>>Түрүүч нь “Өдрийн сонин”-ы №234 (5186) дугаарт>>
Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан Урьдчилан хорих 461 дүгээр ангид 2014 оны дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн хоригдсон. Улмаар мөн оны тавдугаар сарын 13-ны өдөр хорих ангийн эргэлтийн өрөөнд нас барсан билээ.
Сэжигтнийг эмнэлэгтээ хэвтүүлэх эсэхийг АТГ-аас асуусан гэв үү
Хяналтын прокурорын оргон зайлж болзошгүй гэсэн хүсэлтийн дагуу шүүхийн шийдвэрээр талийгаачийг цагдан хорьсон. Талийгаач нойр булчирхайн архаг үрэвсэлтэй, тархины судасны агшилтаас хамаарсан тархины хүчтэй өвдөлт (мигрень) өгдөг талаар өмгөөлөгч нь долоо найман удаа холбогдох албан тушаалтнуудад хүсэлт өгсөн ч батлан даалтад гаргаагүй. Батлан даалтад гаргахгүй бол хорих ангийнхаа эмнэлэгт хэвтүүлээд эмчилж өгөөч гэдэг хүсэлтийг ч өгч байжээ. Үүний хариу болгож Урьдчилан хорих 461 дүгээр ангийн Нэгдсэн эмнэлгээс 2014 оны тавдугаар сарын 9-ний өдөр “Хариуцсан эмчийн байнгын хяналтад байгаа” гэсэн бичгийг өгч байсан баримт байна. Тэгвэл эмч нар хорих ангид саатуулагдаж байгаа хүмүүсийг үзэх бүртээ талийгаачид үзлэг хийж байсан эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь 2014 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хоригдсон хүмүүсийг үзсэн нэрсийн жагсаалтад Д.Амарсайхан гэдэг нэр байхгүй, дөрөвдүгээр сарын 24-ний жагсаалт дээр нэг хүний нэрийг штрихээр арилгаж байгаад дээр нь талийгаачийн нэрийг бичжээ. Тавдугаар сарын 5-ны өдрийн жагсаалтад мөн л ийм засвар оруулж талийгаачийн нэрийг бичсэн байх юм. Үүнээс хоёр хоногийн дараа хоригдсон иргэдийг үзэхдээ талийгаачид огт үзлэг хийгээгүй байна. Нөгөөдөр нь өмгөөлөгчид “Хариуцсан эмчийн байнгын хяналтад байгаа” гэдэг хариуг өгсөн байдаг. Гэхдээ урд өдөр нь талийгаачийг эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай гэсэн бичгийг хорих ангийн ерөнхий эмч гаргасан байжээ. Өөрөөр хэлбэл, эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхээс өөр аргагүйг хорих ангийн эмч нар батлаад, хэвтэх бичиг хийчихсэн байж. Тэгсэн атлаа Цагдан хорих 461 дүгээр хорих ангийн даргаас Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөрийн нэр дээр нэгэн албан бичиг очсон баримт байна. “Д.Амарсайханы бие муу байна. Эмнэлэгт хэвтүүлэхэд таны л зөвшөөрөл хэрэгтэй байна” гэсэн агуулга бүхий бичиг. Тухайн үед хэргийн мөрдөн байцаалт дуусч, шүүх рүү шилжчихсэн байсан. Тэгэхээр Д.Амарсайхан агсныг суллах, хориход АТГ огт хамаагүй гэсэн үг. АТГ шалгадгаа шалгаад хэргийг прокурор, шүүх рүү шилжүүлчихсэн байсан үе. Гэтэл яагаад огт хамааралгүй хүнээс зөвшөөрөл хүссэн байх вэ. Энд эмч нарын “Дээрээс чиглэл өгсөн” гэдгийн учиг тайлагдаж байх шиг. Хуулийн байгууллагын эмч хүртэл үйлчлүүлэгчээ эмчлэх зөвшөөрлийг АТГ-аас авдаг болж таарах нь. Дээрх албан бичгийн агуулгаар шүү дээ. “АТГ-ын дээр юу ч гарахаа больсон. АТГ-ынхныг шалгах эрхтэй байгууллага байхгүй. Дархан эрхтэй хүмүүс” гэж ярьж бичээд байдаг нь хоосонгүй бололтой. Тодруулбал, хорих ангийн эмч нар хэвтүүлэх бичиг хийснээс тав хоногийн дараа буюу 2014 оны тавдугаар сарын 12-ны өдөр Цагдан хорих 461 дүгээр ангийн дарга, хурандаа Ц.Очгэрэлээс АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөрд 4/105 тоот албан бичиг явуулсан баримт олдлоо. Түүнд “Тус ангид цагдан хоригдож буй Д.Амарсайхан нь нойр булчирхайн архаг үрэвсэлтэй, толгойн талласан өвдөлт оноштой хорих өрөөнд эмийн эмчилгээ хийлгэсэн боловч төдийлөн үр дүн өгөхгүй байна. Иймд цаашид тус ангийн эмнэлэгт хэвтүүлэн эмчилгээ хийхэд мөрдөн шалгах ажиллагаанд саад учрах эсэх талаар манай байгууллагад хариу мэдэгдэнэ үү” гэж бичжээ. Энэ бичгийг явуулснаас нэг хоногийн дараа талийгаач нас барсан юм.
Даралт багатай хүнд даралт бууруулах үйлчилгээтэй эм өгчээ
Талийгаач Д.Амарсайхан нойр булчирхайн архаг үрэвсэлтэй байжээ. Өвчин сэдэрсэн үед эсийн үйл ажиллагаа алдагдаж, шинжилгээгээр онош хангалттай тодрохгүй байх магадлалтай гэнэ. Үүнээс гадна талийгаач ходоодны архаг үрэвсэлтэй байсан аж. Хоолны дэглэм алдагдах үед ходоодноос нь цус алдах магадлалтай байж. Энэ бүхэн нь эмч нарын үзлэг, шинжилгээний дүнгээс ч тодорхой харагдаж байжээ. Гэтэл талийгаачид зөвхөн эмийн эмчилгээ хийж байсан баримт байна. Тухайлбал, талийгаачийн өмгөөлөгч манай сонинд ярилцлага өгөхдөө “Хоёр, гурав хоногийн өмнө очиход “Гар дээр идээт үрэвсэл гарах гээд байна. Юу уудаг юм билээ. Надад ариутгах юм явуулаач” гэж захисан. Бас барагшун өгөөч гэж хэлсэн. Барагшуныг буцалсан усанд найруулаад уухаар сайн гээд ярьж байсан юм. Цэвэршүүлсэн барагшун авчраад талийгаачид өгүүлэх гээд чадаагүй. Оруулахгүй болохоор хорихын үүдэнд байсан нэг залуу “Би өгчихье” гэж авчихаад өгөөгүй. Аваачаад өгсөн эмийг хүртэл замаас нь алга хийчихсэн. Цагаар уух эмийг цагт нь өгдөггүй. Байдал ийм л байсан” гэж ярьж байсан. Гаднаас оруулсан эмийг өгөхгүй байхаас гадна эм сольж өгсөн асуудал ч гарч байжээ. Тодруулбал, хорих ангид хоригдож байсан эмэгтэйд ар гэрийнхнээс нь явуулсан “Цитромон П”, цусны даралт бууруулах үйлчилгээтэй “Энап” гэдэг эмийг талийгаачид андуурч өгчээ. Талийгаач дээрх хоёр эмнээс даралт буулгах үйлчилгээтэйг нь нас барсан өдрийн өглөө уусан байна. Гэтэл тухайн үед талийгаачийн цусны даралт бага байжээ. Угаасаа ч даралт багатай хүн аж. Өөрөөр хэлбэл, даралт багатай хүн даралтны эм ууснаар даралт нь улам бүр унаж, шоконд орсон байх магадлалтай.
Эмч нар анхны тусламж хэрхэн үзүүлэв
Д.Амарсайхан агсан нас барахынхаа өмнө ахтайгаа эргэлтийн өрөөнд уулзчихаад инээгээд орж байгаа дүрс бичлэгийг Урьдчилан хорих 461 дүгээр ангийнхан үзүүлж байсан. Дараа нь буюу 15.00 цагийн орчимд өмгөөлөгчтэйгөө уулзах гээд эргэлтийн өрөөнд хүлээж байхдаа гэнэт “Ёо ёо” гээд унасан гэдэг. Тэрбээр аймшигтай өвдөж байгаагаа үхлээ гэж илэрхийлсэн тухай эргэлтийн өрөөнд хамт байсан хүмүүс ярьдаг. Хорих ангийн эмнэлгийн эмч нар зургаан минутын дотор өвчтөн дээр ирж, тусламж үзүүлсэн гэдэг. Тэгэхдээ талийгаачид массаж хийсэн тухай тэнд байсан хүмүүс ярьсан юм. Гэтэл шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаачийн өвчүү дээд хэсгээрээ хугарсан, зүүн талын тавдугаар хавирга хугарсан гэдэг дүгнэлт гарчээ. Эмч нарын таамаглаж байгаагаар анхны тусламж үзүүлж, массаж хийж байхдаа өвчүү, хавиргыг хугалсан байх магадлалтай гэнэ. Хэрвээ тийм бол хүчтэй өвдөлттэй байсан хүнд өвчүү, хавиргыг хугартал массаж хийсэн гэхээр улам бүр шоконд орсон байж таарах нь. Массаж хийснээр өвдөлт хурдан бууруулах тариа хийгээгүй, харин цусны даралт бууруулах үйлчилгээтэй магнизм тарьжээ. Талийгаач даралт багатай гэж дээр дурьдсан. Дээр нь өвдөлтийн шокны улмаас даралт нь уначихсан байсан үед даралт буулгах үйлчилгээтэй тариа хийсэн нь эмнэлгийн мэргэжлийн бус хүнд ч ойлгомжгүй байгаа юм. Нөгөө талаар магнизм таталтын эсрэг үйлчилгээтэй. Энэ үүднээс тарьсан байж болох ч даралт буулгах давхар үйлчилгээг эмч нар тооцсон эсэх нь эргэлзээтэй.
Үүнээс гадна 103-т залгаж түргэн тусламж дуудсан байдаг. Гэтэл хорих ангийн бүсэд гадны машин оруулахгүй гэж маргаснаар цаг алдсан тухай тухайн үед өмгөөлөгч нь ярьж байсан.
Үргэлжлэл бий>>