Categories
мэдээ нийгэм

Олон улсын пресс клубын ерөнхийлөгчөөр Б.Баярсайхан сонгогджээ

Олон Улсын Пресс клубууд (IAPC)-ын холбооны Ерөнхий ассамблей Монголын үндэсний пресс клубын тэргүүн бөгөөд “Амин Медиа” группийн Ерөнхий захирал Б.Баярсайханыг ерөнхийлөгчөөрөө сонгожээ. Уг албан тушаалд өмнө нь монгол хүн тэр тусмаа эмэгтэй хүн сонгогдож байгаагүй аж. Олон улсын пресс клубуудын холбоо нь 2002 онд Дубай хотноо үүсгэн байгуулагдсан бөгөөд хэвлэлийн эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, олон улсын мэргэжлийн сэтгүүлчид улстөр, эдийн засаг, нийгэм, соёлын мэдээлэл солилцох зорилготой мэргэжлийн байгууллага юм. Америк, Англи, Швейцар, Герман, Австрали, Итали, Франц, Япон, Австри, Израиль, Польш зэрэг дэлхийн 40 гаруй улс пресс клубт бүртгэлтэй байдаг аж. Энэ хүндтэй ассамблей анх удаа Монголд зохион байгуулагджээ.

Тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Польшийн пресс клубын тэргүүн Ярослав Владарчик “Польш, Монгол хоёр улсын хувь заяа сүүлийн наян жил адилхан явсаар ирсэн. Социализмын хоосон мөрөөдөл нуран унаснаас хойш хэвлэлийн эрх чөлөө зөв утгаараа хөгжиж ирсэн нь манай улсын бахархал. Монголын хэвлэл мэдээлэл ч энэ замаар явна гэдэгт найдаж байна. Манай холбооны ерөнхийлөгчөөр Б.Баярсайханыг сонгосон нь энэ өөрчлөлтийн илрэл гэж ойлгож байна. Энэ нь Монголд үг хэлэх болон хэвлэн мэдээлэх эрх чөлөө ямар түвшинд хэрэгжиж буйг дэлхий дахинд харуулах том боломж болж байна” хэмээв.
Б. Баярсайхан нь Монголын Үндэсний Олон Нийтийн телевизийн “Өглөө” хөтөлбөрийн хөтлөгч, редактор, Монгол Улсын Дээд Шүүхэд хэвлэлийн төлөөлөгч, MCS группийн PR менежер, “Ийгл” телевизийн Гүйцэтгэх захирал зэрэг хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах, удирдлагын чиглэлээр 15 жил ажилласан туршлагатай юм.