Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өршөөгдсөн иргэдээ хүлээн авахад бэлэн үү

Өршөөл үзүүлэх тухай хуулийн Ерөнхийлөгч хориг тавьснаас бусад заалт хэрэгжиж байгаа. Тодруулбал, шоронд ял эдэлж байгаа хүмүүсээс бусад захиргааны хариуцлага, шийтгэлтэй байсан хүмүүс өршөөгдөж байна. Өршөөл үзүүлэх тухай хуульд нийтдээ 100 гаруй мянган хүн хамрагдана гэсэн тооцоо бий. Хорихоос өөр төрлийн ялтай байсан 1200 хүн өршөөгдлөө. Баривчлах шийтгэлтэй байсан хүмүүс суллагдлаа. Захиргааны шийтгэл хүлээсэн 82 мянган хүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээлээ. Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын комисс өнгөрсөн хугацаанд ийм ажил зохион байгуулжээ. Одоо тэд шоронгоос суллагдах иргэдээ хүлээн авах бэлтгэл хийж байна. Аймаг бүр өршөөгдсөн иргэдээ гэр бүлийнхэнтэй нь уулзуулах, ажил төрөлтэй болгох, нийгэмшүүлэхээр бэлтгэж байгаа аж. Эхний ээлжинд орон нутгийн хорих ангиас суллагдсан иргэдийг тэндхийн цагдаа нь хүлээж авах юм байна. Дараа нь тухайн аймгийн иргэн бол гэр бүлийнхэнд нь хүлээлгэж өгнө. Өөр аймгийнх бол нийслэлд хүргэж ирээд бусад хорих ангиудаас ирсэн нутгийнхантай нь хамт аймаг руу нь явуулах аж. Аймгийн төвөөс сумын удирдлагууд, хуулийнхан тосч аваад сум, багт нь хүргэнэ. Орон нутагт мянга гаруй ялтан өршөөгдөж, суллагдах судалгаа бий. Тэднийг хүлээн авах бэлтгэл хийгдэж байгаа. Харин нийслэлийн хувьд таг чиг. Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжүүлэх ажлын комиссын гишүүн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, хурандаа Г.Туулхүү манай сонинд ярилцлага өгөхдөө “Нийслэлд 800-900 ялтан өршөөлөөр суллагдана. Тэднийг аль аль дүүрэгт хүлээж авч, нийгмийн асуудлыг нь хэрхэн шийдэх, ажлын байраар яаж хангах вэ гэдэг асуудал дээр Нийслэлийн Засаг даргын нийгмийн асуудал хариуцсан орлогч хууль хэрэгжүүлэх комисст орж ажиллах ёстой.

Гэтэл тэр хүн би ялаас хүн чөлөөлөхгүй гээд татгалзчихсан. Тиймээс нийслэлд суллагдаж ирэх хүмүүсийг хүлээж авахад Нийслэлийн Засаг даргын тамгын газар хэрхэн бэлтгэж байгааг мэдэхгүй байна” гэсэн. Тодруулбал, өршөөгдсөн иргэдээ нийслэлд хүлээж авах бэлтгэл хийгдэхгүй байна. Шалтгаан нь Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл улстөржсөн мэдэгдэл хийгээд Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх комисст орж ажиллахаас татгалзсан. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сарын 14-нд гаргасан мэдэгдэлдээ “Миний бие Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажилд оролцоход бэлэн байсан бөгөөд анх удаа хэрэг үйлдсэн болон энэрэнгүй ёсны үүднээс өршөөгдөх ёстой хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настан, хөдөлмөрийн чадвараа алдсан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, аж ахуйн үйл ажиллагаа явуулж байхдаа төрийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтны хариуцлагагүй үйлдэл ба эс үйлдэл, хуулийн тодорхойгүй байдлаас болж гэмт хэрэгт сэрдэгдэн шалгагдаж байгаа бизнес эрхлэгчдийг өршөөх нь зүйтэй гэдэгтэй санал нэг байна. Харин энэ ажлыг далимдуулж албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хүмүүст өршөөл үзүүлэх ёсгүй гэж үзэж байгаа учир ажлын хэсэгт орж ажиллахаас татгалзаж байна” гэсэн. Мөн “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Авлигатай тэмцэх бие даасан байгууллага байгуулах мөрийн хөтөлбөртэйгөөр сонгуульд оролцож байсан, АТГ-ын Олон нийтийн зөвлөлд ажиллаж байсан учраас авлигатай тэмцэх итгэл үнэмшилтэй минь энэ хуулийн зүйл заалт зөрчиж байна” гэж ярьсан билээ. Улс төрийн албан тушаалтан учраас үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй гэдгээ бас тодотгосон. Монгол Улсад хуулийг зөвхөн УИХ баталдаг. Төрийн байгууллага хууль хэрэгжүүлж, ард түмэнд үйлчлэх л үүрэгтэй. Гэтэл Нийслэлийн Засаг даргын орлогч хууль хэрэгжүүлэхгүй, ард түмэндээ үйлчлэхгүй гэж мэдэгдсэн. Иргэндээ үйлчлэхгүй, “Энэ хууль чинь надад таалагдахгүй байна” гэж хэлдэг албан тушаалтан өөр юу хийх гэсэн юм бэ. Улаанбаатар хотын Засаг даргын тамгын газраас үе үе сонин мэдэгдэл хийдэг. Орлогчид нь цалингүй ажиллана гэж мэдэгдэж байсан. Цалингүй орлогчдын нэг нь Ц.Энхцэнгэл байх. Гэтэл энэ хүн одоо “Би хууль хэрэгжүүлэхгүй. Иргэндээ үйлчлэхгүй” гэж мэдэгдлээ. Ц.Энхцэнгэл орлогчийн итгэл үнэмшил, улс төрийн бодлогоос болоод Улаанбаатар хотод суллагдаж ирэх хүмүүсийг ямар ч зохион байгуулалтгүй тосох нь. Тиймээс ажлаа хийхгүй гэсэн, хууль хэрэгжүүлэхээс татгалзсан хүнээ сольж, иргэндээ үйлчилдэг албан тушаалтныг томилох хэрэгтэй. Эсвэл энэ хүнийг Өршөөлийн хууль хэрэгжүүлэх ажлын комисст яаралтай орж иргэндээ үйлчил гэж даалгамаар байна.

“Өршөөлөөр олон хоригдол суллагдах нь, аймшигтай юм, гарч ирээд бүгдээрээ гэмт хэрэг хийвэл яана гэж их, багагүй сүржигнэцгээх аж. Өршөөлийн хуулиар суллагдах 1700 гаруй хүн өмнө нь бидний л дунд ажиллаж, амьдарч байсан. Юунаас нь айх билээ. Монголчууд бид цөөхүүлээ. Суллагдах 1700 хүн бидний ах дүү, амраг садан, үр хүүхэд. Ээж нь хүүгээ ороод ирнэ гэж хичнээн хоног нойргүй хүлээж байгаа бол. Дүү нь ахыгаа хүлээж хэрхэн догдолж байгаа билээ. Хүү нь ээжийгээ тосч үнсүүлнэ гээд тэсч ядан байгаа. Хүүгээ, ханиа, дүүгээ, хамаатнаа хүлээж авах гээд дор бүрнээ бэлтгэл хийж байгаа. Өршөөлд хамрагдаад хурдхан эрх чөлөөтэй болж хүн шиг амьдрах юмсан гэж хоригдож байгаа тэр хүмүүс хүсч байгаа нь дамжиггүй. Төрийн байгууллагууд ч суллагдах иргэндээ үйлчилгээ үзүүлэх бэлтгэлээ хийх нь зөв.

Өршөөлийн хууль гарсны дараа эрүүгийн нөхцөл байдал хүндэрнэ гэдэг домог. Ингэж тааж, зөгнөж ярихын оронд алдсан нэгнээ дэмжих хэрэгтэй. Г.Туулхүү хурандаа “Өршөөгдсөн хүмүүсийн 7-8 хувь нь дахин гэмт хэрэг үйлдсэн судалгаа байдаг” гэж ярьсан. Тэд өршөөгдөөгүй байсан ч ялын хугацаа нь дуусахаар бидний дунд гарч ирдэг. Тэгэхээр суллагдсан цөөн хүн дахин гэмт хэрэг үйлдсэнд Өршөөлийн хууль буруугүй гэсэн үг. Бид яагаад зөвийг буруу, бурууг зөв гэж хардаг, ярьдаг, бие биеэ өршөөж чадахгүй хатуу сэтгэлтэй болчихсон юм бэ. Төрийн өршөөл бүх л үед төрийн хишиг байсан. Дэлхий дээр ч төр нь иргэнээ өршөөдөг жишээ олон л байна. Гэтэл нийгмээрээ дургүйцээд, эсэргүүцээд байх юм. Зуун мянган хүн өршөөгдөж, 1700 хүн суллагдаж эрх чөлөөтэй болоход юу нь муухай гэж. Баярлах байтал нийгмээрээ Өршөөлийн хуулийн эсрэг тэмцэл явууллаа. Үүний тод жишээ нь, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлийн улстөржсөн мэдэгдэл. Зөв нь буруудаж, зөөлөн нь хатуудсан хорвоо гэж ярьдаг. Дайсагнасан, өширхсөн, энэрэлгүй сэтгэлтнээр Монгол маань дүүрчихээгүй байлтай. Өршөөлийн хуулийг эсэргүүцэхийн оронд өршөөгдсөн иргэнээ хүлээж авах бэлтгэлээ сайн хангамаар байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *