Categories
мэдээ цаг-үе

Б.Базаррагчаа: Готов, Аюушийн дүрээр минь намайг хүмүүс санагалзаж байсан нь мэдрэгдсэн

Жүжигчин Б.Базарраг­чаат­ай ярилцлаа. Тэрээр “Бид мартахгүй”, “Ирж яваа цаг”, “Мандах нарны туяа”, “Уул усны үр сад” зэрэг олон киноны гол дүрийг бүтээсэн юм. Түүнийг цаг үеийнхээ төлөөлөл болсон уран бүтээлч гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Б.Базаррагчаа нэлээдгүй хугацаанд харийн нутагт ажиллаж амьдарч байгаад ирсэн билээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

-“Бид мартахгүй”, “Ирж яваа цаг” зэрэг киногоор тань хүмүүс өөрийг тань андахгүй. Эдгээр кинонд тоглож анх жүжигчин болох гараагаа эхэлсэн ч гэдэг. Тухайн үед гол дүрийн жүжигчдийг хэрхэн сонгодог байсан юм бэ?

-Би 1985 оноос кино урлагийн босгыг алхсан хүн. Энэ зам мөрийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Халтарын Дамдин найруулагч нээж өгч байлаа. 1985 онд Х.Дамдин найруулагч “Бид мартахгүй” киногоо хийх гээд дүрээ хайж явахад нь азаар би таарч сонгогдсон юм. Гэхдээ дүр сонгох асуудлыг ганц найруулагч шийдчихдэггүй байсан. Дүрийнхээ ач холбогдлоос хамаараад Монгол кино үйлдвэр, Соёлын яам, Намын төв хороо шийддэг байсан үе. Ямар ч байсан фото шалгаруулалтад орлоо. Олон ч хоног өнгөрлөө. Хүн л юм чинь кинонд тоглохыг мөрөөдөж байлаа. За кинонд тоглох өнгөрч. Ямар ч байсан цэргийн хувцастай уран сайхны ганц гоё зурагтай болж үлдэх юм байна гэсэн ухааны юм бодож байтал 45 хоногийн дараа дахиад шалгаруулалтад ороодох гээд дууддаг байгаа. Анх удаагаа камерын өмнө гарч байгаа нь тэр. Шалгаруулалтад богино хэмжээний видео тоглолт хийгээд орлоо. Тэгсэн тэнцчихсэн. Ингэж л “Бид мартахгүй” киноны Аюушийн дүрийг бүтээж байлаа.

Тэр үед та армийн хүн байсан гэв үү?

-Тийм. Иргэний хамгаа­лалт­тай 122 дугаар ангийн офицер байлаа шүү дээ. Дараа нь алдарт найруулагч Бунтар гуайн “Ирж яваа цаг” киноны Готовын дүрд тоглох болсон. Үүнтэй зэрэгцээд ангиасаа хөөгдөх асуудал яригдаж эхэлдэг юм байна.

Яагаад?

-Цэргийн хүн урлаг уран сайхан хөөгөөд төрийн ажлыг цалгардуулж болохгүй шүү дээ. Би ч нэлээн сахилгагүй офицер байсан (инээв). Ингээд “Ирж яваа цаг” кинонд тоглосныхоо дараа эргэлт буцалтгүй кино урлагийн тогоонд нэгдсэн дээ. Армиасаа хөөгдөхөд Х.Дамдин найруу­лагч мөн л намайг дагуулж Монгол кино үйлдвэрт оруул­сан. Миний өдий зэрэгтэй яваа маань Х.Дамдин найруу­лагчийн гавьяа. Би хэзээ ч мартдаггүй. Цаг ямагт Х.Дамдин найруулагчдаа баярлаж явдаг. Намайг кино үйлдвэрт жүжигчнээр ороход Дамдинбазар гуай, Дагийранз гуай, Карма эгч, Элбэгсайхан, Нэргүйбаатар гуай гээд кино урлагийн аваргууд бүгд п байсан.

Та чинь тэгэхээр мэргэжлийн жүжигчин биш байж таарах нь ээ?

– Хүмүүс надаас асуудаг л даа. Та мэргэжлийн жүжигчин үү, аль сургууль төгссөн гээд л. Надад жаахан эмзэг тусдаг л даа. Мэдээж би хэн бэ гэдгийг үзэгчид, ард түмэн мэдэж байгаа шүү дээ. Яахав тэр агуу уран бүтээлчдийн дунд шууд усанд хаясан чулуу шиг хаячихаар болгохоос өөр замгүй шүү дээ.

Өмнө нь нэг кинонд тоглоод үзчихсэн учраас “Ирж яваа цаг” киноны Готовт тоглоход нэг их бэрх­­шээл тулгараагүй биз дээ?

-Сандрахаас илүүтэйгээр залуу насны биеэ тоох одооныхоор бол “од”-ын өвчин тусах аядаж байсан юм болов уу. Гэхдээ Лувсан, Дашпэлжээ ахаас эхлээд мундгууд намайг юу гэж давраах вэ. Тухай бүрт нь хандыг маань дардаг байлаа. Одоо бодоход тэр болгон сургалт болдог байж дээ. Энэ кинонд Маралмаа хэлдэг ш дээ. Готов нь авна уу, Шадав нь авна уу. Би лав аавыгаа асрах минь гээд. Үүгээр үзэгчид сайн мэддэг. Тэр үедээ би мэдээгүй. Сүүлд харж байхад сайн ч болсон, үзэгчдэд ч их хүрсэн байсан.

-“Мандах нарны туяа” кинонд жанжин Сүхбаатарын дүрийг бүтээсэн байдаг. Та Д.Сүхбаатар жанжны дүрийг бүтээхдээ судалгаа их хийсэн үү?

-Тухайн үед найруулагч Х.Дамдин гуай намайг урлагт оруулахаас гадна кино урлагт цохих хүч болсон бүтээлүүдийнхээ гол дүрд тоглуулж байсан. Жил бүрийн наадмаар гардаг “Тод магнай”, “Цэц магнай”, “Гарьд магнай” цуврал кино шиг Х.Дамдин гуай Сүхбаатартай холбогдолтой “Үүр цайхын өмнө”, “Тэмцэл”, “Өглөө” гээд цуврал кинонууд хийж байсан юм билээ. Нэг цуврал болох “Мандах нарны туяа” киноныхоо жанжин Сүхбаатарын дүрд тоглуулсан. Түүхэн, тэр дундаа монголын домог болсон агуу жанжны дүрийг бүтээнэ гэдэг хэн бүхэнд олдоод байх хувь заяа биш байх. Түүхэн дүрийг бүтээхдээ жүжигчин бүр өөрийн арга барилаар гаргахыг зорьдог. Уулын мод өндөртэй, намтай гэдэг шиг нэг хэвэнд цутгасан юм шиг адилхан байхгүй шүү дээ. Тэгээд ч Дамдин гуай надад “Чи Сүхбаатарын тухай нэг ч кино үзэж болохгүй. Сүхбаатарын дүрд тоглосон жүжигчинтэй ч уулзаж болохгүй. Зөвхөн өөрийнхөө өнцгөөр л жанжны дүрийг бүтээ” гэсэн. Яагаад гэвэл ганц хоёрхон кинонд тоглосон хүн бусдын тоглохыг харчихаад дагаж, дуурайх гээд байдаг муу талтай гэж зөвлөсөн. Багшийнхаа дагуу хэрвээ би амьдрал дээр эх орон, ард түмнээ удирдсан жанжин байсан бол гэж бодож тоглосон доо. Эцсийн мөчид сайн тоглосон үгүйг үзэгчид л шүүдэг шүү дээ. Ер нь ямар ч уран бүтээлд тоглосон хүн нийгмээ сайн таних нь чухал. Хулгайч хүн ямар харцтай байх уу, худалч хүн ямар зальтай байх уу гээд мундаг жүжигчдийг хараад байхад нэг ёсондоо сэтгэл зүйч л болчихож байгаа юм шиг.

Эндээс харахад Х.Дамдин найруулагч таны нэг чанарыг нэлээд олзолсон юм шиг. Танд энэ тухайгаа хэлж байсан уу?

-Мэдээж надаас бага ч гэсэн авьяас олж хараад тоосонд үнэхээр баярладаг. Би нэг удаа Дамдин найруу­лагчийг телевизэд ярилцлага өгч байхыг үзсэн. Тэгэхэд “Би ихэнх кинондоо яагаад Базаррагчааг авч явдаг байсан бэ гэвэл түүний нүд их ухаалаг” гэж хэлж байсан. Зурагт үзэж суусан хүн чинь өөрийгөө магтахыг сонсоод их эвгүй болдог юм байна лээ. Ичээд, нүүр улайгаад, ийш тийшээ хүн харчихвий дээ гээд л (инээв).

Таныг жүжигчин Золбоот­той их андуурдаг гэсэн. Үнэн үү?

-Намайг кинонд тоглох болсноос хойш хоёр жилийн дараа Золбоот гэдэг жүжигчин гарч ирсэн. Би нэг удаа Монгол кино үйлдвэрт нэг кинонд дуу оруулангаа телевиз үзэж суутал “Хүүе энэ кинонд чинь би хэзээ тоглолоо” гэж бодсон ш дээ.

Ямар кино юм бэ?

-“Эзэнгүй айл” гээд олон ангит кинонд Золбоот тоглож байсан хэрэг л дээ. Намайг Солонгост байхад Золбоот ирж уулзаж байсан. Би энд ирээд ч түүнтэй уулзсан. Манай хүн “Базаррагчаа, би хоёр хүний хос морьтой явдаг ш дээ. Намайг хөдөөгөөр тоглолтоор явахад хүмүүс нөгөө Аюуш, Готовт тоглосон жүжигчин мөн биз дээ гэдэг. Би мөн гээд л хэлчихдэг” гэж ярьж байсан. Надаас бас зарим хүн “Эзэнгүй айл” кинонд тоглосон биз дээ гэж асуудаг. Залуудаа үнэхээр адилхан төрхтэй байсан санагдсан.

Та аль нутгийн хүн бэ?

-Аавыгаа дагавал Завханы Цагаан­чулуутын хүн болно.Ээж бол Сүхбаатар аймгийн хүн. Аав Л.Бямбажав, ээж Г.Бүлтэн гээд сайхан буурлууд бий.

Нийгэм өөрчлөгдөх үед зөвхөн та гэлтгүй урлагийн олон сайхан авьяаст­нууд амьдралын эрхээр Солонгосыг зорьсон байдаг. Таны хувьд харийн нутагт хэдэн жил болоод ирэв?

-Эх нутгаа орхиод 17 жил болсон. Би 1997 онд эхнэр­тэйгээ хамт хоёр жил болоод 20 мянган ам.доллартай болоод ирье гэсэн зорилготой хилийн дээс алхсан. Тэгсэн хорин жилийн хугацаанд хоёр хүүхэдтэй болоод ирлээ дээ.(инээв). Монголдоо үнэхээр сайхан байна.

Тэнд ямар ажил хийж байсан бэ?

-Солонгост монголчууд ямар ажил хийдэг үү, тийм л ажил хийнэ.

Хэр мөнгө хураасан бэ?

-Удсан хүмүүсээс мөнгөний талаар битгий асуугаарай. Цөөхөн жил бол хэдэн төг­рөг гүрийгээд цааш нь хий­дэг. Олон жил болоод ирэхээр цалингаа аваад л байр, хүүхдийн цэцэрлэгийн төлбөр гээд л хэрэглээндээ өгөөд таардаг. Хүнээс гуйхгүй болоод л байдаг. Харин тэндээс би ганц авууштай юмтай ирсэн. Би интерьер дизайны чиглэлээр чамгүй юм сурсан.

Барилгын салбарт ажиллаж байжээ?

-Тийм. Миний ажиллаж байсан компани дампуураад гурвуулаа ажлын байр ч үгүй үлдчихсэн. Нөгөө хоёр нь Солонгос. За ингээд яах вэ гэж бодож байтал хоолны газар байгуулах гэсэн юм, танайх энэ чиглэлийн компани биз дээ гээд нэг хүн хүрээд ирлээ. Би чадахгүй мөртлөө “Тийм ээ. Би хийж чадна” гээд хэлээд захиалга авчихсан. Манай нөгөө хоёр Монголд дизайнераар төгссөн хүн гээд намайг хэлчихсэн. Ямар ч байсан зургийг нь гаргаад хийгээд өгсөн чинь санаанд нь нийцсэн. Тэрнээс хойш нэлээн олон хоолны газрын интерьерийн ажлыг гүйцэтгэсэн шүү. Монголд ирээд хүртэл зүгээр явахгүй энэ баганыг нь ингээд, тэр хананд нь ийм өөрчлөлт хийгээд, ингэж гэрэл суурилуулаад гээд бүр хобби болчихсон.

Кино хийхээр Солонгост очсон уран бүтээлчдэд та нэлээн сэтгэл гаргаж тусалж, зарим асуудлыг нь зохицуулж өгдөг байсан гэж ярихыг хэд хэдэн хүнээс сонсч байсан?

-Тэгэлгүй яахав. Урлагийн­хантайгаа холбоо, харилцаатай байсан. Найруу­лагч, жүжигчин О.Бат-Өлзий “Чиний эзгүйд” киноныхоо зураг авалтаар Солонгост очиход эхнэр бид хоёр бага­хан хэсэгт тоглосон. Мөн “Өдөр өдрийн нар” олон ангит киноны­­хон очсон. Ер нь Монголоос мэргэжил нэгт нөхдөө очиход эхнэр бид хоёр банштай цай чанаад халуун саванд хийгээд л хаана зурганд гарч байна тэнд нь яваад л очино. Их гоё халуун уулзалт болдог байлаа.

Одоо юу хийж байна. Эргээд кино урлагтаа иржээ?

-Эхнэр “Сити” дээд сургуульд багшилж байгаа. Би интерьерийн ажил хаа нэг хийнэ. Ерөнхийдөө ирсэн жилээ ажиглах маягтай байлаа. Яаж, юу хийж амьдар­­вал боломжтой вэ гэж. Киноны тухайд өнгөрсөн хав­раас ганц нэг дүр бүтээлээ. Найруулагч Б.Чингүүний “Учрал” кинонд аавын дүр, Боловсрол телевизийн бүтээл “Хөгжилтэй гэр бүл” олон ангит кинонд туслах дүр, О.Бат-Өлзийгийн “Маш нууц” киноны хорих ангийн даргын дүрийг бүтээгээд байна. Одоо “ТВ5” телевизийн бүтээж буй хоёр хурандаагийн амьдралыг харуулсан олон ангит киноны гол дүрд тоглож байна. Зураг авалт явагдаж байна.

Олон жилийн дараа эргээд энэ салбарт ирэхэд ямар мэдрэмж төрж байна вэ?

-Дахиад төрсөн юм шиг л мэдрэмж төрж байна. Өмнө нь би натурт гарахад томчуудад сандлыг нь зөөж, цай хоолыг дөхүүлдэг байлаа. Тэгсэн яг эсрэгээрээ эргэчихэж. Өөрөө цай зөөлгөдөг болж (инээв). Дүрийн хуваарилалт хүртэл шижигнэсэн сайхан залуугийн дүрд тоглодог байсан бол огцом уналт хийж золтой л өвөөгийн дүрд буучихсангүй. Арай гэж л нэг согтуу аавын дүрд буулаа. Ямар сайндаа зарим кино албаны ганц нэг менежер “Та удахгүй “од” болно. Зүтгээд байгаарай” гэдэг. Би ч цаашлуулаад “Ах нь “од” болно гээд их хичээж байгаа шүү” гэнэ. Хуучны зарим нэг жүжигчин нүд ирмээд л. Хөгжилтэй юм их тохиолдож байна (инээв).

Урлагт таны орон зай хэр үгүйлэгдэж вэ?

-Би өөрийгөө тас мартагд­сан гэж бодож байсан. Гэтэл Готов, Аюушийн дүрээр минь намайг хүмүүс санагалзаж байсан нь мэдрэгдсэн. Яахав танихгүй нь мэдээж танихгүй. Тэр үедээ би жүжигчин хүний мэдэрч чадаагүй зүйлийг мэдрээгүй өнгөрсөн байсан.

Юуг тэр вэ?

-Базаррагчаа гэдэг хувь хүнээс илүүтэйгээр бүтээсэн дүр минь нийтэд хүрч, дүрээрээ ард түмэнд хайрлагдаж явдаг юм байна. Тэрнээс Базаррагчаа хэн байх нь чухал биш.

Энэ олон жил хүний нутагт хар ажил хийхийн оронд урлагтаа зүтгэсэн бол гэсэн харамсал төрдөг үү?

-Ирээд бодогдсон. Гэхдээ би харамсах дургүй. Ер нь хүмүүс гавьяа шагнал талаас нь илүүд харж чи байсан бол өдийд гавьяат болчихсон байхгүй юу гээд ярьж байна. Би гавьяат болох гэж жүжигчин болоогүй. Хүний хорвоо мөнх биш шүү дээ. Хожим үр хүүхэд, нутаг усныхан маань намайг ийм дүр бүтээсэн гээд ярьж байх надад юунаас ч илүү сайхан санагддаг. Тийм л дурсамж үлдээхийг хүсч байна. Тиймээс би өнгөрөөсөн цаг хором бүрээ нөхөж олон сайхан дүр бүтээхийн төлөө эрч хүчээр дүүрэн ажиллах болно.

-“Түмэн эх” чуулгын дуучин Батжаргал гээд дүү тань усанд үйж амиа алдсан гэдэг?

-Би дүүгийнхээ тухай бодох, дурсах бүртээ их эмзэглэдэг. Дүү минь миний сэтгэлд том хэрнээ хоосон орон зайг үлдээгээд одсон. Дүү маань дуучдынхаа дунд өсч өндийж яваад яг эрин үедээ золгүй явдлаар хорвоогийн мөнх бусыг үзсэн нь үнэхээр харамсмаар. Би тухайн үед ирж чадаагүй.

Тухайн үед яг юу болсон юм бол оо?

-Миний дүү чуулгынхан­тай­гаа тоглолтоор Эрдэнэт орчихоод буцах замдаа Орхоны гүүрний ойролцоо саатсан юм билээ. Их халуун байсан гэсэн. Сэрүүцэх гээд голд ороод үйчихсэн гэсэн. Хэрвээ өнөөдөр байсан бол…(хоолой нь зангирч яриагаа өндөрлөв).

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *