Categories
мэдээ цаг-үе

Бүрэн зэвсэглэсэн хятадын 120 гаруй цэргийг ганцаараа буулган авсан З.Жигжидсүрэнг шагнахын оронд шоронд хорьжээ

1949 онд Монголын хамгийн урд цэг болох Өмнөговь аймгийн Орвог гашууны
бор толгойн ойролцоох хилийн дугаар баганат тэмдэгтийн хавийн газраар хоёр ч
ачааны машин дүүрэн, 120 гаруй зэвсэглэсэн хятад цэрэг цөмрөн орж ирсэн билээ.
Харин тэдгээр хил зөрчигчдийг бага дэслэгч З.Жигжидсүрэн буун дуу гаргалгүй
буулган авсан талаар үе үеийн хилчид ам дамжин ярилцсаар өдий хүрчээ. Уг
баатарлаг үйл явдлын дурсгалын хөшөөг өнгөрсөн тавдугаар сард Орвог гашууны бор
толгойн ойролцоо босгосон юм. 60 гаруй жилийн өмнө болсон дээрх үйл явдлыг
хамгийн сайн мэдэх нэгэн бол өдгөө 80 насны босгыг давсан хилийн цэргийн
бэлтгэл хурандаа Г.Хүүжий гуай юм. Тэрээр 1954 онд Дотоод явдлын яамны тусгай
хороонд цэрэгт татагдаад, 1956 онд офицер цолтой болсныхоо дараахан ЗХУ-д
суралцаж эх орондоо ирсэн бөгөөд зүүн хязгаар нутаг болох Сүхбаатар аймгийн
Онгон, Чойбалсан хот орчмын хилийн отрядын даргаар 1974-1987 он хүртэл
ажиллажээ. 1989-1996 оны хооронд Монгол, Оросын хилийг тодруулах албаны дэд
даргаар Засгийн газраас түүнийг томилон ажиллуулсан юм. Түүнтэй дээрх болсон
явдлын талаар ийн хөөрөлдсөн юм.

-Таныг бага дэслэгч З.Жигжидсүрэн агсны байгуулсан гавьяаны талаарх дам
яриаг дуулаад, тэр даруй баримт материал сэлт цуглуулж эхэлсэн гэх юм билээ.
Чухам юу болсон талаар та дэлгэрэнгүй яриач?

-Өмнөговь аймгийн Орвог гашууны бор толгойн хойхно талд Гурван бичигтийн
хилийн застав гэж байсан. Хожим энэ заставыг Баянбулагийн эхэнд нүүлгэсэн.
Баянбулагийн заставын туурь хилийн шугамаас гурван км орчимд байрладаг. 1949
оны аравдугаар сард заставын хоёр дарга Улаанбаатар руу сургалтад яваад,
тэднийг орлож бага дэслэгч З.Жигжидсүрэн үлдэж. Тухайн үед цэргүүд халагдаад,
шинээр татагдсан цэргүүд застав дээрээ очиж амжаагүй байсан учраас хүн бүл
муутай байсан хэрэг. Ингээд аравдугаар сарын 20-ны өглөө заставын манаанд
гарсан цэрэг Орвог гаршууны бор толгой орчимд машины дуу гарлаа гэж мэдэгдсэн
аж. Тэр даруй З.Жигжидсүрэн жагсаалын дарга н.Ганганд “Шаардлага гарвал нэмэлт
хүч дуудаарай” гэж хэлчихээд нэг цэрэг дагуулаад, тэмээ унаад машины дуу гарсан
газар руу явсан гэдэг. Намрын туранхай тэмээ ч хэсэгхэн яваад зогсчихсон болохоор
орхиод цааш алхсан байгаа юм. Очтол Орвог гашууны бор толгой орчмоор
баруунаасаа зүүн чиглэлд яваад өнгөрсөн суудлын машины мөр байсан гэсэн. Тэрхэн
хэсэг газар бол Монголын талаас хятад руу хошуулдан түрж орсон нутаг дэвсгэр
учраас түүгээр баруунаасаа зүүн чиглэлд нэвт гараад явчихсан байсан гэсэн үг.
Мөрийг нь дагая гэхээр Хятадын газар нутаг руу орчих болохоор тэмдэг тавиад
орхиж. Тэгтэл төд удалгүй баруун зүгт ачааны машины дуу гарсан аж. Манай хоёр
хилчин биеэ халхалчихаад ажиглалт хийсэн чинь нэг хөнгөн тэрэгний араас хоёр
ачааны машин явж байсан гэдэг. Ачааны машинд нь бүрэн зэвсэглэсэн дүүрэн хятад
цэрэг байсан бол өмнөх суудлын тэрэгэнд нь захирагч нь бололтой бусдаасаа содон
дүрэмт хувцастай нэгэн явсан. Нэг ачааны машин кабин дээрээ пулемёт зоочихсон
явсан гэсэн. Жигжидсүрэн хамт явсан цэрэг болох н.Гэндэнсүрэнд “Чи энэ бутны
ард хэвтээд үлд. Би тэдэн дээр ганцаараа очъё. Хэрэв намайг хятад цэргүүдийн
өөдөөс явж байгаад буудуулж амиа алдах эсвэл баригдах юм бол чи застав руу
шуурхай хэл хүргээрэй. Хэрэв над руу гал нээлгүй, баривчлахгүйгээр надтай
ярилцах юм бол би учраа олохыг хичээе” гээд бичиг баримтаа далд хийчихээд, нэг
гартаа бүрх малгайгаа, нөгөө гартаа гар буугаа бариад тэдний өөдөөс нь алхсан.
Түүнийг хараад хятад цэргүүд ч зогссон гэдэг. н.Гэндэнсүрэн Хөвсгөл аймгийн
Цэцэрлэг суманд саяхныг хүртэл амьдарч байсан бөгөөд тэрээр “Хоёулаа тэдэн дээр
очъё гэхэд нэг нь энд үлдэж, заставтайгаа холбоо барих шаардлагатай гэчихээд
З.Жигжидсүрэн буу, малгайгаа гартаа барьчихаад хятадууд руу алхаж явахад нь
нурууны хүйтэн хөлс чийхарч, хөл салгалж байсан” гэж хожмоо дурсан ярьсан
байдаг. Азаар хятадууд гал нээсэнгүй. Хүч түрэмгийлэн баривчлахыг ч
оролдсонгүй. Машиных нь дэргэд очоод харилцах гэсэн чинь хэл нэвтрэлцдэггүй
дээ. Хятад цэргүүд дунд орос хэл гадарладаг нэгэн байсан тулдаа хагас дутуу
ойлголцсон. Манай хүн бол оросоор чөлөөтэй ярина. Оросоор яриад, шороон дээр
зурж байгаад тэдэнд монголын нутаг дээгүүр явж байна гэдгийг нь ойлгуулаад “Та
нар Орос болон Монголын цэргийн ангид бүслэгдсэн. Та нар гарах гарцгүй, бууж
өг” гэжээ. Ингээд түүний шийдэмгий царай, эрэмгий төрх дээрх үгсийг үнэнд
ойртуулахад багагүй үүрэг гүйцэтгэсэн гэж би боддог. Хөнгөн тэрэгэнд суусан
өнөөх содон хувцасласан эр бусдадаа нэг зүйлийг хэлтэл 120 гаруй цэрэг эрс
зэвсгээ газар тавьцгаасан байгаа юм. Ингэж хил зөрчсөн тэднийг буун дуу
гаргалгүй буулган авсан гэдэг.

-Тэгэхээр тэд замаа дөтлөх гэж Монголын нутаг дээгүүр явсан хэрэг үү?

-Судлаач хүний хувьд тэгж дүгнэдэг. Өөр зорилго байхыг үгүйсгэхгүй.
Манай улс орныг эзлэн түрэмгийлэх гэж илт орж ирээгүй боловч З.Жигжидсүрэн ийм
овсгоо самбаа гаргаагүй бол олон арван хилчдийн амь нас үрэгдэж болох байсан.
Тухайн үед өнөөдрийнх шиг хилийн багана, торон зурвас сэлт байрлуулаагүй байсан
учраас тэд ч манай газар нутаг дээгүүр явж байна гэдгээ мэдээгүй хэрэг.

-Тэдгээр хятад цэргүүд ямар шалтгааны улмаас ийн хил зөрчсөн юм бол?

-Тэд Хятадын ардын чөлөөлөх армид хөөгдсөн Гоменданы цэргүүд байсан.
Тухайн үед өмнөд хөрш дотооддоо гурван хэсэг болчихоод, хоорондоо тулалдаж
байлаа шүү дээ. . Мао Зедуны ардын чөлөөлөх арми болон Гоменданы хятадын Жан
Кай Шигийн арми тус тусдаа Японы эсрэг байлдаж байсан. Япон бууж өгсний дараа
ЗХУ-аас Хятадын ардын чөлөөлөх армид винтов буунаас өгсүүлээд бөмбөгдөгч онгоц,
далайн хөлөг онгоцоо бэлэглэсэн. Тэгэхээр ардын чөлөөлөх арми зэр зэвсгээрээ
Жин Кай Шигийн гоменданы
цэргээс хавьгүй илүү байсан учраас ийн хялбархан хөөж явуулсан хэрэг.

-Олзны
цэргүүдийг тэр даруй эх оронд нь хүлээлгэн
өгсөн юм болов уу?

-Тэднийг жил гаруй саатуулж байгаад 1950 он гарсан хойно эх оронд нь
хүлээлгэн өгсөн.

-З.Жигжидсүрэнг ийм гавьяа байгуулсаар атал шагнах биш харин ч шийтгэл
оногдуулсан гэсэн байх аа?

-Хил зөрчигчдийн талаар тэр дор нь отряд руугаа мэдээлэл өгч холбогдох
албан тушаалтнууд ч ирж, арга хэмжээ авсан. Энэ үеэр хятад цэргүүдийн авч явсан
эд хогшилд З.Жигжидсүрэн гар хүрчихсэн юм билээ. Ганц З.Жигжидсүрэн ч биш
заставын бусад цэргүүд ч авч явсан даалуугаар нь тоглож, тамхи тариа зэргээс нь
бага сагахан авчихсан юм билээ. Үүгээр нь шалтаглаж Дотоод яамны хязгаарын
цэргийн командлалын албан тушаалтнууд шалгаад, З.Жигжидсүрэнг ганцааранг нь
буруутгасан. Дотоод яамны коллегийн хурлаар уран арга хэрэглэж, Хятадын
зэвсэглэсэн 100 гаруй цэргийг ганцаараа буулгаж авсныг нь сайшааж байсан мөртөө
10 хоног гянданд хорих ялаар шийтгэж байсан. Яахав, олзны хятад цэргүүдийн эд
хогшлыг хэрэглэж, тамхи сэлтийг нь авч хэрэглэсэн гэдэг нь угтаа шалтгаан биш
шалтаг л даа. Тухайн үед Дотоод явдлын яамныхан Хятадын талд ажиллаж, өөрийн
хүнээ урамшуулахын оронд шийтгэсэн.

Ер нь тухайн үед одоогийнх шиг хилийн багана, төмөр зурвас сэлт
байгаагүй ч аль хэдийнэ зоригт хилчин эрсийнхээ шарилаар хилийнхээ баганыг
тогтоочихсон байсан. Хятадтай 4000 гаруй км хиллэхдээ 1962 оныг хүртэл албан
ёсоор байгуулсан хилийн шугам байгаагүй. Бид зэвсгийн хүчээр хамгаалж байсан.
Орвог гашууны бор толгой дээр пулемёттой цэрэг байрлуулчихаад л “Үүнээс дотогш
хятадын цэргийг нэвтрүүлж болохгүй” гэсэн даалгавар өгчихнө. Ухрах эрхгүй. Ямар
ч үнэ цэнээр хамаагүй хил зөрчигч энгийн иргэн болон зэвсэглэсэн этгээдийг
зогсоох, хориглох,шаардлагатай тохиолдолд нэмэлт хүч иртэл амиараа дэнчин тавьж
тулалдах ёстой. Энэ бол хүний ёс талаасаа авч үзвэл харгис шийдвэр. Тэгээд ч уг толгодоос дотогш
Монголын газар нутаг гэдгийг Хятадын талаас албан ёсоор зөвшөөрч, харилцан
тохиролцоогүй юм чинь хятадын цэргүүд нэвтэрч орж ирэх бол хэвийн үзэгдэл
болчихсон байсан даа. Тэд ч үүнийгээ хил зөрчиж байна гэж боддоггүй байсан биз.
1962 онд Хятадтай хилийн гэрээ байгуулахад манай талаас цэрэг зэвсгийн хүчээр
хамгаалж байсан газар нутгаасаа сөөм газрыг ч хятадуудад өгөөгүй авч үлдэж
чадсан. Хил дагуух тэр толгод, гацаа, уул, гол горхины эрэг дагуу хилчин эрсийн
шарил байгаа юм чинь тэр газар нутгийг хятадууд манайх гэж хэлж зүрхлэхгүй.
“Манай тэр цэрэг энд байлдаж байгаад амь насаа алдсан. Гэгээн дурсгалыг нь
хүндэтгэн бидний босгосон чулуу энэ байна. Ухвал шарил нь ч бий” гэж хэлэхээр
тэд бидэнд тэрхүү газрыг үг дуугүй өгсөн. Тухайлбал 1948 онд Байтаг богдод
гурван цэргээ буутай нь байрлуулаад, алхам ч ухарч болохгүй гэсэн тушаал өгсөн.
Тэд тэндээ хятадын цэргийг эсэргүүцэн байлдаж, эцэст нь бүслэгдэн амиа алдсан.

-Бага дэслэгч
цолтой байсныг бодоход хил хамгаалах албанд удаан ажиллаагүй юм аа даа?

-Ингэж
шийтгүүлснийхээ дараагаар тэрээр Говь-Алтай аймгийн отрядад олзны япон цэргийг
хамгаалах хороонд ажиллаж байгаад 1953 онд
орон тооны цомхотголоор халагдсан. Шийтгүүлж, шорон оронд орсон хүнийг цэргийн
газар ажиллуулахгүй гэсэн шийдвэр гарсан байлгүй дээ, бодвол. Үүнийхээ дараа
барилгын цэрэгт хэсэг хугацаанд ажилласныхаа дараа Булган аймаг руу шилжсэн. Уг
нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул. Үр хүүхдээ өсгөх гэж энд тэнд хар бор
ажил гололгүй хийдэг байсан. 1950-аад онд буюу 30 гаруйхан насандаа ан хийж
яваад бусдын суманд оногдон амиа алдсан байдаг. Нөхөд нь түүнийг эх оронч
Жигжид гэж авгайлдаг байсан тухай баримт бий. Хувь хүнийх нь зан чанар талаас
авч үзвэл дайчин гавшгай, зорьсноо биелүүлдэг хүн байсан гэдгийг ойр дотных нь
бүх хүн хэлдэг.

-Өнгөрсөн хавар түүний байгуулсан дээрх баатарлаг гавьяаг мөнхжүүлэх
зорил­гоор хөшөө босгосон гэсэн?

-Орвог гашууны бор толгой орчимд З.Жигжидсүрэн болон бусад хилчдийн
баатарлаг гавьяаг үеийн үед дурсан санах зорилгоор хилийн 0131 дүгээр ангийн
ахмадын хорооны санаачилгаар хөшөө босгосон. Дээр нь Цагаан дэрсний заставыг
З.Жигжидсүрэнгийн нэрэмжит болгохоор багагүй хөөцөлдсөн ч бүтээгүй. Өмнөговь
аймгийн ИНХ-аас хилийн цэргийн баатар эсвэл гавьяа цолгүй бол болохгүй гэсэн.

-З.Жигжидсүрэн агсны үр хүүхдүүд байдаг болов уу?

-Түүнийг цэргээс
халагдах үед нь анхны эхнэр нь нас бараад, ганц охинтойгоо үлдсэн. 1960-аад
онд, барилгын цэрэгт хоёр жил гаран ажиллаж байтал хоёр дахь эхнэр нь бас нас
бараад гурван өнчин охинтой үлдсэн. Одоо хоёр охин нь амьд сэрүүн энх тунх
амьдарч байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *