УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогттой ярилцлаа.
-Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Их хурал хүлээгээд авчихлаа. Харин уг хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэж амжсангүй. Сүүлийн үеийн улс төрийн нөхцөл байдлын талаар өөрийн бодол, дүгнэлтийг хэлэхгүй юу?
-Сүүлийн үед улс төрийн хүрээнд өрнөж буй үйл явцыг харахад эрх баригчид үнэндээ эрх барьж чадахгүй байна. Засагт хамтарч ажиллаж байхдаа бид хэлсэн үгэндээ эзэн болж, хийх ёстой ажлаа хийж ирсэн. Сүүлийн хоёр жил Засгийн эрх барьж буй АН эдийн засгийг яаж унагаж, ард түмний амьдралыг хэрхэн доройтуулснаа өөрсдөө харж, дүгнэлт хийж байгаа биз ээ. Хэн нь эрх барьж чаддаг, хэн нь эрх барьж чаддаггүйг одоо захын хүнээс асуухад л тодорхой хэлнэ дээ.
МАН эрх барьж байхдаа эдийн засгийн өсөлтийг 17 хувьд хүргэснээр өрхийн орлого бодитоор нэмэгдсэн. 2012 онд өрхийн бодит орлого 47 хувиар нэмэгдсэн статистик үзүүлэлт бий. Хэчнээн айл орох оронтой, унах унаатай болж, ирээдүйдээ ямар их итгэлтэй болж байлаа. Харин өнөөдөр бүх юм эсрэгээр, хоногийн хоолноосоо хэтрэхгүй болтлоо иргэд маань туйлдаж байна.
Үнэгүй хувцас тараана гэхэд иргэд маань яаж шөнө нойроо хугаслан оочерлож байгаа, “Номин”-гийн сугалаа явагдахад хэдэн мянгаараа азанд найдан гудамж дүүртэл зогсож байгааг улс даяараа харлаа. Ийм байхад “Амьдрал сайхан байна” хэмээн дарга нар худлаа ярих хэрэггүй. Нөгөө улс шиг хөгжиж хүн шиг амьдарна гэдэг нь энэ гэж үү хэмээн хүмүүс шогширч байна. Эрх барьж чадахгүй байгаагийн наад захын жишээ л энэ шүү дээ.
-Өнгөрсөн хаврын чуулган улс төрийн намууд хамтарсан үед болсноороо онцлог. Бас зунжингаа УИХ завсаргүй хуралдлаа. Үр дүнг та хэрхэн үзэж байгаа вэ?
-Хамтарсны үр дүнд гарсан ахиц дэвшил байлгүй л яахав. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд эдийн засаг тодорхой хэмжээнд тогтворжиж эхэлсэн. МАН-ын бүлэг зөв зүйлд нь дэм болж, буруу зүйлд хазаар болж ажилласан.
2012 оны сонгуулийн дараа бүрдсэн Их хурал зургаан удаа чуулганаа хуралдуулсан. Энэ хугацаанд өнгөрөгч хаврын чуулган л хамгийн үр дүнтэй нь байсан. Хаврын чуулганаар 22 бие даасан хууль, 130 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь бид эх орон, ард түмнийхээ төлөө нэгдэж ажиллавал үр дүн гардгийг дахин нотолсон. Харамсалтай нь МАН-ыг зөвхөн Засгаас гаргахын тулд л ээлжит бус чуулган зарлаж, хямарсан эдийн засгаа аврах биш хэдэн хүнийг сайд болгох асуудал ярьсаар зун намрыг барлаа. Дахин дахин ээлжит бус чуулган зарласан ч товлосон асуудлуудаа ч хэлэлцэж дуусгалгүй завсарлалаа. Хоёр удаагийн ээлжит бус чуулган эрх баригчид Засгийн эрх барьж чадаж байгаа эсэхдээ дүн тавиулсан чуулган болсон. Эдний болчимгүй үйлдлээс болж төр засаг, УИХ-ын нэр хүнд шалдаа унаж байна. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүйг АН-ынхан мэдэж байгаа байлгүй дээ. Тэд өөрсдийнхөө ухсан нүхэнд өөрсдөө л уначихлаа. Үүний бурууг Ардын нам юм уу, ард түмнээс, гадна дотны хүчин зүйлээс хайх хэрэггүй. Буруугаа бусдад тохож, элдэв нэр хаяг зүүж, уснаас хуурай гарах гэж оролдох бүр ч утгагүй.
-Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрснээс болж Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан. Тиймээс өнөөдрийн улс төрийн өрнөлийг эдийн засагтай холбоотой гэж харахаас өөр замгүй байна. Танай намыг Засгийн эрх барьж байхад уул уурхайн экспортын бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байсан. Нүүрсний экспорт гэхэд жилд 30 сая тоннд хүрч байлаа. Харин есөн сая гаруй тонн нүүрс одоогоор экспортлоод байна. Эдийн засгийн хүндрэлийг АН-аас хайгаад утгагүй юм биш үү. Дэлхийн зах зээл дээрх бараа бүтээгдэхүүний үнэ тэртэй тэргүй унаж байна шүү дээ?
-Эдийн засгийн өсөлтөд гадаад экспортын бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ тодорхой хэмжээнд нөлөөлсөн нь үнэн л дээ. Өнөөдөр яагаад экспортын хэмжээ буурав гээд аваад үзэхээр гадаад нөхцөл байдлаас илүүтэй сүүлийн хоёр жил төр барьсан Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа буруу байсантай холбоотой. Хэрвээ өмнөх Засгийн газрын үед явуулж байсан бодлогыг үргэлжлүүлэн “Чалко”-той байгуулсан гэрээг мөрдсөн бол, Оюу толгой, Таван толгойгоо АН доторх фракц хоорондын өчүүхэн явцуу эрх ашгийн зөрчлөөс болж гацаагаагүй бол, төмөр замаа яриад л суух биш аль хэдийнэ тавьчихсан бол уул уурхайн экспортын бараа бүтээгдэхүүний хэмжээ ингэж шалдаа буурах байсан гэж үү. Оюу толгой ингээд таг зогсчих байсан уу. Таван толгойн төмөр замыг тавьсан бол өнөөдөр экспорт буурах биш харин ч нэмэгдэх л байлаа. Яах аргагүй бодлогын алдаа, болчимгүй үйлдэл, төрийн залгамж чанар алдагдсанаас л болсон.
Монгол бол нэг л улс. Нэг улс бол нэг айл гэсэн үг. Энэ айлын эхнэр, нөхөр, хүүхдүүд нь хоорондоо хэрэлдэж уралцаад, хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байвал энэ айлын амьдрал яаж дээрдэх юм. Өрхийн тэргүүн буюу олонхи болж Засгийн эрх авсан АН-ынхан анхнаасаа тооцоо судалгаатай зөв бодлого хэрэгжүүлсэн бол эдийн засгийн нөхцөл байдал боломжийн хэмжээнд байхаар байлаа. Гэтэл тэд бодлого ярих биш өөр хоорондоо хэрүүл хийж, улстөржиж, талцан хуваагдсан. Зөвхөн намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гээд өмнө нь эрх барьж байсан Засгийнхаа бодлогыг үгүйсгэсэн. Үнэндээ ард түмэнд амласан мөрийн хөтөлбөрөө ч олигтой хэрэгжүүлж чадахгүй оромдож байна. Нэг үгээр хэлбэл тэдний бодлогогүй, харалган явсны горыг улсаараа амсаж байна.
-Гэхдээ эдийн засгийн өсөлт өндөр байгаа үед нь хуримтлал бий болголгүй МАН-ынхан халамж хэлбэрээр бүх мөнгөө цацаад дуусгасан гэдэг. Хэрэв тэр үед хуримтлал бий болгосон бол өнөөдрийн хүндрэлийг даван туулах хангалттай боломж байсан гэж ярьдаг шүү дээ?
-Эдийн засагт өнөөдөр бий болсон хүндрэлийн автор нь эрх баригчид өөрсдөө. Бид тогтсон хөгжлийн бодлоготой, товхийсон сан хөрөнгөтэй, өсөлтөөрөө дэлхийд тэргүүлсэн эдийн засгийг одоогийн эрх баригчдад хүлээлгэн өгсөн. Ханыг нь дугуйлж тооныг нь өргөчихсөн гэрийг эд нар ганцхан жилийн дотор л нурааж орхиод өнөөдөр тархиа гашилгаж сууна.
Эрэлт, нийлүүлэлтийн зохистой харьцаан дээр л үнэ тогтдог. Эрэлт байхгүй бол нийлүүлэлт үгүй. Эрэлтийг нэмэгдүүлэхийн тулд хувь хүмүүсийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх ёстой. Тиймээс тодорхой хэмжээнд эрэлтийг бий болгох бодлогыг МАН явуулсан. Нөгөө талдаа нийлүүлэлтийг дэмжсэн бодлого ч явуулсан. Тэр утгаараа эрэлт, нийлүүлэлтийн харьцаа зохистой явж ирсэн тул эдийн засгийн өндөр өсөлт бий болж байсан юм. Иргэдийн худалдан авах чадвар сэргэж, хөрөнгө оруулалт нэмэгдэж байлаа. Үүн дээр эрэлт, нийлүүлэлтийг зохистой байлгахын тулд хөрөнгө оруулалт, хэрэглээг дэмжсэн бодлогыг хослуулан явуулж ирсэн. Тэгж л 17 хувийн өндөр өсөлт бий болсон. Харамсалтай нь энэ бүхэн одоо дурсамж болон үлдэж. Өнөөдрийн нөхцөлд Монголын эдийн засаг ердөө гурван хувь болтлоо агшлаа. Энэ маань иргэдийн идэх хоол, өмсөх хувцас тэр хэмжээгээр хорогдсон гэсэн үг шүү дээ. Орлогогүй, олдог хэд нь хомсодсон айл юугаараа бараа бүтээгдэхүүн худалдаж авах билээ. Иргэдийн худалдан авах чадвар илт буурчихаар дөнгөж хөл дээрээ босч байсан үндэсний үйлдвэрүүдийн ихэнх нь дампуурч байна. Эрх баригчид өнөөдөр хоёрхон жилийн дотор долоон аймгийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбосон гээд л сүржин үлгэр яриад байна. Гэтэл энэ долоон аймгийн авто замын 50 хувь нь өмнөх засгийн үед хэдийнэ баригдчихсан байсан юм шүү. Эрх баригчид ард иргэдийн амьдралыг ийм болтол нь доройтуулснаа ядаж хүлээн зөвшөөрөх хэмжээний ёс зүйтэй байх ёстой.
-МАН Засгийн газарт хамтарч байх хугацаандаа бүхий л томоохон яамдуудад хүмүүсээ сайдаар тавьсан. Тэр үедээ энэ яриад байгаа бодлогоо хэрэгжүүлээд эхэлсэн бол өнөөдрийн нөхцөлд бага ч атугай дэм болох байсан юм биш үү. Ниргэсэн хойно нь хашгирав гэгч л болоод байх шиг санагдах юм?
-2012 оноос хойш тасралтгүй өсөж байсан ам.долларын ханш МАН-ыг Засгийн газарт ажиллаж байх хугацаанд 1820 төгрөг хүртлээ буурсан. Энэ бол манайхны явуулж байсан бодлогын тодорхой үр дүн гэж хэлж болно. Уг нь эдийн засагт гарсан үр дүнгийн нааштай эхлэл байсан. Харамсалтай нь биднийг цаашид ажиллах боломж бололцоог өгсөнгүй. Хоёр жилийн хугацаанд унагасан бодлогын алдааг зургаахан сарын дотор засна гэдэг амаргүй хэдий ч МАН-аас томилогдсон зургаан сайд сайн ажилласан. Ерөнхий сайд нь “Өнгөрсөн хоёр жил бидний гаргасан алдааг засахад туслаач ээ. Та нар хамтарч ажиллаач ээ. Бид үнэхээр эрх барьж чадахгүй юм байна аа” гэж уйлж дуулсан урилга ирүүлсэн. Тэгсэн хэрнээ Ерөнхий сайд нь өөрөө зургаан сайдаа огцруулах бичгийг өргөн барьж, “Энэ зургаан сайдыг бид муу ажилласан гэж сольж байгаа юм биш. Үнэхээр сайн ажилласан. Гэхдээ улс төрийн шийдвэр гараад огцруулахаас аргагүй нөхцөл байдалд орууллаа” гэж мэдэгдсэн. Энэ бол Ерөнхий сайдын зүгээс зургаан сайдад өгсөн үнэлэлт дүгнэлт юм. Танхимын тэргүүн нь ингэж дүгнэж байхад АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн дүгнэлт энэ тэр бол зүгээр л шалтаг төдий хөөрхийлөлтэй зүйл юм даа.
-Та яриандаа АН засаглаж чадахгүй байна гэдгийг хэдэнтээ дурдлаа. Ирэх жил сонгууль болно. Тиймээс битүүхэндээ биднийг дэмжээрэй гэдгээ хэлээд байгаа юм уу даа?
-МАН-ын рейтинг тасралтгүй өсч байгаа. Харин АН-ын рейтинг тасралтгүй унасаар л байна. Энэ нь АН эрх барьж чадахгүй байгаагийн бодит жишээ. Иргэд тулхтай улс төрийн хүчин өөр байдаг юм байна гэдгийг яс махандаа тултал мэдэрч байна. МАН-ын рейтинг парламентад суудалтай болон суудалгүй намуудаас хамгийн өндөр явж байна. Энэ бол хараат бус олон байгууллагын судалгаанаас харагдаж байна л даа. Ард иргэдийн итгэл дэмжлэг сэргэж, нэмэгдэж байгаа учраас бид илүү хичээж хариуцлагатай ажиллах ёстой гэж ухамсарлаж байгаа.
-Ж.Энхбаяр гишүүн та хоёр Уул уурхайн сайдад бензин, шатахууны үнийг бууруулах тухай шаардлага хүргүүлсэн. Ингэхдээ онцгой албан татварыг тэглэх ёстой гэж зарим гишүүн ярьсан. Онцгой албан татварын мөнгөөр өнөөдөр хүүхдийн мөнгө зэрэг халамжийн мөнгийг олгож байгаа. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд онцгой албан татвар байх ёстой юм биш үү?
-Онцгой албан татварыг тэглэхээс өөр зохицуулалтын арга хэмжээг авах ёстой. Н.Алтанхуягийн Засгийн газар нефтийн үнийг тогтвортой байлгана гээд Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс ихээхэн хэмжээний зээлийг маш бага хүүтэйгээр нефть импортлогч компаниудад олгосон. Хоёрдугаарт, жирийн иргэд ам.долларыг 2000 төгрөгөөр авч байхад нефть импортлогч компаниуд ам.долларыг 1450 төгрөгөөр тооцож авдаг байсан. Мөн Онцгой албан татварыг чөлөөлж байлаа шүү дээ.
2012 онд дэлхийн зах зээл дээр нэг баррель нефтийн үнэ 120 ам.доллар байсан бол одоо 40 ам.доллар болж огцом буурлаа. Татварын хөнгөлөлтийн дэмжлэг үзүүлээд байхад бензин, шатахууныхаа үнийг яагаад хямдруулж болдоггүй юм бэ?
Онцгой албан татвар байх ёстой. Ханшийн зөрүүн дээрх төрийн дэмжлэг хаачив аа. Маш бага хүүтэй өгсөн зээл хаашаа орчихов. Дэлхийн зах зээл дээр гурав дахин хямдарчихаад байгаа нефтийн бүтээгдэхүүнээ өндөр үнэтэй байсан тэр үеийн ханшаар нь зарсаар л байна. Үүн дээр зохицуулалт хийх ёстой гэсэн шаардлагыг бид тавьсан. Р.Жигжид сайдыг Уул уурхайн сайдаар анх томилоход ч ярьж байсан. Сайд болонгуутаа энэ асуудлыг шийднэ гэсэн ч шийдэж өгсөнгүй.
Гуравдугаарт, улсын хэмжээнд бензин шатахууны үнэ яагаад ижил үнэтэй байж болдоггүй юм. Стратегийн бараа бүтээгдэхүүний үнэ болох эрчим хүч, бензин шатахууны үнийг нэг дүнд бариулмаар байна. Суурь үнэ болсон эдгээр бүтээгдэхүүний үнэ нэг болчихвол Улаанбаатар, Ховд, Дорнодод амьдарч буй хүмүүс ижил үнэтэй бүтээгдэхүүн авах боломж бүрдэнэ. Яагаад алслагдсан газар амьдарч байгаа хүмүүс нь шийтгүүлж байгаа юм шиг өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүн авах ёстой гэж. Бид ард иргэдийнхээ амьдралын чанарт анхаарах шаардлагатай. Гарц гаргалгаа нь байсаар атал хийх хүсэл эрх баригчдад ердөө ч алга.
-Бензин, шатахууны бизнесийн ард томоохон ашиг сонирхол дагаж явдаг. Улстөрчид нефть импортлогчдын ард байдаг гэж ярьцгаадаг. Ийм нөхцөлд үнэ бууруулах боломж байгаа гэж үү?
-Нэг хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих уу. Нийтийн эрх ашгаа эн тэргүүнд тавих уу гэдэг хоёр сонголтын өмнө бид байна. Дэлхийн зах зээл дээрх ханштай үнээ тэнцвэржүүллээ гээд тэр хүмүүс дампуурчихгүй л байлгүй. Тиймээс яагаад нийтийн эрх ашгийн төлөө нийгмийн хариуцлагаа ухамсарлаж болохгүй гэж. Тэр хүмүүсийг дампуур гэж байгаа юм огт байхгүй. Олж байгаа 10 төгрөгийнхөө дөрвийг нь ард түмэндээ зориулчих л гэж хүсч байгаа хэрэг л дээ.
-Манай улс Дархан-Уул аймагт нефть боловсруулах үйлдвэр барина гээд байсан нь юу болов. Дотооддоо үүнийгээ шийдээд явчихвал заавал нефть импортлогч нараас хараат байх албагүй юм биш үү. Нефть боловсруулах үйлдвэрийг олон жил ярилаа. Одоо ажил хэрэг болгож болохгүй юм уу?
-Төрийн залгамж чанар алдагдсан, Монгол Улс хөгжлийн тодорхой бодлоготой болж чадахгүй байгаагийн илрэл энэ юм. Сү.Батболдын Засгийн газрын үед Дарханд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэр гарч, “Петровис”, “Шунхлай”, “Сод Монгол”, “Магнай трейд” зэрэг компани хөрөнгө оруулаад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулъя гэсэн. Харамсалтай нь Н.Алтанхуягийн Засгийн газар гарч ирээд энэ ажил бүрмөсөн зогссон. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Дорнод, Зүүнбаянд нефть боловсруулах үйлдвэр байгуулъя гээд явж байх жишээтэй. Найман сарын дараа сонгууль болно. Сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газар нь хаана нефть боловсруулах үйлдвэр байгуулна гэх юм, бүү мэд. Төрийн зөв бодлогыг цаашид үргэлжлүүлэх ёстой. Гэвч үргэлж улстөрждөг, бие биеэсээ ялгарах гэсэн үзлээс болж төрийн бодлого савладаг. Төрийн бодлого тогтворгүйн хар гайгаар өнөөдөр өндөр үнэтэй импортын шатахуун хэрэглэж байна. Нөгөө талд Тамсаг булагт сая сая баррель нефтиэ түүхийгээр нь экспортолж байна. Тиймээс аль ч засгийн үед чиг шугамаасаа хазайдаггүй урт хугацааны хөгжлийн тогтвортой, тууштай бодлогыг УИХ дээр боловсруулж байгаа. Энэ асуудал шийдэгдвэл нефтьтэй холбоотой олон асуудал шийдлээ олно.
-Хөгжлийн бодлогын асуудлаар парламент дахь намын бүлгүүдийн дарга нараар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Энэ ажил яагаад сураггүй болчихов?
-МАН 2011 онд “Ард түмний хөгжлийн хөтөлбөр 2031” гээд 20 жилийн хугацаанд Монгол Улсыг ингэж хөгжүүлнэ гэсэн тооцоо судалгаатай хөтөлбөр баталсан. 2013 онд нийгэм, улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөн тул МАН-ын XXVII Их хурлаар ард түмний хөгжлийн хөтөлбөртөө тодотгол хийсэн. Үүнийг өөрчилсний дүнд “2021-Ард түмний хөгжлийн зорилт”-ыг баталсан. Улс төрийн намуудыг үүн дээр хамтарч ажиллаач ээ хэмээн Үндэсний зөвшилцлийн уриалга гаргасан. Үүн дээр тулгуурлан 2014 оны нэгдүгээр сард УИХ-д урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсэг байгуулах тогтоолын төслийг өргөн барьсан. 2014 оны дөрөвдүгээр сард УИХ дээр МАН, АН, “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга нарын ахалсан Ажлын хэсэг байгуулсан. Ажил явагдаж байгаа. Намрын чуулганаар өргөн барьж хэлэлцүүлнэ. Урт хугацааны хөгжлийн бодлогоо баталж чадвал БИД НЭГ МОНГОЛ болно. Бидний зовлон, жаргал, үндэс угсаа гээд бүх зүйл нэг байтал яагаад дэмий хоорондоо зөрчилдөж цаг алдаж, хөгжлөө хөшөөх ёстой гэж.
-Намрын чуулганаар урт хугацааны хөгжлийн бодлогыг хэлэлцэхээр оруулж ирсэн байна лээ. Хүлээлттэй байсан Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн нэгдсэн хууль, Улс төрийн намуудын тухай хууль багтсангүй…
-Төрийн тогтолцоогоо улам боловсронгуй болгох шаардлага бий. Тэр ч утгаараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж үздэг. Сонгуулийн хуультай холбоотой гэхээр хар машины асуудал байна. Төрийн эрхийг ард түмэн барьж байна уу, хар машин барьж байна уу? Энэ эргэлзээг арилгах ёстой. Ард түмэн тэр чигтээ хар машинаар сонгууль явуулахыг дэмжихгүй байгаа. Хэрхэн ард түмний гарт төрийн эрх мэдлийг байлгах вэ гэдгийг шийдэхийн тулд Сонгуулийн хуульд зайлшгүй нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой. Гэтэл өнөөдөр үүнээс том асуудлууд бидний өмнө тулгарчихлаа. Цалин тэтгэврээ яаж тавьж, эхэлсэн хөрөнгө оруулалтуудаа яаж дуусгах вэ гэдэг толгойны өвчин боллоо. Монголчууд 60 сая толгой малтай болсон гэж цээжээ дэлдэж байгаа ч үнэндээ малын түүхий эдийн ханш унаж байна. Үүнийг дагаад хөдөөгийн ард иргэдийн амьдрал хүндэрч байгаа. Энэ жил ургацынхаа 50-60 хувийг алдана, импортоор гурил авна гэж байна. Бид мах, гурилаа өөрсдөө бэлдэж, үйлдвэрлэж чаддаг байсан. Гэтэл бид хийж чаддаг байсан зүйлээ хийж чадахаа болилоо. Тиймээс МАН-ын гишүүд махны экспортыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч байгаа юм. Мал махыг экспортод гаргаж, малын гаралтай түүхий эдийн үнийг тогтвортой байлгах тал дээр шаардлага тавьсан. Өнөөдөр уг нь бид нэгэнт хүрсэн түвшнээ яаж хөгжүүлэх вэ гэж ярих ёстой байтал хүрсэн түвшнээсээ уруудаж байгаа энэ уналтыг хэрхэн зогсоох вэ гээд ярьдаг болж. Эрх барьж буй нам бодлогогүй явж ирсний горыг ард түмэн амсаж байна даа.
-Мах экспортолно гэж манайхан яриад байгаа ч гадны импортлогч орнуудын хувьд стандарт шаардлага өндөр. Энэ бүхнийг даван туулж махаа гаргана гэдэг амаргүй л байх?
-Энэ асуудал сүүлийн хоёр жилд учирч байгаа асуудал биш. Өмнөх жилүүдэд ч гарч байсан. Социализмын үед хэдэн сая малыг хөлөөр нь туугаад гаргадаг байсныг мэдэх байх. БНХАУ малыг хөлөөр нь, махаар нь ч авъя гээд ярьж байна. Манай улсын Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нь яваад байгаа хэрнээ энэ бүхэн яагаад бодит ажил хэрэг болохгүй байна вэ. Энэ асуудлыг бодит ажил болгоно, зөвхөн төрийн өмчит компани мах худалдаж авна, экспортолно гээд “Монгол мах” корпорацийг байгуулсан. 20 жилийн турш энэ чиглэлээр явж ирсэн компаниудыг туслах үүрэгтэйгээр оролцохоор болгосон. Өрсөлдөөнийг хязгаарлах тусам монополь байдал бий болдог. Төрийн өмчит “Монгол мах” корпораци байгуулсныг буруу гэж үзэж байгаа. Махны салбарт 20 жил туршлага хуримтлуулсан компаниудаа дэмжих ёстой. Тэдэнд 20 жил харьцсан түнш гэж бий. Нэг худалдан авагчтай байвал нийлүүлэлт түүнээсээ л хамааралтай байдаг. Тиймээс аль болох олон худалдан авагч бий болгох замаар эрэлтийг нэмэгдүүлэх шаардлагатай. Тэр хэмжээгээр махны үнийг өсгөх боломжтой. Тиймээс махны экспортыг ганцхан монополь компаниар биш, олон компаниар явуулах нь зөв.
-Сүүлийн үед УИХ-ыг тарах ёстой гэсэн байр суурийг хэд хэдэн гишүүд илэрхийллээ. Мөн Засгийн газрыг огцруулах асуудал ч хөндөгдөж байна. Та үүний талаар юу гэж бодож байна?
-МАН бол хариуцлагатай, тулхтай улс төрийн хүчин. Бүхэл бүтэн төрийн эрх барих дээд байгууллагыг тараах асуудлыг зүгээр нэг босож суухын зуурт ярьж болохгүй. Монголын төр эзэнтэй хариуцлагатай байх ёстой. Эрх барьж байгаа нэг намын алдаатай бодлого, нэр хүндээс болж төрийн тогтолцоо тэр чигээрээ эмх замбараагүй болж, хууль тогтоох байгууллагын хүчин чадал шавхагдаж, ард түмний төрд итгэх итгэл унаж байна шүү дээ. Үнэхээр энэ УИХ үлдэж байгаа хугацаандаа үр дүнтэй ажиллаж чадах уу гэдэг асуудал санаа зовоож байна. Зөвшилцөл, ойлголцлын замаар явбал томоохон асуудлуудаа шийдэх боломж бий. МАН тулхтай, тууштай байр сууриа баримталсаар байх болно. Харин эрх баригчдын ойлгомжгүй байдал цаашид үргэлжилсээр байвал УИХ-ын хүчин чадал хугацаанаасаа өмнө бүрэн шавхагдаж дуусахыг үгүйсгэхгүй. Тийм болохоор эрх баригчид илүү хариуцлагатай, бодлоготой ажиллах шаардлагатай байна.