Categories
мэдээ нийгэм

Ш.Ичинхорлоо: “Миний тайланд Л.Гансүх Багануур компанид хохирол учруулсан гэсэн үг үсэг байхгүй”

Л.Гансүх нарт холбогдох хэргийн шүүх хурал гэрчүүдийн мэдүүлгээр үргэлжилж байна. Яг одоо Үндэсний аудитын газрын байцаагчаар ажиллаж байхдаа Багануур компани 3.6 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн гэж дүгнэлт гаргасан Ш.Ичинхорлоо мэдүүлэг өгч байна. Тэрээр “Уг хөтөлбөрийн гүйцэтгэгчээр ажилласан “MGLSBD”, “MGLSB” болон бэлтгэн нийлүүлэгч Багануур компанийн хооронд байгуулсан нүүрс худалдах, худалдан авах гэрээн дээр худалдан авч буй барааны хорогдол, жингийн зөрүү гарсан тохиолдолд хэрхэн шийдвэрлэх ямар арга хэмжээ авах талаар тусгаагүй. Гэрээнд худалдан авагч нь вагоноос буусан нүүрсийг шуудайлсны дараах жигнэсэн жингээр тооцоо хийнэ гэж зөвхөн нэг талын эрх ашгийг хангасан заалтыг оруулж өгсөн. Үүнд Багануур болон MGLSBD, MGLSB компани бүгд буруутай” гэсэн юм. Өмгөөлөгч “Нүүрс борлуулсан болон худалдан авсан хоёр тал хоёулаа буруутай гээд байхад яагаад зөвхөн “MGLSBD” компаниар хохирлыг төлүүлэх ёстой гэж дүгнэсэн юм бэ” гэхэд “Үүнийг хууль хяналтын байгууллага шийдвэрлэх биз” гэсэн юм. Мөн тэрээр “Би тайландаа “MGLSBD” болон “MGLSB” компанийг шалгасан тухайгаа тусгасан. Түүнээс биш Л.Гансүх гэсэн нэр нэг ч дурдагдаагүй. Өөрөөр хэлбэл миний тайланд Л.Гансүх гэдэг хүн Багануур компанид хохирол учруулсан гэсэн үг үсэг байхгүй” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *