МЗЭ-ийн
болон “Алтан-Өд” шагналт, зохиолч Магваны Эрдэнэбаттай ярилцлаа.
-Таныг Эрдэнэтийнхний
тухай олон ангит киноны ажилтай байна гэж сонссон. Яагаад больчихов оо?
-Би больсон юм биш.
Хоёр сарынхаа ажил, амьдралыг зориулаад зохиолоо биччихээд байтал Орхон аймгийн
Засаг даргын орлогч Д.Энхбат гэнэт л “болилоо” гэх албан бус мэдээг утсаар дуулгалаа.
Үнэндээ ийм жижиг асуудал ярих гэж байгаадаа харамсч байгаа ч хэлж ярихаас аргагүйд
хүргэж байна. Нөгөө талаар энэ тухай ярихгүй бол уран бүтээлчдэд “нохой” шиг ханддаг
үзэгдэл газар авах нь. Хүнийг урьж аваачиж, хэдэн сарын хөдөлмөрөө зарцуулсны дараа
ямар ч шалтгаангүй “болилоо” гэж болохгүй. Юу болсон бэ гэхээр, өнгөрсөн долдугаар
сарын сүүлчээр Эрдэнэтийн удирдлагууд холбогдож Эрдэнэт хотын 40 жилийн ойг тохиолдуулан
олон ангит кино хийх санал тавилаа. Яваад очтол ерөнхий продюссер Орхон аймгийн
орлогч дарга Д.Энхбат, продюссер Драмын театрын
жүжигчин О.Гэрэлсүх, найруулагч Баярмагнай, найруулагч Ганзориг зураач Батбилэг
нар кино зохиол бичих санал тавьж, хамтран ажиллахыг хүссэн. Ингээд хамтран ажиллахаар
болж, би судалгааныхаа ажилд орсон. Нэг авдар бичиг цаастай танилцаж, судаллаа.
40 жилийн түүх саяхных юм. Эрдэнэтийн түүх өөрөө “Эрдэнэт” үйлдвэрийн түүх. Эргээд
үйлдвэрийн түүх, хотынхоо түүх болж байгаа юм. Анхдагчид нь ануухан хөгшчүүд байна.
Тэдэнтэй бүгдтэй нь уулзаж, зохиолоо эхлүүллээ.
-Продюсеруудад
таны зохиол таалагдсан уу?
-Судалгаагаа хийгээд зохиолынхоо ерөнхий агуулгыг танилцуулахад продюсерууд
“Болж байна” гэсэн учраас л үргэлжлүүлээд бичсэн. Би бүтэн сар судалгааны ажил хийсэн.
Геологи талаас нь хүртэл судалсан. Илгээлтийн олон эзэдтэй уулзаж, ярилцсан. Одоо
би Эрдэнэтийнхнээс ичиж байна. Судалгаа хийж байхдаа уулзсан хүмүүс юу гэж ойлгох
бол. Уран бүтээлч хүнд уншигч, үзэгчдээ алдана гэдэг бол маш их хортой. Кино, жүжгийн
уран бүтээл хийхэд асар том баг ордог. Би олон уран бүтээл дээр ажилласан. Ингэж
худалч нэр зүүж, эвгүй байдалд орж байсан удаагүй. Гэтэл нэг нөхрийн ёс зүйгүй байдал,
туйлбаргүй зангаас болж уран бүтээлч ийм эвгүй байдалд орж, хохирчихоод байна.
-Анх ажлаа эхлэхэд
гэрээ байгуулаагүй юу?
-Утсаар ярьж дуудсаны
дагуу Эрдэнэтэд очоод дээр дурдсан дөрвөн хүнтэй “Сэлэнгэ” амралтад очиж ажлаа ярьсан.
Тэгэхэд Д.Энхбат дарга нэг гэрээ үзүүлсэн. Тэр нь шаардлага хангахгүй гэрээ байсан.
Тийм учраас дараа гэрээгээ байгуулъя гээд хойшлуулчихсан нь миний алдаа болж. Тэр
хүний ард бүхэл бүтэн аймаг, “Эрдэнэт” үйлдвэр байгаа учраас би итгэчихсэн хэрэг.
Очих бүрт амралт, сувилалд хүлээж аваад аймгийн удирдлагуудын түвшинд ярилцаж байсан
учраас үнэхээр хар төрөөгүй.
-Ерөнхий продюсер
тантай хамтарч ажиллахгүй гэдгээ утсаар л хэлсэн юм уу. Шалтгаан нь юу бол?
-Д.Энхбат утсаар ярихдаа “Би багаа солихоор болсон” л гэсэн. Учрыг нь асуухад
“Та нар надтай хот руу яваагүй” гэж тайлбарласан. ИТХ-д уран бүтээлээ танилцуулаад,
батлагдлаа гэж сонссоны дараа багаараа оройн хоол идсэн юм. Д.Энхбат дарга тэнд
ирээгүй. Тэрнээс л болсон бололтой. Уран бүтээлчид ажлаа бүтээсний дараа баярлаад
хамтдаа хоол унданд ордог. Үүний төлөө “Ажлаа алдлаа” гэж утсаар загначихаад өөрөө
таг болчихсон. Наймдугаар сарын 26-нд Орхон аймгийн ИТХ-ын хуралд “Заяа тавилангийн
харгуй” олон ангит киноныхоо зохиолыг танилцуулаад л гарсан. Хэсэг хугацааны дараа
батлагдлаа гэсэн. Ингээд л багаараа хоол идэж, багахан хэмжээнд баяраа тэмдэглэсэн.
Түүнээс өмнө би Эрдэнэтэд хоёр сар болохдоо архи дарс хэрэглээгүй. Ах дүүгийндээ
ч очоогүй. Найруулагч Баярмагнай, зураач Батбилэг хоёртой л уулздаг байлаа. Хүмүүс
амралт зугаалгаар явж байхад би наймдугаар сарын туршид Эрдэнэтэд зохиолоо бичсэн.
Ийм их хөдөлмөрийн ард ямар ч үнэлгээгүй, мэдээлэлгүй хаягдчихаар “Би хэн юм бэ”
гэдэг асуудал гардаг юм байна. Тэд эхлээд намайг урьж аваачсан. Ажиллуулсан. Дараа
нь гэнэт шалтгаангүй хаячихаж байгааг ойлгохгүй байна.
-Таны бодлоор аймгийн
орлогч даргад чухам юу нь таалагдахаа болиод хэлсэн ярьснаасаа буцсан юм бол?
-Мэдэхгүй юм. Уулзаад
шалтгаанаа хэлчихдэг бол ойлгохсон. Гэтэл зугтаад уулзахгүй. Сураг сонсоход өөр
баг авч байгаа гэсэн. Уран бүтээлчдийн хөдөлмөрийг ингэж хог шиг үзэж болмооргүй
санагдах юм. Улстөрч хүнд ёс суртахуун, хэлсэн ярьсандаа байх зарчим байдаг байх.
Хүнийг урьж дуудаж, хэдэн сар ажиллуулчихаад утсаар “болилоо” гэж хэлчихээд зугтчихаж
байгааг нь ойлгохгүй юм.
-Таны ард хичнээн
уран бүтээлч хохирчихоод байна вэ?
-Баярмагнай, Ганзориг
хоёр найруулагч байна. Бусадтай нь яаж харьцаж байгааг мэдэхгүй юм. Зохиолынхоо
эхний хувилбар дээр тохироод дүрүүд дээр зураач ажлаад эхэлчихсэн байсан. Гэтэл
хоёр сарын минь хөдөлмөр ямар ч хэрэггүй болчихлоо. Би гараараа зохиолоо бичдэг.
200 гаруй хуудас зохиолын минь эх бий. Тэр миний оюуны өмч.
-Өөр уран бүтээлч
сонгосон гэлээ. Гэтэл таны зохиолтой Эрдэнэтийн удирдлагууд бүгд танилцчихсан.
ИТХ-аараа баталчихсан. Дараагийн зохиол дээр таны бичсэн дүр гараад ирвэл яах билээ?
-Миний зохиол Эрдэнэтийн
бүх дарга, Эрдэнэт үйлдвэрийн дарга нарын ширээн дээр байгаа. Яагаад гэвэл Эрдэнэбатаас
мянган сайн зохиолч байж болно. Гэхдээ уран бүтээл нь яг Эрдэнэбатынх шиг байж чадахгүй.
Уран бүтээл давтагддаггүйн учир энэ. Хэрвээ миний нэг дүр давтагдвал би шүүхэд хандана.
Энэ тухайгаа Д.Энхбат даргад мессеж бичиж хэлсэн.
-Кинонд зарцуулах
төсвөө шийдчихсэн байсан юм уу?
-Орхон аймгийн ИТХ-аар
кино хийхэд аймгийн төсвөөс гарах мөнгийг нь хэлэлцсэн. Нарийн мэдээллийг продюсерууд
мэдэх биз. 400-500 сая төгрөгийн төсөвтэй л гэж сонссогдсон.
-Өнгөрсөн хугацаанд
таны хувьд цаг заваас гадна багагүй зардал гарсан биз?
-Улаанбаатар Эрдэнэтийн
хооронд явсан зардал гэж зөндөө. Эрдэнэтийн удирдлагууд байраар л хангаж байсан.
Хоол ундаа өөрөө авч байлаа. Гэрээсээ хол дөрвөн хананы дунд ганцаараа хоёр сар
болсон. Кинон дээрх 31 дүр бүгд бодитой. Тэр бүх дүртэйгээ уулзаж, судалгаа хийсэн.
Яагаад гэвэл кинон дээр нэг л худлаа дүр гарвал үзэгч сувгаа солих учраас маш их
хариуцлагатай ажилласан. Гэтэл уран бүтээлчдийг гөлөг дуудаж байгаа аятай үмх мах
үзүүлж дуудчихаад, ирэхээр нь өшиглөөд хөөж байгаа мэт хандаж болохгүй л дээ. Би
энэ асуудлыг ингээд орхихгүй. Заавал учрыг нь олж байж сална.
Ц.ӨРНӨХ