Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сайд дарга нарын томилгоог харахаар хүүхдээ сайн сур гэж хэлэх нүүргүй болчих юм

Үндсэн хуульд хүнийг яс үндэс, шашин шүтлэг, боловсрол мэдлэгээр нь ялгаварлан гадуурхахыг хориглоно гэж заасан байдаг. Тийм учраас өндөр боловсролтой хүн сайд болно уу, боловсролгүй нь ч сайд болно уу ямар ч хамаа байхгүй асуудал. Төр засагт улс төрийн томилгоо байдаг байлгүй дээ. Гэхдээ үүнээс болоод боловсрол мэдлэг үнэгүйдэж байгаад сэтгэл дундуур байх боллоо. Сүүлийн үед хийгдэж байгаа улс төрийн томилгоонуудыг харж байхад мэдлэг боловсрол ямар ч хамаагүй болжээ. Тэр хүн өмнө нь хаана сургууль төгссөн, мэдлэг боловсролын түвшингийн хувьд нийгмийн аль хэсэгт хамаарах нь хэнд ч хамаагүй болсон байна. Зөвхөн даргын цүнхийг хэдэн жил барьж гүйсэн, мөрөн дээрх хялгасыг нь гөвж, үнэнч байж, даргынхаа төлөө ус, гал руу гүйгээд ороход бэлэн байсан нь сайдын сэнтийд залрах хүртлээ шагнуулдаг байдал Монголд бий болжээ. Ийм хүмүүс сайд дарга болж байхад бид үр хүүхдээ “Хичээлдээ сайн сур, эрдэм мэдлэгтэй хүн бол. Онц л сурах хэрэгтэй. Боловсролтой хүн сайхан амьдардаг юм” гэж хэлэхэд хэцүү байна. Нэг даргын цүнх барьж гүйж байгаад сайд болдог юм бол бидний ирээдүй болсон үр хүүхдүүд өндөр боловсрол эзэмших хэрэг байна уу. Аравдугаар ангиа алтан медальтай төгсч, Москвагийн их сургууль, Германы их сургууль, Жорж Вашингтоны их сургуульд элсэн сурч, амжилттай төгсөж байсан Ч.Сайханбилэг, Ц.Баярцогт, Сү.Батболд, Ё.Отгонбаяр нарыг сайд байх үед хүүхдүүддээ “Эрдэм мэдлэгтэй хүн бол. Хичээлдээ онц сурч, эрдэм мэдлэгтэй болчих юм бол энэ хүмүүс шиг сайд болдог юм. Өндөр боловсролтой болсныхоо үр шимээр эдгээр хүмүүс сайд болж байгаа юм” гэж ам бардам хэлдэг байлаа. Сайд болж байгаа хүмүүс өндөр боловсролтой гэдгээрээ бусдын үлгэр дуурайл, сайн сайхан бүхний жишээ болдог байв.

Гэтэл өнөөдөр бүх зүйлс эсрэгээрээ болчихжээ. Хүүхдэдээ “Миний хүүхэд улс эх орноо сайн сайхан явуулах хүсэл мөрөөдөл байгаа бол тэр хүн шиг өндөр боловсролтой бол” гээд жишээ болгоод хэлчих хүн олдохгүй байна. Одоо сайд дарга болж байгаа хүнээр жишээ авах юм бол хүүхдүүд өөдөөс “Тэр хүн чинь тэгж ярих юм бол тэр даргын цүнхийг олон жил барьж яваад сайд болсон гээ биз дээ” гээд нүүр хийх газаргүй болгож, эвгүй байдалд оруулж мэднэ. Магадгүй өнөөдрийн сайд болж байгаа хүмүүсийн яаж яваад өндөр албан тушаалд хүрсэн намтар түүхийг сонссон хүүхдүүд сургуульд олон жил сурч, боловсролтой болох гэж шөнөжин хичээлээ давтаж байхын оронд хүний нүдэнд боловсролтой хүн шиг харагдаж, ганган хувцас өмсчихөөд төв царай гарган хэн нэгэн улс төрийн ирээдүйтэй даргад үнэн сэтгэлээсээ долигонож, цүнхийг нь олигтойхон бариад сурчих юм бол багаар бодоход агентлагийн дарга цаашлаад салбарын сайд болчих юм байна гэх буруу бодлын сэжүүрийг тавьж байна. Үүнээс болоод Монголд боловсрол үнэгүйдэж байна. Энэ бол гажиг тогтолцоо. Ийм зүйл байж болохгүй. Хүүхдээ онц сур гэж ч хэлэхээс ичмээр томилгоонууд мэр сэр байна.

Э.Баатар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *