УИХ-ын
Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг өнөөдөр 11.00 цагт хуралдахаар байсан
хэдий ч ирц бүрдсэнгүй. Байнгын хороо хуралдсан бол Өршөөлийн хуульд оруулах
нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэх байв. МАН-ын бүлгээс Ц.Нямдорж гишүүн ирсэн
байсан бол бусад гишүүдээ хуралд суухыг сануулсан байна. Харин УИХ-ын гишүүн
О.Баасанхүү орж ирээд ажил ихтэй байхад Байнгын хорооны хуралдааныг гэнэт
зарлалаа ундууцав. Түүний хэлсэн үгийг Ц.Нямдорж гишүүн өлгөн авч Байнгын
хорооны хурлыг цаг тулган зарласан хүн нь хэн бэ хэмээн байцааж эхлэв.
З.Баянсэлэнгэ гишүүн “Өнөөдөр ээлжит бус чуулган хаахыг мэдсээр байж, гишүүд
ирэх хэрэгтэй шүү дээ. Хууль зүйн байнгын хорооны хурал болох нь тодорхой
байсан” гэлээ. Р.Гончигдорж гишүүн “Арав хоногийн дотор хуулийн төслийг багтааж
хэлэлцэхгүй бол хуулийн хугацаа өнгөрнө” гэж байлаа. Үүнд нь Ц.Нямдорж гишүүн
“Зальдах гээд л, арав хоногт багтааж хэлэлцэхгүй бол хоригтой холбоотой хуулийн
төслийг хэлэлцэхгүй гэдэг хуулийн заалт байхгүй. Р.Гончигдоржоо” хэмээн хариу
барив. Д.Лүндээжанцан гишүүн “Ирцээ бүрдэхээр дуудчих” хэмээн хурлын танхимыг
орхин гарлаа. Хуралдаанд оролцохоор дээрх гишүүдээс гадна УИХ-ын гишүүн
Х.Тэмүүжин, Ш.Түвдэндорж, Ц.Оюунбаатар, Ж.Батзандан нар ирсэн байсан ч бас л
бусдынхаа нэгэн адил танхимыг орхиж явлаа.