Өмнөд Солонгос улсын сар руу илгээсэн анхны судалгааны станц сарны гадарга болон дэлхийн бөмбөрцгийн хар цагаан гэрэл зургийг буулгаснаа удирдлагын төвдөө ирүүлжээ.
Данури нэртэй уг станц 2022 оны наймдугаар сард АНУ-аас SpaceX компанийн пуужинд тээвэрлэгдэн сансарт хөөрч байв.
Улмаар өнгөрсөн сард сарны тойрог замд хүрсэн юм.
Гэрэл зургийг Данури сарны гадаргаас 120 км-ийн өндөрт байхдаа буулгасныг Солонгосын Сансар Судлалын Хүрээлэн мэдээлжээ.
Станцын буулгасан гэрэл зураг, дүрс бичлэгийг 2032 онд сарны гадарга дээр буух цэгийг сонгохдоо ашиглах гэнэ.
Данури одоо сарыг хоёр цаг тутамд нэг бүтэн тойрч байгаа ажээ.
Станцын судалгааны гол ажлууд ирэх сард эхлэх юм байна.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл “түүхэн үйл явдал” гэж Данури станцын гаргасан амжилтыг магтжээ.
Тус улс 2032 онд сарны гадарга дээр буух, 2045 онд Ангараг гараг дээр буух төлөвлөгөө зарлаад ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: AFP