Categories
мэдээ спорт

Чөлөөтийн тамирчдыг ОРОН СУУЦ, ЦЭВЭР АЛТААР шагналаа

Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, түүхэн амжилт үзүүлсэн эрэгтэй, эмэгтэй шигшээ багийнханд өнөөдөр шагналын хур буулаа. Тодруулбал, Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөлийн шийдвэрээр 63 кг жинд алтан медаль хүртэж, дэлхийн хошой аварга болсон С.Батцэцэгт 1 кг цэвэр алт, мөнгөн медаль авсан бусад гурван тамирчинд 500гр алт, 57 кг жинд хүрэл медаль хүртсэн Э.Бэхбаярт 300гр алт өгч урамшууллаа.

-ДАСГАЛЖУУЛАГЧДЫГ 2000 АМ ДОЛЛАРААР ШАГНАВ-

Түүнчлэн эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч тус бүрийг 2000 ам.доллараар шагнаж, эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч О.Пүрэвбаатарыг МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар 10 сая төгрөгөөр шагнаж урамшуулжээ.

alt

-МЕДАЛЬ АВСАН ТАМИРЧДЫГ БАЙРААР ШАГНАВ-

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн дараах тамирчдыг орон сууцаар шагналаа. 57 кг-ын жинд хүч үзэж хүрэл медаль хүртсэн Эрдэнэбатын Бэхбаярт Алтайн констракшин ХХК, 61 кг-д барилдаж мөнгөн медаль хүртсэн Батболдын Номинд Гацуурт ХХК-аас хоёр өрөө байр, 74 кг-д хүч үзэж мөнгөн медаль хүртсэн Пүрэвжавын Өнөрбатад Хасу Мегаватт ХХК-аас хоёр өрөө байр, ДАШТ-ий хошой алтан медальт С.Батцэцэгт Үндэсний Хөрөнгө оруулалтын банкнаас гурван өрөө байраар шагнаж урамшуулав.

Мөн МЧБХ-ны Ерөнхийлөгч Д.Дагвадорж медаль хүртсэн бүх тамирчиддаа мөнгөн аяга бүхий цагаан идээнд алтан гулдмай хийн, барьж хүндэтгэл илрэхийлжээ. Ийнхүү дотооддоо нилээд зөрчилтэй байсан Монголын чөлөөт бөхийн холбооныхон түүхэн амжилт гаргасан тамирчдынхаа хүчээр эв түнжингээ олох бололтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *