд, хязгаартай хэрэглээд эхийн биеийн байдлаас хамаарч эхийн сүүгээр хооллох асуудлыг дэмжинэ.

Эх цусан үжлээр өвдсөн бол

Герпесийн халдвар ялангуяа эхийн хөх орчмоор гарсан бол

Эх нойрсуулах, тайвшруулах, уналт-таталтын эсрэг зэрэг сэтгэц нөлөөт эмийн эмчилгээ хийлгэж, эм ууж байгаа бол

Радио-идэвхит иод 131 бэлдмэл ууж байгаа бол

Бамбай булчирхайн эмгэгийн идэвхтэй үед эмчилгээ хийлгэж байгаа бол

Хавдрын эсрэг химийн эмчилгээни й үед

Доорх нөхцлүүдэд эмчийн заавар, зөвлөгөөг баримтална. Үүнд:

  • Хөхний буглаа, маститийн үед – эрүүл, халдварлагдаагүй нөгөө хөхийг хөхүүлэх
  • Элэгний үрэвсэл – В гепатитийн үед- хүүхэд 48 цагийн дотор гепатит В эсрэг вакцин хийлгэсний дараа хөхөө хөхүүлэх
  • Элэгний үрэвсэл – С гепатитийн үед
  • Сүрьеэгийн үед-сүрьеэгийн эмчилгээний зааврыг дагана.

Архи, тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэх нь эх, хүүхдийн эрүүл мэндэд хортой гэдгийг эх сайн ойлгох ёстой.

-Эхийн сүү орлуулагч хэрэглэхдээ анхаарах зүйлс юу байна вэ?

-Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг хэрэглэхэд доорх зүйлийг анхаарна. Анхаарах ёстой зүйлүүдийг олон улсын шошгын стандартад болон манай улсын стандартад маш тодорхой заасан бөгөөд үүнийг уг бүтээгдэхүүний шошгоос харж болно. Манай улсад хууль, журмын дагуу энэ бүтээгдэхүүнийг импортолж байгаа аж ахуйн нэгжүүд маш тодорхой, монгол хэлээр зааврыг нь бичсэн байгаа. Үүнд:

Зориулалт – гол нь хэдэн сар, настай хүүхдэд хэрэглэх ёстойг

Үйлдвэрлэсэн болон хадгалах хугацаа

Баглаа боодлын гэмтэл, тээвэрлэсэн, хадгалсан байдлыг анхаарах

Хадгалах хугацаа-онгойлгосноос хойш хэдэн хоногийн дотор хэрэглэнэ гэж бичсэн байгаа

Хэрхэн зөв найруулах талаар хүүхдийн нас, жинд нь бодож тооцоолсон байгаа

Хүүхдийн угж, хөхөлт, аяга сав хэрхэн ариун байлгах талаар эрүүл ахуйн шаардлагуудыг мөрдөх

Тухайн найруулсан сүүнээс хүүхэд уугаагүй үлдсэн хэсгийг дахин хэрэглэж болохгүй гэсэн заавруудыг маш сайн мөрдөх хэрэгтэй.

Б.Эгшиглэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *